Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд, татвар төлөгчдийг хяналтын ажилд оролцуулах нь хамгийн зөв шийдэл юм"

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гааль, татварын мэдээллийн төвөөс “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хоёр хэсэгтэй уг хэлэлцүүлгийн үеэр 

  • Эдийн засаг дахь татварын тогтолцоо түүний сорилт, бэрхшээл, уялдаа холбоо, 
  • Татварын системийн шинэчлэл, 
  • Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэх механизмд инноваци нэвтрүүлэх 
  • Санхүүгийн салбар дахь мэдээлэл технологийн хөгжил, 
  • Олон улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан программ хангамжийг өөрийн улсын онцлогт тохируулан хөгжүүлэх, 
  • Төрийн институцийн тусламжтай далд эдийн засгийг бууруулах технологи инновацийн хөгжлийг дэмжих, иргэдэд илүү хялбар шийдлийг санал болгох талаар ярилцсан юм.

Хэлэлцүүлэгийн эхэнд УИХ-ын гишүүн /Сангийн сайд асан/ Ч.Улаан Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх үндэслэл, шалтгааны талаар мэдээлэл өглөө.

"2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлаар НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн баталснаар НӨАТ-ыг бүрэн гүйцэд ногдуулах, хураах хууль эрхзүйн орчин үүсч НӨАТ төлөгч хувь хүмүүс нь худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтуудаа бүртгэлжүүлэн тухайн төрлийн төлсөн татвараасаа тодорхой хэмжээгээр урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжийг бий болгосон.

Улмаар дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд 2014 оноос ижил төстэй татварын системийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудыг судалж эхэлсэн. 

Монгол Улсын эдийн засгийн орчинд тохирсон, иргэдийн оролцоог ашиглан бүх төрлийн худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтуудыг цахим хэлбэрээр бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхэд ямар үе шаттай, хэрхэн зохион байгуулах нь онцгой анхаарал татсан асуудал байлаа.

Туршлага судалсан орнуудтай харьцуулахад манайд эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл хангалтгүй, далд эдийн засаг их байсан. Тиймээс эхний ээлжинд мэдээллийн тогтолцоог бий болгохоор болсон. Ингээд иргэд, татвар төлөгчдийг хяналтын ажилд татан оролцуулах нь хамгийн зөв шийдэл юм аа гэдэг дээр санал нэгдсэн. 

Хууль маань гараад, хэрэгжээд таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ бол шинэ хууль. Олон шинэчлэлийг дагуулсан томоохон хууль. Мэдээж хэрэг хууль хэрэгжих эхний шатанд үйл ойлголцох, бүрэн ойлгохгүй байх бэрхшээл тулгарахыг бид төсөөлж байсан. Гэхдээ өнөөдөр эргээд харахад систем маань үр дүнгээ өгөх юм байна гэдэг нь харагдаж байна" хэмээн ярилаа.

Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар НӨАТ-ын урамшууллын системийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж, давуу талуудыг бий болгож байгаа талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

 

Оролцогчдын зүгээс зарлагаа бүртгүүлснээр хувийн мэдээллээ алдах, орлогоосоо давсан зарлага бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх эрсдэл үүсэх эсэхийг тодрууллаа. 

Үүнд ГТМТТ УТҮГ-ын дарга Р.Отгонтулга "Бүртгүүлсэн баримтын мэдээллийг нэгдсэн байдлаар статистик мэдээлэл гаргахад ашиглах бөгөөд тухайлан Доржийн, Батын мэдээллийг задруулахгүй. Одоохондоо үүнийг ГТМТТ УТҮГ дотоод журмаараа зохицуулж байна. Цаашид хуулиар баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. 

"Иргэний нарийвчилсан мэдээллийг хууль хяналтын байгууллагад олгохыг хориглоно, эсвэл тухайн хүний зөвшөөрөлтэйгөөр л олгоно" гэж хуульд зааж өгөх шаардлага байгаа" гэв.

Мөн салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл, багш нар, бизнес эрхлэгчдийн зүгээс НӨАТ-ын урамшууллын системийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар саналуудаа хэлж байлаа.


40 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2014 онд байгуулагдсан НӨАТУС төслийн нэгж 16 сарын хугацаанд багтан НӨАТ-ын урамшууллын системийг зах зээлд гарган, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төсөл доорх үр дүнд хүрээд байна.

Төрд:
  • 2016 оны 1, 2-р сарын улсын төсөвт төвлөрүүлэх НӨАТ-ын ногдол дун өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад дундажаар 2,2 дахин өссөн байна.
     
  • Төр хувийн хэвшлүүд хамтран шинэ төрлийн бүртгэлийн системийг зах зээлд амжилттай байршуулсан
     
  • Ebarimt.mn цахим хуудасны хандалтын тоо нь 2016 оны тавдугаар сарын байдлаар 4,5 саяд хүрч, 415 493 тооны хүн баримтаа бүртгүүлдэг болсноор Facebook, Youtube-н дараа орох Монгол Улсын топ вебсайтаар шалгараад байна. 
     
  • Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу пшнэ системийг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотойгоор дараах 2 стандартыг ГТЕГ, НӨАТУС төслийн нэгж /одоогийн Гааль, татварын мэдээллийн төв УТҮГ/ , Стандартчлал хэмжилзүйн төвтэй хамтран боловсруулан батлуулж 2016 оны 1-р сарын 1-нээс мөрдүүлж эхэлжээ. /Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримт. Ерөнхий шаардлага MNS 6529 - 2015, Татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн техыикийн ерөнхий шаардлагаMNS 5005 - 2015/
Визнес эрхлэгч, ААН байгууллагуудад:

НӨАТ-ын цахим падаан

Цаасан падаанаас цахим падаанд шилжснээр аж ахуй нэгжүүдийн хооронд хийгдэж буй худалдааны процессыг татварын системд тайлагнахад илүү хялбар болж, татварын хяналт шалгалтын дарамт багасах боломж бүрдсэн. Жилд улсын төсвөөс цаасан падаанд 300 орчим сая төгрөг төсөвлөдөг байсныг зогсоосон.

Кассын холболт

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу хууль хэрэгжсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 29,880 худалдааа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэний 37,045 кассын машин холбогдсон байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд бэлэн бус гүйлгээг бүртгэхийн тулд 1995 оноос өнөөдрийг хүртэл холбосон 12,000 ширхэг банкны ПОС-той харьцуулахад гурав хүрэхгүй сарын хугацаанд 37,045 ширхэг кассын ПОС-ыг татварын системд холбоод байгаа нь үнэмлэхүй амжилт юм.

Хувь хүн иргэдэд:

Сугалаа

2016 оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 37,045 баримт хэвлэх цэгээс нийт 61,122,546 сугалаатай баримт хэвлэгдэн нийт 4,4 тэрбум төгрөгийн хонжворын дүнг 112,101 хүи азтан болж сугалааны хонжвороо аваад байна.

Дээрх азтангуудаас 400 сая 1 хүн, 20 сая төгрөг 6 хүи, 4 сая төгрөг 94 хүн, 500 мянган төгрөг 1,063 хүн, 100 мянган төгрөг 10,039 хүн, 20 000 төгрөг 100,898 хүн сугалааны азтан болсон байна.

Фото