Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зоригт: Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа

Б.Ану
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Өглөөний сонин"-ын "Хөшигийн хөндийн нисэх буудлаар тоглосон эрхмүүдэд хариуцлага тооцъё" өгүүлэлд  Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй болсон тухай дурдаж энэ нь олон хүний анхаарлыг татсан сэдэв болоод байна. 

Тэгвэл энэ өгүүлэлтэй холбоотой салбарын сайд болох М.Зоригт дараах тайлбарыг хийлээ. 

"Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн тухайд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатанд 2012 оны тавдугаар сард тодруулга өгч, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж байх үедээ шийдээд явуулсан талаар Зам, тээврийн яамны 2104 оны 3/3312 тоотод дурдсан байна.

Тээвэр, барилга нэг яаманд харьяалагдаж байхад дотроо асуудлыг тодруулж шийдээд явсан учраас энэ том бүтээн байгуулалтын ажил эхэлж, улмаар жил бүр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон холбогдох газруудаас хяналт шалгалт хийж явж байгаа.

Нисэх буудлын барилгын ажлын тусгай зөвшөөрөл, нислэгийн зөвшөөрөл Олон Улсын Агаарын Тээврийн Холбоонд хамаагүй асуудал шүү дээ, хольж хутгаад ташаа мэдээлэл өгсөн байна.  Ажлын гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгч бүрэн хариуцаж, баталгаа гаргана.

Өнөөдрийн байдлаар барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй энэ арваннэгдүгээр сард бүрэн дуусгахаар ажиллаж байна, барилгын талбай дээр ажиллаж байгаа 49 компанийн 35 нь Монголын компани, 2,350 ажилчдын 98 хувь нь Монгол ажилчид байна.

Гүйцэтгэж байгаа, ажиллаж байгаа хүмүүс нь монголчууд, ерөнхий туслан гүйцэтгэгч нь Солонгос компани, тусгай зөвшөөрөлтэй ажил ч бий, зөвшөөрөл шаардахгүй ажил ч байгаа, таарсан тохирсон ажлыг нь энэ олон Монголын компаниудаар гүйцэтгүүлж байгаа нь сайн хэрэг, хэн барьж байгуулснаас үл хамааран ерөнхий гүйцэтгэгч компани л энэ том төслийн барилгын ажлын бүх хариуцлагыг хүлээж, баталгаагаа гаргана" гэжээ.