Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонтулга: НӨАТ-ын урамшууллын төсөл бол кассын машинаас ИЛҮҮ өргөн хүрээтэй ойлголт

ikon.mn
2016 оны 5 сарын 26
Mongolian Economy
Зураг зураг

Гааль татварын мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Р.Отгонтулгатай тус газрын нэвтрүүлсэн шинэ систем болон НӨАТ тойрсон асуудлын талаар тодруулан ярилцлаа. 

- Гааль татварын мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

- Манай байгууллага 2014 онд нэмэгдсэн өртөгийн албар татварын (НӨАТ) төслийн нэгж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед програм хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр Засгийн газрын тогтоолын дагуу Гааль татварын байгууллага, Сангийн яамны дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Энэ оноос эхлэн Гааль татварын мэдээллийн технологийн төв болон өргөжиж гааль, татварын бүх систем, мөн НӨАТ-ын төсөл дээр хэрэгжсэн e-barimt гэсэн томоохон системийг нэвтрүүлж, хосолмол байдлаар хариуцаж ажиллах үүрэг хүлээсэн. Ингэхдээ системийн найдвартай ажиллагааг хангах, инноваци нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ эдгээрийг гааль, татварын байгууллагад үр ашигтайгаар ашиглах гэсэн үндсэн гурван зорилгыг биелүүлнэ.

Гааль, татвар нэгдэж буй гол функционал шалтгаануудын нэг нь өмнө нь зөрдөг байсан гааль, татварын мэдээлэл. Өмнө нь гардаг байсан мэдээллийн зөрүү, алдааг технологийн тусламжтайгаар нэгдсэн систем бүхий өгөгдлийн санд төвлөрүүлж байна. Энгийнээр тайлбарлавал эцсийн хэрэглэгч хүртэлх дамжлагын бүх шатны мэдээллийг нэг системд бүртгэн цуглуулж байна. Энэ дунд татвараас зайлсхийх эсвэл хил гаалиар орж ирж буй бараа, бүтээгдэхүүн ямар ч бүртгэл тооцоогүйгээр Монгол Улсад борлуулагдах боломжгүй болох ийм том давуу тал бий болж байна гэсэн үг. Цаашлаад дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний дамжлага орно. Иргэд e-barimt гэдгийг эцсийн хэрэглэгч гэж түлхүү ойлгож байна.

Гэвч энэ бол байгууллага хоорондын томоохон гүйлгээ. Жишээлбэл, MCS Coca Cola-ийн үйлдвэрээс бөөний худалдаа, тэндээс жижиглэнгийн дэлгүүрт очно. Тийнхүү хэрэглэгчдийн гарт хүрнэ. Энэ дамжлага бүрт баримт үйлдэгдэж байгаа. Энэ мэт байгууллага хоорондын мэдээллүүд болон гааль, татварын мэдээлэлтэй нэгтгэгдэн зохицуулалт ороод ирэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л субьект татварын энэхүү тогтолцоонд оролцож эхэлж байгаа юм.

-  Төслийн хэрэгжилтэд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйл нь юу вэ?

- Оролцогч байгууллагуудын энэхүү харилцаанд хамгийн чухал элемэнт бол системийг таслахгүй үргэлжлүүлэх. Тэгэхээр технологийг маш өндөр түвшинд авч явах шаардлага тулгарч байгаа юм. Манай техник хангамж Үндэсний дата төвд байрладаг бөгөөд биет тоног, төхөөрөмжийг Үндэсний дата төв бүрэн хариуцаж явдаг гэсэн үг. Програм хангамж, алгоритмчлал функциональ модулийг бид хариуцдаг. Иргэдээс ирж буй санал, гомдлыг манай байгууллага шийдвэрлэдэг. 

-  Төслийн хэмжээнд байсан бол одоо төв болж өргөжсөн байна. Энэ хугацаанд ямар бодит ажил хийв. Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-  НӨАТ-ын урамшууллын систем үндсэндээ иргэдийг татварын тогтолцоонд оролцуулах зорилготой. Суутган төлөгч буюу дамжуулах үүрэгтэй аж ахуйн нэгжүүд бий. Баялаг бүтээгчид гэж андуурах нь элбэг. Орлогоосоо татвар төлж байгаа нь үнэн  боловч үндсэндээ дамжуулах үүрэгтэй юм. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх эсвэл бага татвар төлөх сонирхолтой байх тал байдаг.

Харин энэ сонирхлын эсрэг иргэдийн сонирхол өндөр байх ёстой. Энэ нь төлж буй татварынхаа буцаалтыг авах байж болно. Иймээс иргэдийн урамшуулал сугалаанд хамрагдах хүсэл эрмэлзлэлд тулгуурлан системчилсэн загварчлалаар бид баримт хэвлэн НӨАТ-ын урамшууллын систем гэж нэрлээд байгаа юм.

Татварын ногдуулалт, татварын орлогын өсөлт зэргээс системийн бодит үр дүн шууд утгаараа харагдана. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эдгээр үзүүлэлт 40 орчим тэрбум төгрөгөөр өссөн нь төсөл нүдээ олсон шийдэл болох нь харагдаж байна. 

Бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулдаг бол иргэн та долоон хувийн татвар төлдөг болж байгаа юм. 

Иргэдэд мөнгө тарааж байгаа явдлыг шүүмжлэх хэсэг бий. Гэтэл энэ бүхэн тооцоо, судалгаа, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Хуульд хоёр хувийн буцаалт, сугалаа гэж заасан. Сугалаа 22 тэрбумын төсөвтэй буюу нэг хувьд гэж тооцоолсон. Иргэдийг гурван хувиар урамшуулах систем ажиллаж байна гэсэн үг. Бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулдаг бол иргэн та долоон хувийн татвар төлдөг болж байгаа юм.

Тэгэхээр татвар өсөөгүй байхад татварын орлого өсч байна гэдэг нь тухайн аж ахуйн нэгжүүд борлуулалтынхаа тайланг илгээхдээ дутуу эсвэл алдаж явуулдаг байсныг иргэдийн оролцоотой нөхөж буй төсөл юм. 

-  Урамшуулалтай холбоотойгоор асуухад одоогоор хэдэн азтан тодорсон байгаа вэ. Тэд мөнгөө авч чадсан уу. Энэ тооцоолол хаанаас гардаг вэ? 

-   Манай төв дээр. Одоогоор 11 удаагийн тохирол явагдаж 112 мянган азтан тодорсон боловч 27 орчим хувь нь л шагналаа авсан. Үүний шалтгаан бол мэдээж баримтаа тоохгүй, үнэ цэнэтэй гэж үзэхгүй эсвэл бүртгүүлж амжаагүй зэрэг шалтгаантай холбоотой. Гэхдээ иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Өдөрт 200-300 мянган баримт шинээр бүртгэгдэж байна. Аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл хангалттай ирж байгаа.

Таван сарын хугацаанд Монгол Улс даяар ойролцоогоор 63 сая баримт хэвлэгдсэн байна. Энэ нь иргэд сардаа 12-13 сая баримт гар дээрээ авдаг болж таарч буй. Бид цаашид сардаа 40 орчим сая баримт гаргах тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.

Энэ зорилтод хүрэхийн тулд технологийн шинэ давалгаа хэрэгтэй. Учир нь өнөөдөр зах, худалдааны төвүүд, жижиглэнгийн худалдаа, такси, үсчин гэх мэт үйлчилгээнд баримт өгдөггүй. Гэтэл татвараас зайлсхийсэн сүүдрийн эдийн засаг буюу бидний бүртгэж чадахгүй байгаа хэсэг зайлшгүй хамрагдах шаардлага байгаа юм.  Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулах энэхүү зорилгодоо бодлогын дорвитой өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Үүнийг шийдвэр гаргах түвшинд буюу Их хурал дээр илүү сайн хөндөж, механизмаа тодорхойлох нь чухал.

Иргэд сардаа 12-13 сая баримт гар дээрээ авдаг.

Буцаан олголтын хоёр хувийг юунд үндэслэн тогтоосон бэ? Яагаад 3-4 хувь байж болохгүй гэж гэсэн асуудал иргэд тавьдаг. Португалын жишгээр тухайлсан сектор дээрх урамшуулал зарлаж болох. Бид бас суралцах хэрэгтэй. Сугалааны хувьд нийт иргэд дунд явуулах нь зүйтэй.  

Монгол Улсад ямар бүтээгдэхүүн илүү зарагддаг вэ гэдэг судалгаа хүртэл хийж болох томоохон хэмжээний өгөгдлийн сан ажиллаж байна гэсэн үг

-   Технологийн энэ бүх үйл явцын ард ажиллаж буй багийн талаар сонирхуулахгүй юу?

-   Гааль татварын мэдээлийн технологийн баг маань хоёр сая хүний баримт бүртгэх програм хангамж, системийн найдвартай ажиллагааг хангаж байна. Эдийн засгийн хувьд маш үр өгөөжтэй. Ийм хэмжээний цар хүрээтэй ажлыг тийм хэмжээний бага зардал, хүн хүчээр дотооддоо хийнэ гэдэг асар их нөөц бололцоо манай залууст байгааг харуулж байгаа юм. 

Системийн талаар иргэдийн бас нэг мэддэггүй зүйл бол мэдээллийг JS 1-13 олон улсын стандартын дагуу цуглуулдаг. Мэдээллийг ямар ч эмх замбараагүй нэгтгэдэггүй. Тодруулбал, та банк картаар худалдаа хийхэд юу авсан нь мэдэгдэхгүй зөвхөн эцсийн дүн гардаг. Гэтэл манай системийн гол давуу тал эдгээр мэдээллийг багцалсан байдлаар авдаг. Жишээлбэл, иргэдийн худалдан авсан зүйлсийг мах, сүү, талх гэх мэтээр ангилж чадаж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсад ямар бүтээгдэхүүн илүү зарагддаг вэ гэдэг судалгаа хүртэл хийж болох хэмжээний том өгөгдлийн сан ажиллаж байна гэсэн үг. 

- Тэгэхээр тухайлбал, шатахуун түгээх станцад ямар төрлийн шатахуун түлхүү худалдаалагдаж байна гэдгийг иргэдийн баримтжуулж буй мэдээллээс авах нь ээ.

-  Тийм. Манай газрын Монгол Улсын өнцөг булан бүр дэх 38 мянган цэг дээрх мэдээлэл бүрэн задаргаатай орж ирнэ. 

-   Ийм байдлаар ангилж, багцалсан мэдээлэл одоо бий юү?

-    Бид судалгааны зорилгоор өөрсдийн ажилд зориулан хийж байгаа. Ашиглая гэвэл нэлээд том дата бүрдэж байна. 

-   Үүнийг иргэдэд нээлттэй болгох боломжтой юу?

-    Иргэд энэхүү статистик мэдээллийг авах бүрэн эрхтэй. Одоогоор хөгжүүлэх шатандаа явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Систем ашиглалтад ороод тавхан сар болж байна. Бид бүхнийг нэг амьсгаагаар хийж чадахгүй учраас системтэйгээр оруулахаар төлөвлөсөн. Энэ оны эцэс гэхэд томоохон дүр зураг, статистик мэдээлэл, сонирхолтой тоон үзүүлэлтүүд харагдана. Тэр ч бүү хэл гадаад, дотоодын бүтээгдэхүүнийг бид хэр хэрэглэж байгааг хүртэл харах боломжтой. 

-   Баримт хэвлэхээс эхлээд урамшуулал олгох хүртэлх зардлыг хэрхэн санхүүжүүлдэг вэ?

-   Засгийн газрын тогтоолд Сангийн яам санхүүжүүлэлтийг хариуцах нь зүйтэй гэж үзсэн. НӨАТ-ын тухайд гэвэл НӨАТ-ын сан дээр тухайн аж ахуйн нэгжийн төлсөн татварыг төвлөрүүлдэг. Урамшуулалд тухайн сангийн гурван хувийг зарцуулах эрхийг хуулиар олгосон.

Төслийн үйл ажиллагааны анхны системийг 1.5 тэрбум төгрөгөөр хийсэн. Тухайн үед Солонгосын LG групп 30 сая ам.долларын өртөгтэй системийг Монголд нутагшуулах санал тавьж байсан. Тэр хэмжээний мөнгийг Монгол Улсаас гаргана гэдэг тун бэрхшээлтэй. Гадны зээл тусламж, өрийн асуудал яригдахаас өөр аргагүй байдалд хүрэх байлаа. Ингэхийн оронд дотоодын залуустаа итгэл хүлээлгэе гэсэн зоригтой шийдвэр гаргасан эрхмүүд бий. Яг одоо манай төвд сууж буй инженерийн баг бүрэлдэхүүний залуусын хөдөлмөрийн үр шимээр төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тухайн үед бүх зүйлийг тооцоолох ямар нэг зөвлөх үйлчилгээ, анхны драфт, гарын авлага, зааварчилгаа байгаагүй. Бид өөрсдийн тооцоолол, итгэл үнэмшилд тулгуурлан хийсэн. Алдаа, оноо үнэхээр их байгаа. Иргэд ч шүүмжилдэг. Гэхдээ дотооддоо хийсэн энэ систем ашиглагдаж эхэлснэс хойш таван сарын хугацаанд ямар хэмжээнд хүрч өөрчлөгдсөнийг та бүхэн харж байгаа байх. Цаашдаа улам хөгжүүлж, сайжруулахын төлөө бид ажиллана. 

-   Саяхан 200 сая төгрөгийн азтан Улаанбаатараас тодорсон. Өмнө нь 400 саяын эзэн тодорсон боловч баримт эзэмшиж буй гэх хоёр иргэн гарсан, баримт хуурамч байсан гэлээ. Энэ мэт эрсдэлийг хэрхэн тооцсон бэ. Цаашид ийм асуудал гарахгүй байх тал дээр яаж анхаарч ажиллах вэ?

-   Яг энэ асуудал дээр бол иргэн, хувь хүний ухамсар чухал. Бид сэтгэлгээг зохицуулах боломжгүй. Гэхдээ бид журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж, зөвхөн бүртгэгдсэн баримт дунд сугалаа явуулна. Сугалаа болох өдрөөс өмнө бүртгэгдсэн баримтад үндэслэнэ гэсэн үг юм. Сугалаанаас хойш бүртгэгдсэн баримттай азтан зөвхөн хоёр хувийн буцаалтаа авна. Ийм байдлаар журмын зохицуулалт хийхээр төлөвлөн Сангийн яаманд уламжилсан. 

-   Баримт хэвлэх машиныг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон гэж буй. Гэтэл уг машиныг аж ахуйн нэгжүүдэд тулгаж, тэднийг хохироож байна гэх гомдол нэлээд гардаг. Энэ талаар тодруулахгүй юу? 

-   Баримтын машин гэхээс илүү кассын машин гэдэг ойлголтыг цэгцлэх хэрэгтэй. Үүнийг ялангуяа бизнес эрхэлж буй иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Өдөрт 200-300 хүнд үйчилдэг супермаркетыг 20-30 хүнд үйлчилдэг дэлгүүртэй адилтгаж болохгүй. Их хэмжээний ачаалал авах шаардлагагүй аж ахуйн нэгжүүд баримтын бүртгэлийг гар утсан дээрээ хийж болно гэдгийг л хэлээд байгаа юм. Бизнес, өртөг, зардалдаа нийцүүлж моделоо сонгох хэрэгтэй.

Технологийг бид сайжруулсан. Баримт хэвлэхгүйгээр цахимаар илгээх боломжтой. Тэгэхээр хэвлэгч машин худалдан авахгүй байж болно. Технологио сайн судлах хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хотод 22 зах, худалдааны төв бий. Гэтэл дэлхийд хот дотроо ийм тооны захтай улс ховор. Бид хэрэгцээт хүнсээ захаас базаадаг. Гэтэл стандарт, шаардлага, үүнийг баримтжуулах, улмаар таны эрсдэлгүй байдлыг хамгаалах, нотлох тал сул байдаг.

Тэртээ 1930-аад оны зах дээр наймаалцдаг тогтолцооноосоо салж энэ түвшний соёлыг бизнестээ нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөгийн энэ тогтолцоо эдийн засгийн хурдад ч нөлөөлж буй. Тэгэхээр энэ зүгээр нэг кассын машин гэх ухагдахуунаас илүү өргөн хүрээтэй асуудал.

-   Бусдын (гэр бүлийн гишүүдийн гэх мэт) баримт бүртгүүлэх, орлогоосоо давсан зарлага гаргасан тохиолдолд торгох эсвэл татварт төвлөрүүлнэ гэсэн яриа гарч буй. Иргэдэд энэ байдал тодорхойгүй байх шиг байна. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-   Энэ бол нийгэмд үүсээд буй хамгийн эмгэнэлтэй дүр зураг. Эх сурвалж тодорхойгүй ам дамжсан ярианд итгэж байна. Монгол Улсын хуулийг сайн судлах хэрэгтэй. НӨАТ-ын тухай хуулийг иргэдээ залилах сэдлээр баталсан гэвэл өрөөсгөл. Эцсийн дүндээ энэ татварын тогтолцоо болохоос хэн нэгний орлогыг бүрдүүлэх асуудал биш. Үүнийг батлах ганц аргачлал нь системийн загварчлал. Иймээс яг энэ зарчмаар бид системээ хийсэн. Нууц үгээ л мартчихгүй бол та хэдэн ч данс хөтөлж болно. Таныг гэдгийг бид мэдэх боломжгүй. 

-   Гэхдээ банкны дансаа бүртгүүлдэг шүү дээ. 

-   Таныг заавал өөрийн дансаа бүртгүүл гэж заагаагүй. Эрсдэлтэй гэж үзэж байвал мөнгөө авахдаа хэний ч дансыг бүртгүүлж болно. Ам дамжсан ярианаас илүүтэй процесст түлхүү анхаараасай гэж хүсч байна. Албан байгууллагын хувьд бид удаа дараа мэдэгдэж байгаа.

Хэрэв иргэний орлогыг ийм байдлаар ашиглах юм бол энэ системийг зогсоохын төлөө бид ажиллана. Монгол Улсын хуулиар НӨАТ-ын буцаалт өгнө гэж “хошгоруулаад” иргэдээ хохироох арга заль хэрэглэнэ хэмээн хардах нь нийгмийн сэтгэлгээний “өвчин” гэх юм уу даа. Бүх зүйл итгэл гэх их эмзэг зүйл дээр тогтож байна. 

- НӨАТ-ын энэ систем нэвтэрснээр иргэд болон аж ахуйн нэгжүүдийн орлогыг хянах нөхцөл бүрдэж байна гэсэн болгоомжлол байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Тийм зүйл байхгүй.  

-   Та бүхний зорьж буйг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын туршлага байдаг уу?

-  Словак, Португал тэргүүтэй хэд хэдэн улс амжилттай хэрэгжүүлээд явж байна. Эдийн засгийн хүндрэл, хямралын араас үүнийг ашигласан жишээнүүд бий. Тухайлбал, Португал. Тус улсын эдийн засаг тун хүнд байдалд орж, ажилчдын цалинг 50 хувиар хасч байсан. Энэ үед ямар арга хэмжээ авсан гэхээр бүх татварыг авах санаачлага гарган, хамгийн тохиромжтой гэж үзсэн буюу энэхүү лоттери системийг нэвтрүүлсэн байдаг.

Португалд сугалаагаар нэг машин өгдөг. Манайд бол 100 сая хүртэл хожих боломжтой. Түүнчлэн 200-400 сая төгрөгийн супер шагналтай. Дээр нь хоёр хувийн буцаан олголт гэдэг бол асар их мөнгө. Бид ойролцоогоор 70 орчим тэрбум төгрөгийг иргэдэд олгох юм байна гэж тооцоолсон. Мөн 22 тэрбум төгрөгийн сугалааны сантай. Иргэдэд ашигтай мөнгө санал болгохын зэрэгцээ далд эдийн засгийг давхар шийдэх ийм системийг нэвтрүүлж байгаа юм. 

Гэвч өнөөдөр систем зогсонги байдалд орчихоод байгааг нуулгүй хэлэх хэрэгтэй. Кассын машин том асуудал болж буй. Мөн улс төрчид зах, худалдааны төвүүд дэх лангуу эзэмшигчдэд энэхүү хуулийн эсрэг хууль санаачилна гэсэн том амлалт ам бардам өгч байна. Томоохон сүлжээ байгууллагуудаас эхэлсэн энэ төсөл эцсийн зорилтдоо хүрэхийн даваан дээр сонгуулийн байдалтай давхацаж, улмаар саармаг үе рүү шилжчихээд байна.

Нийгэм ийм эмзэг байхад баталсан хуулиа буцаана гэхээр өнөөдрийг энэ бүх асуулт хариулт нэхсээр байгаа юм. Үүн дээр нэмээд шүүх, цагдаа гэсэн асуудал гарч ирэхээр буруу ойлголтууд улам даамжирч байна. Харин гүнд нь ороод харвал асар их зүйл хийчихсэн, тоон үзүүлэлтүүд сайжраад байдаг. Гэтэл ганц алхам үлдээд байтал гацаачихлаа. 

Одоогийн байдлаар 700 мянган гаруй айл өрх системд бүртгэлтэй байна. Үүний цаана 3-4 гишүүн бий гэж үзвэл хоёр сая орчим иргэн системд идэвхтэй оролцож байна. Хуульд ямар нэг засвар хийж л таараа. Гэхдээ ямар шийдэл оновчтой байх талаар илүү нухацтай хэлэлцэхээр тавдугаар сарын 26-нд “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. 

-  Та хурлын талаар дурьдлаа. Хэлэлцүүлгээр ямар асуудлуудыг онцлон авч хөндөх вэ?

-   Онцлох асуудал бол иргэдийн дунд үүссэн төөрөгдөл. Маш их маргаан дагуулж буй сугалаа, кассын машин, хоёр хувийн буцаан олголт, үргэлжлэх хугацаа, сонгуулийн шоу гэж харж буй байдал гэх мэт асуудлуудыг нийгэм, эдийн засагт нэр нөлөө бүхий эрхмүүдийг цуглуулж хэлэлцүүлэх зорилготой. Сангийн сайд, хуулийг санаачилсан Р. Амаржаргал болон эсэргүүцэж буй Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа гэсэн гишүүд оролцоно. Ерөнхий сайд ч оролцох байх. Хэлэлцүүлгээр бид дараагийн алхмаа тодорхойлно. Хууль мэдээж төгс болсон гэхгүй. Сайжруулах зүйлсээ тодорхой болгоод чиглүүлээд явах хэрэгтэй. Саармаг байдлаас болоод иргэд ч бухимдаж байна.

Тодорхойгүй байдал хардлага, сэрдлэг дагуулдаг. Эдгээрийг цэгцэлж, иргэдэд тулгамдаад буй технологийн бэрхшээлийг багасгах ёстой. Иргэд 7-8 алхам хийж баримтаа бүртгүүлж байна. Үүнийг багасгах технологийг шийдлээ бид хэлэлцүүлгээр танилцуулна. Технологи хүнийг татдаг давуу талтай. Хүн ам цөөтэй Монгол Улс технологийг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Олон хүний хүчээр биш оюунлаг технологи, ажил хөнгөвчилсөн багажуудаа сайн ашиглаж байж энэ улс хөгжих боломж нээгдэнэ. Тэгж байж эдийн засгийн үр өгөөж гарна. Татвар гэхээр хүмүүс айдаг. НӨАТ гэхээр ойлгодог хүн тун цөөн байлаа. Одоо бол үүнийг сонирхож, ойлгож эхэлсэн. Энэ бол үр дүн. 

-  НӨАТ-ын тухай хуулийг эсэргүүцэж байна гэлээ. Ямар үндэслэлээр гэдгийг тодруулахгүй юу?

-   Засвар оруулъя гэсэн байр суурь байгаа. Ялангуяа зах дээр үйл ажиллагаа явуулж буй иргэдэд кассын машин “шахаж” байна гэсэн мессэжээс үүдэлтэй бөгөөд 3000 иргэн хандсан гэх тоо байгаа гэж буй. Иймээс  цэгцлэе гэсэн өнцгөөр хандаж байгаа юм. Гэхдээ хуулийг бид биш гишүүд баталсан. Тийм болохоор үүнийг гишүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

-  Буцаан олголтыг хэзээ эхлүүлэх вэ? 

-   Гааль татварын мэдээллийн технологийн төв, Гааль татварын ерөнхий газар, Сангийн яам Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Иргэдийн буцаан олголтыг улирал тутамд өгөхийн тулд хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Нэг нь НӨАТ-ын тухай хуулийн 17-р зүйлд заасан Ирэх оны нэгдүгээр сард нь багтаан олгож байх гэсэн заалтыг улирал бүрт гэж солих. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах. 

Улирал тутамд иргэдийн буцаан олголтын мөнгийг олгох Төрийн санд байршуулах шаардлагатай. Төсвөөс гарч буй бүх мөнгө хуулийн дагуу явдаг учир энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй байгаа юм. Сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийж байсан удаагүй. Тиймээс хойшлох магадлал өндөр байна. Бидний зүгээс ойрын хугацаанд хийх ёстой ажлаа хийсэн. Гол нь улс төрийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай болж таарч байна. Хуульд амжиж өөрчлөлт орвол есдүгээр сараас мөнгө олгогдох боломжтой.

-  Сугалааны систем хэр удаан үргэлжлэх вэ?

-  Урт хугацаанд ажиллана. Мэдээж тоо, хэмжээ, тоглоомын дүрэм нэлээд сайжрах байх. 1997 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль одоо зүгширч эхэлж байна. Гүйцэд хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа шаардана. Дор хаяж 2-3 жил тогтмол сайн ашигласны дүнд иргэдийн оролцоо идэвхтэй болж үр дүн нь гарна. Миний болгоомжилж буй нэг зүйл бол иргэд цуу ярианд итгэх явдал. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн зөв мэдээллийг бодит эх сурвалжаас авч түгээгээсэй гэж хүсч байна. 

-  Баримт бүртгэхгүй удах эсвэл хонжворын мөнгө дансанд орохгүй байх зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр ямар алхмуудыг хэрэгжүүлж байна вэ?

-  Арилжааны банкуутай хамтраад энэ тал дээр ажиллаж байна. Богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Төрийн сангаас мөнгө гардаг горим бий. Үүн дээр арилжааны банкуудыг оруулж ирэх талаар Сангийн яам судалж байгаа. Мөнгө олгох процесс технологийн гэхээс илүүтэй бодлогын газрын асуудал. Манай байгууллагын зүгээс мэдээллийг цаг алдалгүй явуулдаг. Хэдий журамд 20 хоног гэж заасан байгаа ч шалгах, илгээх, данс руу шилжүүлэх зэрэг процессын ажлаас болж удах тохиолдол гарч байгаа. 

Б.Үүрийнтуяа

Зураг