Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ганболд: Монгол оффшор бүс болох ёстой

Ж.Эрхэс, Өглөөний сонин
2016 оны 5 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Панамын арлаас алдагдсан оффшор дансны асуудал Монголын улс төрийн халуун сэдэв болж байна. Сонгууль ойртсоныг хэлэх үү, “оффшор” гэх үгийг ашиглан өрсөлдөгчөө намнах, хэн нэгнийг гутаан доромжлох хэрэгсэл болгож байна. Чухамдаа хэн оффшортой вэ гэдгийг массаараа шүүн, ял зэм болгож байгаа энэ үeд үүнийг өөр байр сууринаас илэрхийлэх хүмүүс ч бас цөөнгүй.

Тэдний нэг бол “Алтандорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдоос цөөн асуултад хариулт авсан юм.

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлгэсэн мэдээлэл Монгол Улсын гол сенсаци болж байна. Ингэхэд оффшор гэж чухам юу юм бэ? Оффшор компанитай байна гэдэг гэмт хэрэг мөн үү?

-Улстөрчдийн хэлж ярьж байгаа, хэвлэлээр гарч буй мэдээллээс харахад манай Монголчуудын оффшорын тухай ойлголт тун муу юм билээ. Уг нь эдийн засагчид нь энэ талаар зөв дүгнэлт, зөв гаргалгаа хийх ёстой л доо. Оффшор гэдэг чинь муухай үг биш шүү дээ. Оффшор компани байгууллаа гээд гэмт хэрэг гэж дүгнэх нь бүр учир дутагдалтай юм.

-Гадны улс орнууд ийм асуудалд орсон хүмүүсээ шийтгэж арга хэмжээ авч байна?

-Тэр хөгжингүй улсуудын эрх зүй, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай бид өөрсдийгөө харьцуулж болохгүй.

-Зарим намууд оффшортой хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор хүний эрхэнд бүдүүлгээр халдлаа гэсэн шүүмжлэл ч гарч байна?

-Ер нь оффшор бүс гэж татварын хамгийн таатай орчинг бий болгосон, мөн компанийн нууц байдлыг чандлан хадгалдаг эдийн засгийн бүсийг хэлдэг. Оффшор улсын засаг захиргаанд бүртгэлтэй компанийг оффшор компани гэдэг.

Оффшор улсын засаг захиргаанд бүртгэлтэй компанийг оффшор компани гэдэг.

Харин оффшор данс гэсэн ойлголт хаана ч байхгүй! Бүх улсын бүх банкууд ижил төстэй хууль дүрэмтэй. Хүмүүс яагаад оффшор компанийг ашигладаг вэ гэсэн нэг асуулт эндээс тавигдах байх. Тэгвэл хамтарч үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулагчийг татсан тохиолдолд өөрийнхөө актив хөрөнгөө бүртгүүлж, бизнесээ баталгаажуулж, харилцагч, хамтрагч талдаа худалдах, худалдан авахад олон дахин татвар ногдуулаад байдаггүй учраас бизнесменүүд үүнийг их ашигладаг. Өөрөөр хэлбэл, татварын дарамтгүй нөхцөлийг бүрдүүлж чаддаг учраас оффшор бүсэд компани нээх нь эрсдэлгүй болон ашигтай гэж хэлж болно.

-Монгол бол татварын эрх зүйн орчин нь эрсдэлтэйд тооцогддог шүү дээ. Байсхийгээд л нэг хууль санаачилж, татвар нэмэх, хасах асуудлыг хөнддөг. Тийм болохоор манай улс татварын хамгийн тогтворгүй орон гэж дүгнэгддэг юм билээ?

-Тийм. Монголын татварын болон  эрхзүйн орчинг таатай бус эрсдэлтэй гэж хэлж болно. 

Дээр нь улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямрал ихтэй, хууль шүүхийн найдваргүй орчинтой гэж үзсэний үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулагчид заавал “Англо-Саксоны" хуулиар маргаан үл ойлголцол үүссэн үед асуудлаа шийдүүлэхэд найдвартай гэж оффшор бүсэд бизнесээ бүртгүүлдэг. Ингэснээрээ үл ойлголцолч үүсч, маргаан гарлаа гэхэд “Англо-Саксоны" хуулийг хэрэглэж илүү шударга шүүхээр асуудлаа шийднэ гэсэн үг.

-Оффшорын дуулианд улстөрчдөөс гадна бизнес эрхлэгчид ч холбогдоод байгаа. Гэтэл зарим хүмүүс өөрийнхөө хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан нь яагаад буруу гэж бизнес эрхлэгчдийг өмөөрөх болсон. Бизнес эрхэлдэг хүний хувьд т.а үүнийг юу гэж дүгнэж байна?

-Улстөрч, бизнес эрхлэгч хоёр бол хоёр өөр субъект. Энэ хоёрыг нэг ойлголтоор дүгнэж, яллаж болохгүй л дээ.

Аль нэг гадны банканд дээр улстөрч данс эзэмшиж байгаа нь эрх зүйн хувьд буруу зүйл байхгүй. Харин ёс зүйн хувьд учир дутагдалтай. Улстөрчид улс орноо хөгжүүлнэ, татварын таатай орчинг бүрдүүлнэ, эдийн засгаа хөгжүүлнэ гэж амлалт ард түмэндээ өгдгийн хувьд өөрөө гадна бүсэд данс эзэмших нь ёс зүйн алдаа гэж ойлгож болно.

Түүнээс гэмт хэрэг гэж үзэж болохгүй! Яагаад гэвэл хөндлөнгийн хяналт, хууль, шүүх, улстөрчдийн дарамтаар Монголын банкуудад хувь хүний нууцлал гэдэг юм алдагддаг. Банкны хадгаламж эзэмшигчийн халдашгүй байдал гэсэн ойлголт Монголд дутмаг байдаг.

Монгол Улсад хэн нэгний эзэмшиж байгаа банкны данс руу нэвтэрч болох 18 хуулийн заалт байдаг. Эрүү, Иргэний, Банкны, Захиргааны г.м хуулиудын дагуу 18 шахуу эрх бүхий субъект таны данс руу дураараа нэвтэрч, мэдээлэл авч, шалгаж, битүүмжлэх хураах эрхтэй байдаг. Ийм эрх зүйн орчинтой болохоор бизнес эрхлэгчид оффшор бүсэд компани нээх, гадны банканд данс эзэмших нь буруу биш ээ.

Монгол Улс өөрөө банкны систем, үйлчилгээ нь халдашгүй, эдийн засаг, хууль эрх зүй, татварын орчин таатай, улс төр нь тогтвортой бол гадны банканд мөнгөө аваачаад хийх хүн гарахгүй. Манай эрх зүйн орчин маш тааламжгүй учраас л бизнес эрхлэгчид ийм сонголт хийхэд хүрч байна гэсэн үг.

Харин улстөрчид үүнийг зөв хараад, эдийн засгийн нэг том хөшүүрэг болгож өөрчлөх ёстой юм. Монголын арилжааны банкууд хувь хүний дансны халдашгүй байдлыг бүрэн хангаж чадвал монголчуудаас гадна гадаадынхны олон их наяд доллар манайд хадгалуулах боломж үүснэ.

-Татвар, банк санхүүгийн тааламжтай орчин бүрдүүлж, гадаадад "нуусан” хөрөнгийг Монголд оруулж ирэх ёстой гэж та бодож байна уу?

-Өнөөдөр Монголчууд оффшорыг муухай зүйл, гэмт хэрэг гэж харахаас илүү татвар, банк санхүүгийн хамгийн тааламжтай орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэх ёстой юм шүү дээ. Манай улс банкны систем нь найдвартай, татварын орчин, эрхзүй, улс төр  нь тааламжтай бол гадаадаас өр зээл тавих биш гадныхан өөрсдөө мөнгөө бариад хүрээд ирэх юм. Энэ тохиолдолд Оюутолгой, Тавантолгойгоос илүү хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж чадна. ОХУ сүүлийн жилүүдэд ийм маягийн өршөөл, дэофшоризаци хийж маш их дотоодын болон гадаадын хөрөнгө татсан.

-Та тэгэхээр Монгол оффшор бүс болох ёстой гэж үзэж байна уу?

-Би бол Монгол Улс оффшор мэт бүс болох ёстой гэж бодож байна. Манайд дэлхийн их гүрнүүд, өндөр хөгжилтэй орнуултай өрсөлдөхүйц зах зээл алга. Хүн ам, цаг агаар, эдийн засаг, зах зээл, мэргэжил мэргэшил, төхник технологи бүгд учир дутагдалтай. Тиймээс бид зөв арга хэмжээ авч чадвал эдийн засгийн өндер хөгжилд огцом хүрэх боломж бий.

Монгол хамгийн түрүүнд Төв Азийн “оффшор" бүс болох ёстой.

Тэр нь Монгол хамгийн түрүүнд Төв Азийн “оффшор" бүс болох ёстой. Тэгж байж дэлхийн асар их мөнгийг өөртөө татан төвлөрүүлэх хэрэггэй. Өнгөрсөн долоо хоногт Зүүн өмнөд Азийн Номхон далайн бүс нутгийн улс орнуудын ASEAN-ны хурал Сочи хотод боллоо. Бидний муулчлаад байгаа оффшороор явж байгаа асар их хөрөнгийг зүүн Азийн орнууд руу татаж байна.

Жишээлбэл, Тайланд бол эдийн засгийн үзүүлэлтээр дээгүүрт орж байгаа улс. Оросын компаниуд хөрөнгө оруулалт хийвэл найман жил татвараас чөлөөлж, тайланд хүмүүстэй адил газар эзэмших эрх өгч байна. Тэр хүмүүс явлаа гэхэд газраа тасалж аваад явахгүй нь тодорхой. Газар дээр барьсан барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрээ хөрөнгө оруулагчид үүрээд гарахгүй .

Тэгэхээр Монгол Улс эрх зүйн орчноо яаралтай шинэчилж, татварын болон тогтвортой байдлын хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал олон Тавантолгой, Оюутолгойтой тэнцэх хөрөнгийг татаж чадна. Банкууд нь хүний дансыг найдвартай хамгаалж, халдашгүй эрхийг нь хангаж чадвал маш их мөнгө орж ирнэ.

Швейцарийг хар, Монголчууд бидэн шиг байгалийн баялагтай байгаагүй хэрнээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш л гэхэд “оффшор" бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр өндөр хөгжилтэй орны тоонд орсон. 2006 оноос хойш Сингапур мөн л ийм бодлогоор улам бүр хөгжиж байна.

-Зарим УИХ-ын гишүүд оффшортой тэмцэх хууль санаачилсан?

-Сонгууль болохоор улстөрчдийн идэвх ихэсч байна л даа. Монгол Улс уг нь ардчилсан, чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн орон болохоор муу ч гэсэн 26 жил оролдож байна.

Гэтэл зарим хүмүүс эргээд хүний эрхэнд халдсан, хааж боосон, татвараар айлгасан коммунизмыг санагалзаад байх шиг. Хэвлэлээр явж байгаа мэдээлэл, улстөрчдийн байр суурийг харахад коммунизмын хийрхэл, харгислал, нугалаа, суртал ухуулга, хэлмэгдүүлэлт анзаарагдаад байх юм.

Зураг