Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Лхагвасүрэн: БНХАУ-д хар тамхины хэрэгт зургаан хүн холбогдсон

Б.Энх
2016 оны 5 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

БНХАУ-д он гарсаар зургаан хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол залуус БНХАУ-д хар тамхины гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

- Монгол Улсын зарим иргэн хууль эрхзүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдоод байна.

Он гарсаар эхний таван сарын байдлаар зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсон. Нэг нь 15 жилийн хорих ял авч, бусдынх нь мөрдөн байцаалт үргэлжилж байна.

-Хилийн чанадад хар тамхины гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурсан тухай албаныхан мэдэгдэж байсан. Гэвч гарсаар л байжээ?

-Өнгөрсөн онд гэхэд 37 иргэн холбогдон шалгагдсанаас

  • 19-25 насны 14,
  • 26-35 насны 18,
  • 36-аас дээш насны таван иргэн байна.

Ер нь эцэг эхчүүд үр хүүхдээ залуучуудаа БНХАУ-д зорчих үед гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, ялангуяа санаатайгаар хар тамхи мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, зарж борлуулах, олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, анхааруулах хэрэгтэй.

Болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэргийн золиос болох ч эрсдэлтэй. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт оноох хариуцлага маш өндөр. Ялангуяа, БНХАУ-д цаазаар авах хүртэл ялтай. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс залуус сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Зураг