Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэлхийд алдартай “DBI” компани хяналт тавиагүй нь тогтоогджээ

Р.Саруул
2016 оны 5 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

-“Монголын төмөр зам” ТӨХК, “DBinternational”ХХК-тай хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2013 оны есдүгээр сарын 28-ны өдөр байгуулжээ. Салбартаа дэлхийн топ-5 компанид багтдаг “Deutsche bahn international” ажлын хөлсөө 6.3 тэрбум төгрөгөөр тохирч, санхүүжилтийг тогтсон хугацаанд, графикийн дагуу авна үгүй бол хяналтын ажил хийгдэхгүй гэдгээ баталгаажуулжээ-

Манай сонин өнгөрсөн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг хүргэсээр ирсэн. 
Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэхдээ тодорхой баримтад түшиглэн элдэв гүжир гүтгэлэггүйгээр болсон үйл явдлыг тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажсан бичиг, баримтуудад үндэслэн олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг зорьж байна. 

Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллүүд өнгөрсөн хуга­цаанд хэвлэлээр олонтоо гарч байсан ч олон нийт үнэнийг гуйвуулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг шийдэж үнэн зөвийг нь олж өгөхийг хууль хяналтын байгууллагаас хүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр бичиг баримтын аль нь үнэн зөв бэ гэдэг асуудлыг хуулийнхан эцэслэн тогтоох учраас хэн нэгэн хүний нэр төрд халдахгүйгээр сэтгүүл зүйн зарчмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ үүгээр мэдэгдэх ёстой байх. 

Ямартай ч бид энэ удаагийн нийтлэлээрээ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэлхийд алдартай “DBI”компани хяналт тавиагүй нь тогтоогдсон тухай мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр орохдоо төмөр замын бүтээн байгуулалтын талаар ярьж олны анхаарлыг дахин татаж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын хариу илүү тодорхой дэлгэгдэж эхэллээ гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүхийн хэлснээр дэлхийд алдартай “Самсунг Си энд Ти” компани төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, олон улсад нэр хүнд бүхий “DB international” компани хянасан Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд үнэхээр хөндлөнгийн хяналт байсан уу гэдгийг бид нягтлахыг оролдсон юм. Гэтэл нотлох баримтууд арай өөр байсан юм.

“Монголын төмөр зам” ТӨХК, “DBinternational”ХХК-тай хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2013 оны есдүгээр сарын 28-ны өдөр байгуулжээ. Салбартаа дэлхийн топ-5 компанид багтдаг “Deutsche bahn international” ажлын хөлсөө 6.3 тэрбум төгрөгөөр тохирч, санхүүжилтийг тогтсон хугацаанд, графикийн дагуу авна үгүй бол хяналтын ажил хийгдэхгүй гэдгээ баталгаажуулжээ.

 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт эхлэх үед “DBI” компанийн хяналтын ажилтнууд хүрэлцэж ирсэн байдаг байна.

Тухайн үед гэрээний дагуу сар бүр тогтсон санхүүжилтийг хийх үүргийг “МТЗ” ТӨХК хүлээсэн ч хоёр удаагийн график төлөлт хийгээд алга болжээ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, туслан гүйцэтгэгч 13 компанийн гүйцэтгэл, түүний ажилтан тус бүрийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн үр дүнг хянах үүргийг “DBI” хүлээсэн байдаг аж. Улмаар ажлын гүйцэтгэл хангалттай байвал Хөгжлийн банк, ЗТЯ-нд хандан санхүүжилт олгохыг дэмжин албан тоот илгээх зохицуулалттай байжээ. Төсөлд хяналт тавьж буй компанийн зөвшөөрөлгүй санхүүжилт олгогдохгүй гэдгийг олон баримтууд харуулж байна.

 

Бидэнд олдсон баримтаар ЗТЯ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тоомжиргүй үйлдлээр “DBI” компанийн санхүүжилт олгогдохгүй байсаар нутаг буцжээ. Германы мэргэшсэн компани гэрээний дагуу санхүүжилт орж ирэхгүй байсан тул хоёр удаа албан тоот холбогдох байгууллагууд руу илгээгээд хариу ирээгүй тул гэрээг цуцалсанд тооцсон байна. 

Ингээд хөндлөнгийн хяналт тавигч байхгүй болсон цагаас эхлэн БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн данс руу мөнгө шилжүүлэх, ажлын гүйцэтгэл хангалттай байгаа тухай ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа Хөгжлийн банкинд шууд хандах болсон аж.

 
БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох “SCTECM” ХХК-ийг 2012 оны арванхоёрдугаар сард 139,000 /Нэг зуун гучин есөн мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажилласан байдаг.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 483 сая ам.долларын тендерийг 139 мянган ам.долларын үндсэн хөрөнгөтэй компани авсан нь анхнаасаа буруу байсан гэдгийг үйл явц харуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дугаар тогтоолоор “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг зогсоосон.

Тухайн концессын гэрээнд 267 км уртай төмөр замыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан бол өнөөдөр төмөр замын сураг ч алга. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард зүгшрүүлэлтээ хийн өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орох байсан Тавантолгойн төмөр замын төсөл ийнхүү анхнаасаа будлиантай, асуудал дагуулан гацсан нь энэ аж.

Тэгэхээр төмөр замын төслийн ажил яагаад гацах болов эдгээрийн буруутан нь хэн байсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага л тогтоох үлдлээ. Бид дараагийн дугаартаа энэхүү бүтээн байгуулалтын талаарх бас нэгэн но-той баримттай мэдээллийг хүргэх болно.

Зураг