Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Кофены эзэнт гүрний ХААН

Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Starbucks-ийн гүйцэтгэх захирал Ховард Шульц Цагаан ордонд очих хүсэлгүй боловч тэрбумтан бизнесмен тэрбээр компанийнхаа огцом өсөлтийг дагаад кофены бизнесээ ашиглан Америкийн кофены соёлын хэв маягийг өөрчилж байна.

Starbucks-ийн гүйцэтгэх захирал Ховард Шульц халаасандаа юу авч явдаг вэ? Түүний байнга авч явдаг хоёр түлхүүрийн нэг нь 1,400 ам метр талбайтай дэлхийн хамгийн тансаг Starbucks дэлгүүрийнх. Сиэттл хотын Конгрессын ордны ойролцоо байрлах энэхүү дээд зэрэглэлийн кафе үйлчлүүлэгчдэдээ шинэхэн хуурсан кофег мэргэжлийн аргаар чанаж өгдөг. Nike брэнд өөрийн гэсэн Niketown гэх хоттой байхад Шульц өөрийн кофены бизнесээ өргөтгөж “вилли вонка” маягийн хэв загварыг бий болгожээ. 

Нөгөө түлхүүр нь илүү гүн гүнзгий утга бүхий түүхийг өгүүлнэ. Уг түлхүүр Starbucks анх үүд хаалгаа нээж байсан Сиэттл дэх жижигхэн дэлгүүрийнх юм. Тэнд очиход үргэлж 1971 онд эргэж очсон мэт сэтгэгдэл төрөх ба Вьетнамын дайны үед тухайн брэндийг тодорхойлж байсан хуучин тавилгуудаа өөрчлөөгүй хэвээр. “Би хааяа тэнд үүрээр 04:15 цагт очдог. Ганцаараа байж төвлөрөх шаардлага гарсан үед тэнд л очдог юм” хэмээн 62 настай Шульц өгүүллээ.

Бидний ажигласнаар тэрбумтан гүйцэтгэх захирлууд тэр болгон төвлөрч бясалгах цаг гаргаад байдаггүй.

“Starbucks хүнлэг ёсоор үйлчилгээ үзүүлэх” зарчмыг баримталдаг.

Харин Шульц үргэлж л даруу зан гаргаж хувийн өвөрмөц зан чанараа бизнесийнхээ арга барилтай чадварлаг хослуулж чаддаг. 1980-аад оноос Starbucks-ийг удирдаж эхэлснээсээ хойш бүс нутагтаа үйл ажиллагаа явуулж байсан кофены бизнесийн компаниа дэлхийн топ брэндүүдийн нэг болгон өргөжүүлсэн билээ. Компанийн 2015 оны борлуулалт 19 тэрбум ам.долларт хүрсэн нь найз нөхөд уулзаж, оюутнууд хичээлээ хийж, залуу хосууд болзоход тохиромжтой, тав тухтай орчныг бүрдүүлэн амт чанартай хоол, уух зүйлсээр үйлчилж буй чадвартай нь холбоотой.

Түүний хэлснээр “Starbucks хүнлэг ёсоор үйлчилгээ үзүүлэх” зарчмыг баримталдаг. Шульц өдгөө ойролцоогоор гурван тэрбум ам.долларын хөрөнгө хурааж чаджээ. Ямар ч сэдвээр ярилцсан Шульц хэн ч биш байсан тэр л үеийнхээ тухай байнга эргэн дурсаж байсан юм. “Би өөрийнхөө төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлтэй Брүүклинээс гаралтай жаахан хүү хэвээрээ л байгаа” хэмээн Шульц ярина. Тэрбээр 1960-аад оны үед хотын захын түрээсийн байранд өссөн бөгөөд түүний аав ажлаа хийж байгаад осолд орсноос болж хөдөлмөрийн чадвараа алджээ. “Би нэр хүндтэй их сургуульд сурч чадаагүй, бизнесийн сургуульд ч сураагүй” гэх Шульц ядуу зүдүү амьдралаа үзэн ядахын оронд нандин дурсамж болгон хадгалдаг аж. Зөвхөн Америк гэлтгүй дэлхий нийт ч ядуу амьдралаас өөрийн хүчээр баяжсан сонирхолтой түүх сонсох дуртай байдгийг Шульц ажиглажээ. Анх хэрхэн эхэлж байсан тухайгаа илэн далангүй ярьж компанийн удирдлагуудаас авхуулаад хар арьстай залуустай хүртэл амархан ойлголцдог тэрбээр “Би тэднээс арьсны өнгөөрөө өөр ч гэсэн тэдэнтэй л адилхан байсан. Би ч тэдний нэг байж болох байсан шүү дээ” гэв.

Энэ бол Америкийн мөрөөдлийн сонгодог түүх бөгөөд өнгөрсөн жил Шульцийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна гэсэн цуу яриа хүртэл гарахад хүргэжээ. Цаасан дээр өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан энэхүү эрхэм аав ээжээсээ өвлөж авсан хөрөнгөөр тэрбумтнуудын эгнээнд бичигдсэн баячуудын дунд нүүр бардам байх боловч улс төрийн кампанит ажил өрнүүлэх сонирхол огт байхгүй. Учир нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид өөрсдийгөө дөвийлгөн харуулах гэж ядаж байхад Шульц өөрийн олж авсан санхүүгийн эрх чөлөөг ашиглан кофены эзэнт гүрнээ байгуулж байна.

Шульц юу юунаас илүүтэйгээр Америкийн энх тайвны зууч болох хүсэлтэй. Тэрбээр улс төрийн орчны өдөр тутмын хэрүүл маргаантай уур амьсгалыг хараад эх орон маань ухаан санаагаа алдчихжээ гэж бодоход хүргэдэг гэсэн юм. Өнгөрсөн жил тэрбээр шинэ санаа олох зорилгоор ахмадын эмнэлгээс авхуулаад Энэтхэг хүртэл хаа сайгүй аялахдаа тааралдсан хүмүүсийнхээ амьдралын түүхийг сонсож, ямар итгэл үнэмшилтэйг нь сонирхож явжээ.

Одоо тэрбээр Starbucks-ийг хүмүүс дахиад санал өгөх итгэл үнэмшил төртлөө галт зэвсгийн асуудал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэх мэт ярвигтай асуудлыг хэлэлцэж хүнлэг хүмүүсийн энэрэнгүй сэтгэлийг өдөөх эерэг газар болгохоор зорин ажиллаж байна. Хэдэн долоо хоногийн өмнө Шульц бид хоёр нэгэн ярилцлагынхаа үеэр Брүүклин дүүргийн Хөгжмийн академийн театрт уулзаж таарсан юм. Шульц тайзан дээр гарч 300 гаруй ажилчдынхаа өмнө үг хэлэхээсээ урьтаж бодол санаагаа цэгцэлж байв. Түүний ажилчидтайгаа ярилцах дуртай сэдэв бол нийгэмд ямар асуудал тулгараад байна, түүнийг шийдэхэд манай компани юу хийж чадах вэ гэсэн сэдэв. “Бидэнд нэг чухал санаа байгаа. Одоогоор бол хараахан хэлбэрт оруулж амжаагүй байгаа шаазангийн шавар мэт л байдалтай байна. Би бусдын туслалцааг асуух болно” хэмээн тэрбээр хэллээ.

Брүүклиний тайзан дээр гараад Шульц өөрийн санаа зовниж явдаг асуудлынхаа талаар ярьж эхлэв: Ирак болон Афганистаны дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тэтгэмж, галт зэвсгийн асуудал болоод 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт. “Бид зөвхөн хувьцааныхаа үнийг л өсгөөд байх уу? Нийгмийн сайн сайхны төлөө бид өөрсдийн нөлөөг ашиглан юу хийж чадах вэ” хэмээн чангаар хэлэв.

Дараагийн 90 минутын хугацаанд компанийн гуч гаруй менежер болон бариста нар ээлж дараалан тайзан дээр гарч өөрсдийн санаа бодол, зовниж буй асуудлынхаа талаар ярилаа. Дийлэнх сонгогчийн адилаар тэд улс төрийн онол сонирхохоосоо илүүтэй өдөр тутмын амьдралд тохиолддог бодит асуудлуудын тухай ярьж байв.

Манай кофе шопуудад орон гэргүй хүмүүс их орж ирдэг. ...Бидний аюулгүй байдалд анхаарч болох уу? ...Бид бариста нартаа сургалт явуулж болох уу? ...Хүүхэд харах үйлчилгээ авч болох уу?

Шульц энэ бүхэнд урам нь хугарсан бол цааш үргэлжлүүлэхгүй байх байсан биз. Асуулт асуусан хэд хэдэн хүнд “Их сайхан санаа байна. Бид энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа” гэж хэлэв. Нэгэн цагийн ажилчин яагаад түүний цалингүй амралт цөөхөн хоногтой буй тухайгаа асуухад Шульц түүний асуултыг өөр сэдэв рүү гуйвуулж байгаад “Юу гээч? Та энд 16 жил ажилласан юм чинь амралт авах эрхтэй хүн. Би танд үүнийг зөвшөөрч байна” гэв. Танхимд байсан хүмүүс алга ташиж Шульц тэрхүү баристад урам өгөн тэврэх үед хэн нэгэн зураг дарах нь сонсогдож байв.

Шульцийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас харахад сонгуульд өрсөлдсөн бол хүчтэй нэр дэвшигч болох байсан нь илт. 

Шульцийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас харахад сонгуульд өрсөлдсөн бол хүчтэй нэр дэвшигч болох байсан нь илт. Амьдралынхаа турш ардчилсан үзэл баримтлалд үнэнч явсан Шульц өөрийнх нь хамгийн ихээр санаа зовниж буй асуудлуудад Засгийн газар нь шийдэл олж чадахгүй байна гэж үзэх болжээ. Тэрбээр Вашингтонд очих ч сонирхолгүй, 2008 онд Ерөнхийлөгч Барак Обамад дэмжлэг үзүүлснээсээ хойш улс төрийн кампанит ажилд хандив өргөөгүй аж. “Ховард өөрийгөө улс төрд орох хүн биш гэдгийг хангалттай сайн мэддэг” хэмээн Удирдах зөвлөлийн гишүүн Мэлоди Хобсон тодорхой хэлсэн юм.

Гэсэн хэдий ч Шульц Америкийн нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэх мөрөөдлөөсөө ухарсангүй. Тэрбээр ядаж л Starbucks-ийг илүү сайн сайхан нийгмийг бүтээх лаборатори болгож чадна.

Starbucks өнгөрсөн жил цэргийн баазуудын хажууд 19 кафе нээж, ахмад дайчид болон цэргүүдийн ар гэрийнхнийг авч ажиллуулжээ. Мөн Starbucks бусад том компанитай хамтран Финикс, Чикаго болон Лос Анжелес хотод ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж, ажил хайж буй залуучуудыг ярилцлагад урьсан байна.

2014 онд эхлүүлсэн гурав дахь хөтөлбөр нь бариста болон бусад ажилчныхаа сургалтын төлбөрийг дааж, Аризона мужийн их сургуулийн онлайн хөтөлбөрт хамруулан төгсөх боломж олгосон явдал юм. Дийлэнх компанийн хувьд нийгмийн ажилд хэтэрхий их анхаараад байгаа гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгардаг.

Шульц компанийнхаа гурав хүрэхгүй хувийг эзэмшдэг тул хөрөнгө оруулагчдынхаа саналыг тоохгүй өнгөрч болохгүй. Гэвч Starbucks бол өвөрмөц хэмээн тус компанийн санхүүгийн албаны дарга Скот Моу ярьсан юм. Тэрбээр General Electric болон JPMor- gan Chase зэрэг хатуу дүрэм журамтай байгууллагад олон жил ажиллаж байгаад 2011 онд Starbucks-т оржээ.

 

Хүмүүст автомашины эд анги юм уу, зээл биш харин кофе худалдахдаа миний анзаарсан зүйл бол гурван ам.доллар 45 центийн том савлагаатай латте нь зүгээр нэг уух зүйл биш, харин хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж буй явдал гэсэн юм. Шульцийн аян бүтээгдэхүүнийх нь нэг хэсэг болж Starbucks өдгөө дэлхий дээрх хамгийн том нийгэмд хандсан бизнес болох замдаа орчихсон явж байна.

Ховард Шульц хүмүүст кофе зарахаас илүү ихийг хийж бүтээхийг үргэлж хүсдэг байсан.

“Ховард Шульц хүмүүст кофе зарахаас илүү ихийг хийж бүтээхийг үргэлж хүсдэг байсан” гэж 2009 онд Starbucks-ийн тухай “Кофеноос бусад бүх зүйлийн талаар” гэх номыг бичсэн Темпл их сургуулийн түүхийн профессор Брайнт Саймон хэлсэн юм.

Шульцийн эхлүүлсэн ажлууд маш сайн бодож төлөвлөгдсөн байдаг гэж тэрбээр нэмж ярилаа. Starbucks-ийн эзэмшдэг цэвэр усны брэнд Ethos-ийг аваад үзэхэд үйлчлүүлэгчид худалдан авсан цэвэр усных нь үнээс таван цент буяны үйлст зориулагдаж байгааг мэдээд сэтгэл хангалуун байдаг байх. Гэтэл үнэндээ нэг чингэлэг цэвэр ус 1.80 ам.долларын үнэтэй байхад Starbucks худалдан авалтаас 97 хувийн ашигтай ажиллаж байна шүү дээ.

Starbucks-ийн ажилчид боловсрол муутай, өсөж хөгжихгүй, ажлаасаа гарч чаддаггүй гэсэн олон нийтийн ойлголтыг няцаах зорилгоор л ажилчдынхаа коллежийн төлбөрийг даах кампанит ажил эхлүүлсэн хэмээн Саймон эгдүүцэж байна. “Тэд ирээдүйн сайн сайхны төлөө ажиллаж байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхээр хэтэрхий их хичээж байна. Сургуульд орж буй бариста нарынх нь хэд нь төгсөж чадах юм бол доо” гэж Саймон ярив.

Шульц ч үнэндээ ажилчдаас нь хэд нь сургуулиа төгсөх бол хэмээн гайхаж байна. Ажилчдынхаа коллежийн төлбөрийг төлөх кампанит ажил хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд нийт 5,000 гаруй ажилчин хамрагдсанаас одоогоор 44 нь сургуулиа төгсчээ. Энэ хавар нэмээд 100 гаруй хүн төгсөх ба сургуульдаа сурч эхэлж буй тэдний хувьд хуучин сургуулийнхаа кредитийг шилжүүлж, мэргэжлээ сонгоод шаардлагыг нь ханган бие даалтаа цагтаа өгөх нь ихээхэн хүндрэлтэй байгаа аж. Хөтөлбөрийг эхлүүлснээс хойш Starbucks Аризона мужийн их сургуультай хамтран онлайнаар сурч буй эдгээр оюутанд бүхий л талаар дэмжлэг үзүүлж байна.

Энэ маягаар сургуулиа төгсөх оюутнуудын тоо ихсэх хандлагатай харагдаж байгаа ч хөтөлбөр үр дүнд хүртэл гурваас дөрвөн жил шаардлагатай. Компанийн удирдлагууд цаг зав багатай байдаг. Ажлаасаа халагдах эрсдэл үүсгэхгүйгээр нийгмийн сайн сайхны төлөө тань шиг хэрхэн зүтгэх вэ гэсэн асуудлаар залуу захирлууд үе үе Шульц руу залгаж холбогдох нь бий. J.C.Penney-ийн гүйцэтгэх захирал Марвин Эллисон, Lyft-ийн ерөнхийлөгч Жон Зиммер нар Шульц руу залгахад тэрбээр тэдэнд хандаж нэг л зөвлөгөө өгдөг: “Та энэ бүхнийг эхлүүлэх эрхийг олж авсан байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд их олон жил өндөр үр дүнтэй ажилла. Үүний дараа та өөрийн дураар үйл ажиллагаа явуулах эрх чөлөөтэй болно. Нийгэмд хандсан ажлыг хэтэрхий эрт эхлүүлбэл та албан тушаалаа алдах магадлал өндөр байдаг”.

Starbucks-ийг Шульц үүсгэн байгуулсан гэж хүмүүс боддог. Гэхдээ анх 1971 онд Гордон Боукер, Зев Сийгл болон Жерри Болвин нар тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд Шульц 1980 онд анх ажилд орж байжээ. Шульц компаниа их удаан хугацаанд удирдаж, яг үүсгэн байгуулагч шиг нь хандаж ирсэн.

Тэрбээр өглөө бүр дөрвөн цагт босож, өмнөх өдрийнхөө борлуулалтын тайланг хянадаг. Шулыд маш жижиг асуудалд хүртэл санаа зовниж, салбар бүртээ анхаарал тавьдаг.

Саяхан болсон ажилчдынхаа хурлын үеэр ажилчид нь Spotify-тай хамтран ажиллах болсон тухайгаа дуулгаж ил захидал шиг хэмжээтэй карт үзүүлэхэд тэр чимээгүй өнгөрч чадсангүй. “Хар өнгө уйтгартай харагдаж байна. Хөгжмийн талаар ярьж байна шүү дээ, өнгөлөг байх хэрэгтэй. Үүнийг ногоон өнгөтэй болгож болох уу?

Гэхдээ том захирал нь юм болгонд оролцож батлах шаардлагатай болчихвол компанийн шийдвэр гаргах явц удааширна. Шульц сүүлийнхэдэн жилийн хугацаанд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Starbucks-ийн менежментийн багт гаднаас чадварлаг удирдагчдыг элсүүлэн авчээ. Тэдний дунд өмнө нь Microsoft-д ажиллаж байгаад одоо Starbucks-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон Кевин Жонсон, Disney-д ажиллаж байсан Мэтт Райан зэрэг хүмүүс байна.

“Зөвхөн Ховардын шоу гэхээс илүү олон зүйл байна. Ховард бүх зүйлийг удирдан чиглүүлэх албагүй байдаг” хэмээн 2003 оноос хойш Starbucks-ийн захирлаар ажилласан Майрон Илман хэллээ.

Эдгээрийн үр дүнд тус компани тасралтгүй өссөөр байна. Starbucks-ийн хувьцаа 2015 онд 48 хувиар өсөж одоо компанийн зах зээлийн үнэлгээ нь 86 тэрбум ам.долларт хүрээд байна. Хамгийн гол бүтээгдэхүүн нь кофе боловч тэдний хоолны цэс нэмэгдсээр сүүлийн таван жилийн хугацаанд борлуулалт нь хоёр дахин өсчээ. Starbucks-ийн мобайл төлбөрийн аппликейшнд 16 сая хэрэглэгч бүртгүүлснээр үйлчлүүлэгчдэдээ илүү хурдан үйлчлэх боломжтой болсон байна. Үйлчлүүлэгчид хариулт мөнгөө хүлээж зогсохгүй болсноор нэг цагт хийх борлуулалтын хэмжээ нэмэгдэж, улмаар ашиг нь өсөх болов.

2018 он хүртэл жил тутам ашиг нь нэмэгдсээр байх болно хэмээн Уол стритийн шинжээчид үзэж байна. Олон нийтийн дунд маргаан дагуулж буй кампанит ажлууд бизнест нь эерэг нөлөө үзүүлж буйг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан улаан кофены аяганы жишээнээс харж болно. Зул сарын баяртай ямар ч холбогдолгүйгээр үүнийг эхлүүлсэн боловч шашиндаа үнэнч цөөн тооны шүтэн бишрэгчид эсэргүүцэж, үр дүнд нь телевизүүд уг мэдээллийг олон нийтэд дамжуулснаар Starbucks олны анхаарлыг ихээхэн татжээ. Энэ үед тэдний кофены борлуулалт рекорд тогтоохоор өндөр байсан аж.

2008 онд Шульц кофе шопууддаа хайлуулсан бяслагтай хавчуургатай талх зарахыг эсэргүүцэж байв. Учир нь хайлуулсан бяслагны эхүүн үнэр шинэхэн чанасан кофены сайхан үнэрийг үгүй хийж байжээ. Гэтэл одоо бяслагаа зөөлөн гал дээр хайлуулж, хэрчмийг жижиг болгосноор энэ төрлийн хавчуургатай талх эргээд хоолны цэсэнд оров. “Ховардыг ятгаж зөвшөөрүүлэх тийм ч хэцүү биш” хэмээн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Луини Бонини хэллээ.

Шульц бүгдийг өөрөө хийх гэж зүтгэхийн оронд Starbucks-ийн шинэ хурдацтай хөгжиж буй төслүүдэд илүү анхаарал хандуулах болсон байна. Тэрбээр Бээжин, Шанхай болон цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой хотуудад ойр ойрхон очиж уулзалт хийж байгаа аж. Одоогоор тус салбаруудад цай, фраппучино, бялуу ихэвчлэн зарагдаж байгаа боловч “Хятадууд удахгүй өглөө бүр кофе уудаг зуршилтай болох байх” хэмээн Ховард инээмсэглэн хэлэв.

Одоогийн байдлаар Хятадад Starbucks 2000 гаруй салбартай. Энэ нь таван жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөн үзүүлэлт  аж. Шанхай хотод (432) Сөүл, Нью-Иорк хотоос ч олон Starbucks-ийн салбар нээгдсэн ба Хятадын дундаж давхаргын иргэдийн амьдрал сайжирч буй нь түүний компанид ашигтай хэмээн Шульц үзэж байна. “Нэг л өдөр Хятад АНУ-ыг давж гарах байх” гэж Шульц өнгөрсөн нэгдүгээр сард шинжээчдэд хэлж байв.

Шульцийн өөр нэгэн том зорилго нь кофены зах зээлд өөрийн гэсэн брэндээ хамгаалах явдал. Олон нийтэд зориулан бүтээгдэхүүн гаргадаг Budweiser, Hershey зэрэг брэнд өрсөлдөгчдөдөө дарагдахыг харсан Шульц Starbucks-т хэзээ ч тийм зүйл тохиолдохгүй хэмээн амлаж байна. Кофены зах зээлд Philz, Blue Bottle, Intelligentsia, Stumptown зэрэг брэнд хүчтэй маркетинг хийж, өөрийн гэсэн сайн чанарын буурцаг, үйлчилгээгээрээ ялгарахаар түрэн ирж байна.

Шульц энэ бүхэнд сандрахгүйгээр брэндийнхээ нэр хүндийг хадгалж, Сиэттл дэх тансаг зэрэглэлийн салбараа хөгжүүлж, цаашид АНУ болон Хятадад нэмж салбар нээхээр төлөвлөж байна. Тэрбээр салбараа ажиллуулж буй зургаа утсаараа авч өдөр шөнөгүй удирдах зөвлөлийн гишүүддээ явуулдаг ба энэ талаар Starbucks-ийн захирал Хобсон “Ховард энэ газрынхаа үнэнч шүтэн бишрэгч нь” гэсэн юм.

Starbucks-ийн захирлууд 75 насандаа тэтгэвэрт гардаг гэхээр Шульцэд дахин 13 жил ажиллах хугацаа байна. Харин Ховард хугацаанаасаа өмнө гүйцэтгэх захирлынхаа албан тушаалыг өгөх бодолтой байгаа гэлээ. 2000-2007 оны хооронд тэрбээр компанийнхаа Ерөнхийлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаад үзчихсэн болохоор одоо Сиэттлийн Supersonics сагсан бөмбөгийн багийг худалдан авах ч юм уу, арай өөр зүйл сонирхож болох юм. Starbucks-ийн үйл ажиллагаа муудах үед Шульц гүйцэтгэх захирлынхаа суудалд эргэн ирж, энэ удаад тэрбээр хүмүүсийн саналыг сонсож илүү тэвчээртэй хандахаа илэрхийлсэн юм. “Том компани удирдана гэдэг бол залуу хүний тоглоом, учир нь маш их энерги, эрч хүч, сониуч зан шаардана” гэв.

Гэсэн хэдий ч Шульц хийхийг хүссэн зүйлээ хийж дуусгаагүй байгаа тул хэсэг хугацаанд албан тушаалаасаа буухгүй гэсэн юм.

Седрик Кинг 2012 онд Афганистанд алба хаах хугацаандаа бөмбөгдөлтөд өртөж хоёр хөлөө алджээ. Энэ явдлаас хойш жил хагасын дараа тэрбээр Волтэр Рийд дэх Үндэсний цэргийн эмнэлэгт Ховард Шульцтэй таарахдаа тэргэнцэртэй, хиймэл хөл дээрээ алхах гэж дасгал хийж байжээ. Шульц тухайн үед Америкийн ахмад дайчдын түүхийг өгүүлэх ном бичихээр цэргүүдийн дайн байлдааны түүхийг сонсож явжээ. Эмнэлгийн хоолны газарт хүн бүртэй нэг цаг ярилцжээ. “Түүнтэй ярилцахад их сайхан байсан боловч бид дараа дахин уулзана гэж бодоогүй” гэж Кинг дурсан ярьсан юм. Гэтэл тийм биш байжээ. Тухайн үед Кинг Шульц хоёр и-мэйл хаягаа солилцоод үлдсэн ба 2015 оны зун Шульцийн гэр бүлийн сангаас нэг хүн залгаад Кингэд сонирхолтой санал тавьжээ. Тус сангийн зүгээс Америк дахь ажилгүй залуучуудад ажил олоход нь туслах зорилгоор АНУ даяар цуврал ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж байв. Уг арга хэмжээнд хүмүүст урам зориг өгч яриа хийх хүмүүсийн дунд түүнийг оруулсан байв.

Шульц цагаа хэрхэн өнгөрүүлж буйг ажиглавал тэр бусдын асуудлыг сонсон тэдэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэж бусдын сайн сайхны төлөө олон зүйл хийж байгааг харж болно. SuperSonics-ийн од байсан Вин Бэйкэр архинд орж ажил амьдралаа алдсан байх үед Шульц түүнийг Starbucks-ийн менежментийн хөтөлбөрт хамруулж салбар хариуцан ажиллах чадварыг эзэмшүүлжээ. Хар жагсаалтад орсон өмгөөлөгч Брайн Стивенсон хилс хэрэгт унасан хохирогчдыг цагаатгах гэж ямар саад бэрхшээлтэй тулгарч буйгаа өгүүлсэн “Шударга өршөөл” хэмээх номоо гаргахад Шульц салбарууддаа энэхүү номыг зарна хэмээн зүтгэж байжээ.

Шульц уг номыг уншаад барахгүй Стивенсоны оффист зочилж, хилс хэргээр Алабамагийн шоронд 30 гаруй жил суугаад цагаадсан Энтони Рэй Хинтонтой цаг гарган ярилцаж байжээ. “Ноён Хинтон 30 жилийн турш сэрээ бариагүй. Ямар ч өш санасан шинжгүй тайван, ахимаг настай хүн байсан. Түүнтэй уулзсан явдал бол миний амьдралыг өөрчилсөн чухал туршлага байсан” гэж Шулыд ярив.

Алабамагийн хуульчийн ном Starbucks-ийн салбаруудад хэдэн cap зарагдсаны дараа The New York Times-ийн бэстселлер болжээ. Иймэрхүү сонирхолтой кампанит ажлууд өрнүүлсний дараа оффисынхоо буланд суугаад тайлан хянаад суух надад хангалтгүй байсан гэв.

Катрина хар салхийг санаж байна уу? Гурван жилийн дараа Starbucks-ийн ажилтнууд Нью Орлеан дахь хар салхинд өртсөн хүмүүст сайн дураараа туслахаар очих үед Шульц тэдний гэрийг нь сэргээн засварлах төслийг эхлүүлжээ. Шульц тухайн үед нурууны өвчтэй байсан ч өөрөө шат, хувинтай будаг бариад хүмүүст туслахаар ажиллаж байсан хэмээн Starbucks-ийн удирдлага Родни Хайнэс ярьсан юм.
Фергусонд болсон үйл явдлыг санаж байна уу? Шульц өнгөрсөн жил өөрийн биеэр Миссури хотод очжээ. Сэйнт Льюисийн онгоцны буудлаар явах дөт зам байсан боловч тэрбээр хэрэг болсон газраар өөрийн биеэр явж “Бид энэ хотод салбараа нээх хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. Ийнхүү тус хотод Starbucks-ийн салбар баригдаж буй ба 20-25 ажилтантайгаар, ирэх хавар нээлтээ хийхээр төлөвлөж байна.

1980-аад оны дундуур Шульц Гватемал улс руу кофены буурцаг нийлүүлэх газар олохоор анхны бизнес аялалдаа гарч байжээ. Шульцийн компаниас төлж буй мөнгөний жаахан хэсэг нь л буурцаг тариалж буй хүмүүсийн халаасанд орж буй талаар тэд гомдоллож байв. Гватемалын төлбөрийн систем ойлгомжгүй, их хэмжээний хураамж авч байв. Шульц энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй тул иймэрхүү асуудалд өнөөг хүртэл санаа зовнисоор явдаг.

Тэрбээр өөрийн эхнэр Шеригийн хамтаар удирддаг сангаараа дамжуулан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү сан түүний хөрөнгийн өчүүхэн хэсгийг л захиран зарцуулж буй ба цаашид энэ хэмжээг ихэсгэнэ хэмээн тэрбээр мэдэгдэж байна. Одоогоор голлон анхаарч буй үйл ажиллагааны чиглэл нь ахмад дайчдад дэмжлэг үзүүлж, сургуульд сураагүй, хөдөлмөр эрхлээгүй 16-24 насны залууст ажил олоход нь туслах явдал.

Тус сангаас ивээн тэтгэж саяхан Лос Анжелес хотод зохион байгуулсан ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр Starbucks ажилтан авахаар хайж буй 30 гаруй байгууллагын нэг байв. Шульц  арга хэмжээний үеэр оролцогчидтой ярилцан, тайзны төв хэсэгт ойртон очиж зочин илтгэгч Кингийн яриаг дэмжин сонсож байв. Кинг 6,000 гаруй хүний өмнө гарч илтгэл тавихдаа “Хамгийн чухал нь таны хандлага. Би хоёр хөлөө алдсан ч гэсэн цаашид амьдрах л ёстой” гээд өөрийн хиймэл хөлөө үзүүлж “Өөрийн бүх чадлаараа зүтгэж зорьсондоо хүрэх нь чухал” хэмээн ярьж байв. Тайзнаас холгүй зогсох кофены эзэнт гүрний ерөнхийлөгч Кингийн түүхийг анх удаа сонсож буй мэт бахдалтай харагдаж байлаа. Шульц танхим дүүрэн ханхлах итгэл найдварын үнэрийг аль болох гүнзгий амьсгалахыг хичээж байв.

Зураг