Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хотынхон ХОРДСООР Л байна

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирэх мөчийг хүн бүр баярлан хүлээж, дэлгэр зуны амралтын төлөвлөгөөгөө боловсруулна.

Харин 27 настай Б-гийн хувьд байдал өөр. Учир нь, цаг дулаарахтай зэрэгцэн ирдэг тоосны харшил түүнийг зовоосоор хэдэн жилийг үджээ. Хавар, зун бол түүний хувьд харшилтайгаа тэмцэх таагүй улирал.

Нийслэлчүүд бид цээж хорсгосон өвлийн утаанаас салаад удаагүй байна. Гэвч баярлах цаг болоогүй. Тоос, тоосжилт гэсэн өөр нэг аюул зунтай хамт айлчлахаар, биднийг отож байдаг. Өвлийн утаа нүдэнд харагдаж, аюул нь ил мэдрэгддэг бол тоос үгүй. Ялангуяа нарийн ширхэгт тоосонцор нь хүний нүдэнд харагдахгүйгээр үл барам хор хөнөөл нь бүр их байдаг аж.

Нийслэл Улаанбаатар хот 470 мянган га талбай эзлэн оршдог. Харин барилга байгууламж барьж, хүн амьдран суурьшсан бүсийг тооцвол нийт талбайн 40 орчим хувь болно. Энэ 40 хувь газар нутагт хүний үйл ажиллагаанаас болж үүссэн тоос, тоосжилт мэргэжилтнүүдийн санааг зовоосоор иржээ.

“Хотын суурьшлын бүсэд тоос, тоосонцрын хэмжээ их хэвээр байна. Бид энэ талаар зөндөө ярьдаг ч нэг их ач холбогдол өгдөггүй. Гэтэл энэ тоосонд 150 төрлийн химийн хорт бодис агуулагддаг юм. Үүнд янз бүрийн бичил биетээс гадна хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металл ч бий.

Насанд хүрсэн хүн хоногт 16 кг хүчилтөрөгч авах ёстой. Харин тоос уушгинд хүрвэл биед орох хүчилтөрөгчийн талбай багасаж байгаа юм. Гаднаас авах хүчилтөрөгч дутагдахаар бодисын солилцоо явагдах үйл явц удааширна. Улмаар тархины үйл ажиллагаа суларч, үүнийгээ дагаад бусад эрхтний үйл ажиллагаа ч доголддог. Тиймээс бид амьсгалах агаараа цэвэр байлгах хэрэгтэй” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Сайжаа тайлбарлалаа.

Урин дулаан цагт агаар дахь тоос тоосонцор, хорт бодисын дийлэнхийг хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл буюу автомашин “үйлдвэрлэдэг”. Хот маань 400 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй. Тэдний ихэнх нь олон жил ашигласан, ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн. Ийм машинаас ялгарах утаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар дахин нурших нь илүүц биз. Харамсалтай нь, бид нүдэнд үл харагдах хорт утаагаар зуны турш амьсгалж, үүндээ бараг дасал болох хэмжээнд хүрчээ. Уг нь агаар бохирдуулагч тээврийн хэрэгслээс тодорхой хэмжээний татвар авах хууль бий. Жолооч нар машины ангиллаасаа шалтгаалаад жилд 1800-9500 төгрөгийн татвар хураалгах учиртай. Үүнийг нийт машины тоонд үржүүлээд үзвэл багагүй тоо гарна. Гэвч хурааж авсан татварын мөнгөө иргэдийг цэвэр агаараар амьсгалах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулдаг, эсэх талаар тодорхой тоо баримт алга.

Агаар дахь тоос, тоосонцор нэмэгдэхэд автомашины утаанаас гадна өөр олон хүчин зүйл нөлөөлнө. Үүний нэг нь бороо гэвэл танд сонин сонсогдож магадгүй. Зун бороо ороход бид тоос арилж, чийг буулаа гэж баярладаг. Үнэхээр тийм. Гэхдээ гэр хорооллын орчим дахь бохир хөрс, тоос шороо борооны усаар дамжин урссаар төв замд хүрэх аюул бий. Тэр нь нар гарахаар хатаж, улмаар хүн, машины хөлөөр дамжин агаарт дэгддэг. Түүгээр нь хүмүүс өдөр бүр амьсгалж, уушгиа хордуулсаар байна.

Их утаа гаргасан иргэнд торгууль ногдуулах хуулийн заалт бий.

Бид агаарын бохирдол, тоосжилт хэрээс хэтэрлээ гэж их ярьдаг. Тэгсэн хэрнээ бохирдуулах гол эх үүсвэр нь бид өөрсдөө. Хашаандаа, эсвэл зам дагуух олны хөлийн газар дугуй, хаймар шатааж, хар утаа суунаглуулдаг нөхдүүдтэй хүн бүр л таарсан байх. Өнөөх утаа нь эргэн тойрны хэдэн км газарт тархаж, цээж хорсгоно.

Мөн овоолсон хогоо шатаана гээд бүтэх бүтэхгүй бүх л зүйл зөвхөн биднээс эхтэй. Энэ тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт бий ч иргэд үүнийг нь тэр бүр мэддэггүй.

“Агаарын тухай хуульд их утаа гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох заалт бий.

Мөн Хог, хаягдлын тухай хуульд ил задгай хог шатаахыг хориглосон. Тиймээс элдэв зүйл шатааж, агаар бохирдуулсан бол хоёр ч төрлийн хуулиар хариуцлага тооцох боломжтой” хэмээн БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбат өгүүлсэн юм.

Тэгэхээр иргэн та агаар бохирдуулж буй иймэрхүү тохиолдолтой таарвал холбогдох газарт нь мэдэгдэж, арга хэмжээ авхуулж болох нь. Бохирдуулагчдыг торгоод эхэлбэл эрхбиш нэгийг ухаарах байлгүй.

Бид өмнө нь тоос, тоосонцрын хэмжээ ямар түвшинд байгааг огт мэддэггүй байлаа. Харин 2007 онд ЖАЙКА-гийн шугамаар тоос, тоосонцрыг хэмжих багаж төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлжээ.

Өдгөө хотын хэмжээнд PM10 буюу том ширхэглэгт тоосонцрыг хэмжих 11, РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор хэмжих зургаан харуул 24 цагийн турш хэмжилт хийж байна.
Өвлийн цагт нарийн ширхэглэгт тоосонцор стандартаас байнга давдаг. Харин дулааны улиралд хэвийн түвшинд очно. Том тоосонцрын хувьд өвөл, хаврын аль ч үед стандартаас давах гээд байдаг. Хэрэв стандарт хэмжээнээс давбал хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг” хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Баярмагнай өгүүлсэн.

Дашрамд сонирхуулахад, үндэсний стандартын дагуу РМ 10 тоосонцрын агаар дахь 24 цагийн дундаж агууламж 100 микрограмм шоо метр байвал хэвийн хэмжээ гэж үздэг юм байна. Нарийн ширхэглэгт тоосонцрын хувьд энэ хэмжээ 50 микгрограмм шоо метр. Тэгвэл хотын тоосонцрын хэмжээ стандарт хэмжээнд байна уу гэдгийг судлаад үзье. Харамсалтай нь, хэмжилт хийж эхэлснээс хойш агаар дахь тоосжилтын хэмжээ стандартаас үргэлж давсаар иржээ. 

Тухайлбал, Улаанбаатар хот дахь РМ 10 тоосонцрын дулааны улирлын (5-9 дүгээр cap) дундаж агууламж 2014 онд  120 микрограмм шоо метрт нэлээд дөхсөн байна. Харин 2015 онд дээрх үзүүлэлт стандартаас доогуур байжээ. Гэхдээ энэ үзүүлэлт гэр хорооллын бүс нутагт аюултай түвшинд хэвээр. Тодруулбал, Зурагт, Нисэх, Толгойт орчимд тоосонцрын хэмжээ стандартаас давжээ. Гэхдээ ноднин тоосонцор бага байсан нь бидний сайных биш. Улс мөнгөөр гачигдаж, зам, барилгын ажил харьцангуй бага хийгдсэн нь үүнд нөлөөлсөн юм. Хэрэв бүтээн байгуулалтын ажил урьдынх шиг далайцтай өрнөвөл тоос, тоосонцор дахиад л улаан шугам давна гэсэн үг.

Бүтээн байгуулалтын ажил урьдынх шиг далайцтай өрнөвөл тоос, тоосонцор дахиад л улаан шугам давна.

Нийслэлчүүд өвөл, зунгүй агаарын бохирдол, тоос тоосонцортой агаараар амьсгалж байгаа нь нэгэнт тодорхой. Үүнийг шийдвэрлэх арга зам нь ногоон орчин болоод гудамж талбайн тохижилт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ядаж л зэрлэг ургамлаасаа салчихвал агаар дахь тоосонцор үлэмж багасах аж.

“Зэрлэг ургамал өөртөө асар их тоос агуулдаг. Багахан салхи хөдлөхөд л хүний нүдэнд харагдахгүй их хэмжээний тоос дэгдэнэ. Тэр нь амьсгалын замаар хүний биед нэвтэрч, харшил үүсгэдэг. Тиймээс тоос хуримтлуулдаг зэрлэг ургамлыг багасгах хэрэгтэй. Мөн зүлэг ногоогоо байнга урлавал тоос алга болно” хэмээн Сайжаа гуай зөвлөсөн юм.

Нийслэлийн иргэдийн 68 хувь нь харшилтай гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Мөн агаар дахь тоосонцор нас баралтыг 30 хувиар нэмэгдүүлдэг гэсэн аймшигтай тоо ч харагдана. Аль аль нь анхаарал татах асуудал мөн.

Харин анхаарлын төвд байгаа асуудлыг шийдэхэд төрийн байгууллагууд дангаараа зүтгээд хүчрэхгүй. Тиймээс ил задгай хог шатаахгүй байх, хашаандаа зүлэг, мод, цэцэг суулгах зэргээр бүгд дор бүрнээ хичээвэл тоосонцор хэмээх дайсныг дарах боломжтой.

Өвлийн утаа дүүрч. Ядаж дэлгэр зундаа цэвэр агаараар амьсгалмаар байна шүү дээ.

 

Зураг