Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны гурван сард хувийн цэцэрлэг ч олдохгүй нь

Б.Даваахүү
2016 оны 5 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Хаврын хахирган өдрүүд ард хоцорч, нялх ногооны үнэр ханхилан наран ээсэн зуны өдрүүд айлсан иржээ. Хэзээ мөдгүй сургууль, цэцэрлэгүүд тарах болж, оюутнууд ч хаврын шалгалтаа өгөөд эхэлчихэж.

Ийм үед эцэг эхчүүд, ялангуяа 2-6 насны бяцхан хүүхдээ харах хүнгүй гэр бүлүүд зун ажилладаг хувийн цэцэрлэгийн эрэлд гардаг нь нууц биш. Хэдийгээр албан байгууллагын ажилтнууд жилдээ нэг удаа амралт авдаг ч, хугацаа нь 14 хоногоор хязгаарлагдах нь вий. Улмаар зуны улиралд олон бяцхан жаалууд гэртээ цоожлогдон үлдэж, түлэгдэж бэртэх, улмаар амиа алдах зэргээр хохирсоор байдаг. Тиймээс бид энэ удаа зун үйл ажиллагаа явуулах цэцэрлэгүүдийн үнэ ханш болоод саяхнаас хэрэгжиж эхэлсэн хүүхэд харах үйлчилгээний талаар сурвалжиллаа. 

Хувийн 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэв 

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга гаруй хүүхэд бий гэсэн тоон мэдээлэл байдаг. Тэдний 91 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн нь цоожтой хаалганы цаана эцэг эхээ хүлээн өрөвдөлтэйгөөр өдрийг өнгөрүүлдэг байхад зарим нь эмээ, өвөөгийнхөө гар дээр эрхэлж, харин заримынх нь эцэг эх эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдээ харсаар өдөр сарыг элээдэг байх юм.  Тэгвэл долоо хүрэхгүй хоногийн дараа буюу зургаадугаар сарын 1-нээс төрийн өмчийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсооно. 

Тиймээс эдүгээ эцэг эхчүүд аль хэдийнэ зуны гурван сар үйл ажиллагаагаа явуулах хувийн цэцэрлэг хайж буй нь гарцаагүй.  Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Нийслэлийн боловсролын газрыг зорьж, нийслэлийн хэмжээнд хэдэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас, хэчнээн нь төрийн өмчийн бус цэцэрлэг байгааг асууж тодруулсан юм. Тэгвэл, 

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 500 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулснаас 300 гаруй нь төрийн өмчийн бус цэцэрлэг байжээ. 

Хувийн цэцэрлэгүүд Нийслэлийн боловсролын газраас тусгай зөвшөөрөл авдаг аж.  Бид зун үйл ажиллагаа явуулах хувийн цэцэрлэгийн талаарх нэгдсэн тоон мэдээлэл авахыг хүссэн ч, тус газрын мэргэжилтэн зун ажиллах цэцэрлэгт тусгайлан зөвшөөрөл олгодоггүй гэдгийг учирлаж байсан юм. Тодруулбал, хувийн цэцэрлэгүүд эрэлт, хэрэгцээндээ тулгуурлан зургаа болон наймдугаар сард хугацаагаа сунган ажилладаг бөгөөд ихэнх нь долдугаар сард амардаг ажээ. 

Цэцэрлэгийн төлбөр 180-900 мянгын хооронд хэлбэлзэж байна 

Ингээд Нийслэлийн боловсролын газрын орхиж,  сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн цэцэрлэгтэй холбогдож, зун ажиллах эсэхийг нь тодрууллаа. Ерөнхийдөө хувийн цэцэрлэгийн төлбөр байршил, ажиллах цаг, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр зэргээсээ хамаараад сарын 180-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.  Бидний асууж тодруулснаар хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчийн бус цэцэрлэг “Ecokindergarden” байв. 

Маршалын  гүүр “River garden” хотхонд байрлалтай тус цэцэрлэг ой найман сартайгаас эхлэн тав хүртлэх насны хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд хүүхдийн насны байдлаас хамаарч сарын төлбөр нь 750-950 мянган төгрөг байдаг ажээ. Бусад цэцэрлэгээс ялгагдах онцлог нь балет, хийл, төгөлдөр хуур, шатар даамны хичээлийг хүүхдүүдэд заадаг байна.  Уг цэцэрлэг зургаа болон наймдугаар сард ажиллаад, долдугаар сард амардаг аж. 

Ямартай ч, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд бүхий энгийн цэцэрлэгт  гурван сар хамрагдах хэмжээний өртөгөөр энэ цэцэрлэгт бяцхан жаалууд нэг сар л хичээллэдэг бололтой. Харин цэцэрлэгийн төлбөрийн дундаж нь 250-300 мянга, хамгийн бага нь 180 мянга орчим байх жишээтэй.  Цэцэрлэгийн төлбөр, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь ч гэсэн хүмүүсийн амьдралын ялгааг тод томруунаар харуулж буй мэт санагдаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.  

Тодруулбал, тансаг зэрэглэлийн хороолол, хотхон дунд байрлах цэцэрлэгийн төлбөр өндөр байхад, хотын зах хэсэгт байрлах цэцэрлэгийн сарын төлбөр харьцангуй хямд буюу 180 мянган төгрөг байх ажээ.  Цэцэрлэгийн төлбөр өндөр байгаа ийм үед хэд хэдэн иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжих эсэхийг лавлаж байсан юм. Тиймээс бид эл үйлчилгээний хэрэгжилтийг сонирхон Хүүхэд гэр бүл хөгжлийн газрыг зорьсон хэрэг. 

“Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжихгүй 

Судалгаагаар манай улсын тав хүртэлх насны хүүхдийн найман  хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог бөгөөд 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна.

Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60.9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байдаг бөгөөд асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхидог гэсэн харамсмаар тоон баримт бий.

Тэгвэл эзэнгүй гэртээ цоожлогдон үлддэг хүүхдүүдэд ээлээ өгөх нэг чухал хууль батлагдсан нь Хүүхэд харах үйлчилгээний хууль. 
Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч болон эмэгтэй гишүүд эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бүхий “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Удаан хөлтэй байсан ч уг хууль 2015 оны долдугаар сард батлагдсан билээ. Энэхүү хууль батлагдсанаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй гэртээ цоожлогдон үлддэг байсан 2-6 настнуудад нар гийсэн гэхэд болно. Үр өгөөжтэй хуулийн ачаар гэртээ цоожлогдон үлддэг байсан хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролыг тавдугаар сард авч чадлаа. 

Гэвч сургуулийн өмнөх боловсрол олгохтой холбоотой асуудал ундарсаар байгаа юм. Жишээлбэл, улирлын болон уртасгасан цагаар ажилладаг эцэг эхчүүд мөн хүүхэд харах хүнгүйн улмаас хүүхдээ зуны улиралд ч гэсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй иргэд цөөнгүй. Зун болохоор улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсч, хувийн цэцэрлэгүүд 2-6 настнуудад сургуулийн өмнөх боловсрол олгодог. Хувийн цэцэрлэгийн сургалтын төлбөр өндөр учраас зарим хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй дахиад л гэртээ цоожлогдох байдал үүсдэг. Үүнээс үүдэн хүүхэд харах үйлчилгээг зун хэрэгжүүлэх үү гэж сураглах иргэд ч олон байгаа юм. 

Иймд бид Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн төвийг зорьж, дээрх асуудлыг тодрууллаа. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Ю.Одгэрэлийн хэлж буйгаар “Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжих боломжгүй ажээ.  2015-2016 оны хичээлийн жилд уг үйлчилгээ энэ сард хэрэгжээд дуусах юм байна. Сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой уг үйлчилгээ нь 9-12 дугаар сар, 1-5 дугаар сар хүртэл хэрэгжих гэнэ.  Мөн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тус үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн асуудлыг тодруулснаа хүргэе. 

Ю.Одгэрэл: Нийт 1,300 гаруй хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдсан 

-Хүүхэд  харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд таван сар болсон байна. Энэ жил хэчнээн иргэн сургалтад хамрагдаж хүүхэд харах үйлчилгээ эрхэлсэн бэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Юун түрүүнд энэ үйлчилгээний талаар тайлбарлах хэрэгтэй болов уу. Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгт явах боломжгүй 2-6 настай хүүхдийг  харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг явуулах иргэдэд тодорхой шалгуур тавьсан. 

Тухайлбал, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн байх, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн үйл ажиллагаа явуулах байраа бэлдэх ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлсэн хүмүүс хүүхэд харах үйлчилгээ эрхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд 810  хүүхэд харагч бэлтгэгдсэн. 

Одоогийн байдлаар 150 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байна. 

Эдгээрээс одоогийн байдлаар 150 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байна. Ер нь энэ жил нийслэлийн хэмжээнд 6000 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдана гэсэн урьдчилсан квотыг тогтоосон. Түүний дагуу есдүгээр сараас өмнө хүүхэд харагч нараа сургалтад хамруулж, бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүсийн тоо болон энэ үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоог нэмэх ажил хийгдэнэ. 

-Энэ жил 6,000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэлээ. Энэхүү үйлчилгээний хэрэгжилт хэр байна вэ. Эцэг эхчүүд хэр идэвхтэй хүүхдээ хамруулж байна вэ?

-Ер нь нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 23,670 хүүхэд байдаг.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 6,291, Сонгинохайрхан 9,068, Чингэлтэй 4,536, Баянгол 1,384, Сүхбаатар 320, Хан-Уул 983, Налайх 996, Багахангай 71, Багануур 21 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулж сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой хүүхдүүд гэсэн үг. 

Мөн хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2,439 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүд тус үйлчилгээнд хамрагдах боломжтой. Бид квотын дагуу 1,182 хүүхэд харагчийг бэлтгэх ёстой. Одоогийн байдлаар 810 хүүхэд харагч бэлтгэлээ. Үүнээс харахад зорилгынхоо 60-70 хувийг биелүүлжээ. Өөрөөр хэлбэл уг үйлчилгээний хэрэгжилт 60 гаруй хувьтай байна гэж ойлгож болно. 

-Энэ үйлчилгээнд хэдэн хүүхэд хамрагдсан юм бэ?

-Дөрөвдүгээр сарын байдлаар  хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй 150 байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 1,300 гаруй хүүхэд хамрагдлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой гэлээ. Хүүхэд харагч багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох талаар сургалт явуулсан уу?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохдоо заавал сургалтад хамрагдсан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Сургалтын агуулгад нийт таван төрлийн чадамж эзэмшүүлэх хөтөлбөр орсон. Жишээлбэл, хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа зэрэг чадамж олгох сургалтад хамрагддаг. 

Тэгэхээр тухайн хүүхэд харагч сургалтаас чадваржиж гарч байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авах уу гэдэг нь тухайн хүний өөрийнх нь сонирхлын асуудал. Бид сургалтаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах чадамжийг олгосон. Хүүхэд харагчийн чадамжийн сургалт таван өдөр болдог. Нэг удаа хичээллэхдээ 25 хүн хамрагддаг. 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй, уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд их бий. Сургалтын бүртгэл дүүргүүдийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдэд явагдаж байгаа. Сургалтад хамрагдсан иргэд шалгалт өгдөг. Хэрвээ шалгалтдаа тэнцвэл байрны дүгнэлт гаргуулж авдаг.  Үүний дараа үйл ажиллагаагаа эхэлж болно. Дөрөвдүгээр сарын байдлаар 391 хүн байрныхаа дүгнэлтийг гаргуулан, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан. 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд улсаас 130 мянган төгрөг өгч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст хүүхдийн норматив зардал буюу 130 мянган төгрөгийг улсаас олгож байгаа. Үүнд тухайн хүүхдийн хоол хүнс болон хувьсах зардал орсон. Харин хүүхэд харах үйлчилгээний дэмжлэг олгох журамд эцэг эхээс урсах зардлын 70 хүртэлх хувийг гаргуулах боломжтой гэж заасан. Тэгэхээр энэ дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгө гаргуулж болно. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхдийг харах боломжтой. 

Нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхдийг харах боломжтой. 

Хэдий улсаас хувьсах зардлыг өгч байгаа ч гэсэн нэмэлт төлбөрийг яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бид үйлчилгээндээ энэ мөнгийг зарцуулах боломжгүй, хүрэлцэхгүй гэж бодож байгаа хүүхэд харагч нар 130 мянган төгрөгийн 70 хүртэлх хувийг эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр гаргуулах боломжтой гэсэн үг. 

-Энэхүү үйлчилгээнд ямар байгууллага хяналт тавьж ажиллах юм бэ. Энэ талаар эцэг эхчүүд сонирхож байгаа байх?

-Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн эцэг эх хяналт тавихаас гадна Мэргэжлийн Хяналтын байгууллага, Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийн ажилтнууд болон яамнаас ч гэсэн хяналт тавьж ажиллаж байгаа.

Зун ажиллах зарим цэцэрлэг

Цэцэрлэгийн нэр

Төлбөр

 

Цагийн хуваарь

Зун ажиллах сар

Хаяг, байршил

 

Холбоо барих

 

Нандин гурван эрдэнэ

250,000

08:00-20:00 цаг хүртэл

Зуны гурван сар бүтэн ажиллана

ЧД,

Баянбүрд

50-р сургуулийн ард

99056389

Басархан

350,000

08.30-19:00 цаг

7, 8 дугаар сард ажиллана

ЧД, 5-дугаар хороо, 21-дүгээр байр

70119979, 99019063

Номин кидс

290,000

07:30-19:00

6, 8 дугаар сард ажиллана

ХУД, хуучин гутлын үйлдвэр “Nomin Unite”

99764794, 94219898

Жаргалан

220,000

08:00-20:00

Зуны гурван сар бүтэн ажиллана

Саппоро, 10-р хороолол, 13 дугаар хороололд тус тус салбартай.

89108448

Ecokindergarden

750-950,000

 

6, 8 дугаар сард ажиллана

Маршалын гүүрRiver garden хотхон

88084446

Микки Бөмбөөлэй

250,000

08:00-19:00

Зуны гурван сар ажиллана

Циркийн зүүн талд 29-р байр

99042455

Сонохон

270,000

07:30-19:00

6 сард ажиллана

БГД, 10-р хороолол Номин их дэлгүүрийн чанх урд

 

99357112

Унагалдай

200,000

07:30-20:00

6, 7 дугаар сард ажиллана

Бгд, 4-р хороолол, 47-р сургуулийн зүүн талд 57А байр

99161310

Бөмбөөхөн

250,000

08:00-19.00

6, 8 дугаар сард ажиллана

БГД, 4-р хороолол, Модны 2-рт

88684466

Сэргэлэн божуухай

150,000

07:00-19:00

Зуны гурван сар ажиллана

ЧД, 10-р хороо , Дэнжийн 1000, 39-р сургуулийн хойно

99286588,98718288, 99628288

Дүдү эмээ

350,000

08:00 - 19:00

6, 7 сард ажиллана

СБД,Залуучуудийн өргөн чөлөө-13 "Окей төв"-ийн зүүн хаалга, Хөгжим бүжгийн сургуулийн замын эсрэг тал

99179777 

Зураг