Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орд газар ашиглах эсэхийг ШҮҮХ бус АМГ шийддэг байлтай

Монголын мэдээ
2016 оны 5 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг Монголчууд шийдэх гэж ноцолдсоор долоон жилийг барав.  

Өдгөө ч ноцолдсон, ноологдсон хэвээр.  Ашгүй нэг юм  ард нь гарах нь хэмээн горьдож байтал тамын тогооны үлгэр нь амилж орхих юм. Уул нь өнгөрсөн  хоёрдугаар  сарын 4-ний өдөр  Гацууртын ордтой холбоотой асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн баригдаж, ордыг ашиглаж болох тухайд УИХ-ын эрхэм гишүүдийн олонх нь  дэмжиж буйгаа илэрхийлэн кнопоо дарсан билээ. 

Үүнээс улбаалан  хоёр талын ажлын хэсэг  буюу  Монголын талаас Уул уурхайн яам, Канадын талаас “Centerra Gold” компаниас томилогдсон албаны хүмүүс хэлэлцээрийн ширээнд  Торонто хотноо сууцгаан, Ашиглалтын болоод Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг  хэлэлцэцгээсэн. Хоёр дахь  хэлцэл Улаанбаатар хотноо үргэлжилж буй. Харамсалтай нь  гэрээ хэлцэл, эцэслэгдэн шийдэгдээгүй байтал  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн  шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бүх асуудлыг  бужигнуулж орхих нь тэр.    

Шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд хянаснаар анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болж,  Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талуудын гаргасан гомдлыг авч хэлэлцээд хэргийг хэлэлцэх асуудлыг түр түдгэлзүүлсэн юм.

Шүүх хуралд нэхэмжлэгчээр "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн, хариуцагчаар Ашигт Малтмалын газар, харин “Centerra Gold Mongolia” компани гуравдагч этгээдээр оролцсон билээ. Гэтэл нэхэмжлэгч талынхан шүүхийн шийдвэрийг хальт сонссон юм болов уу даа, “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ үед “Centerra Gold” компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл гарч магадгүй. 

Харин Ашигт Малтмалын газар шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдээд байгаа юм”  хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж орхив. Тэр ч байтугай  “Шүүх шийдвэрээ долоо хоногийн дараа буюу энэ пүрэв гарагт Ашигт Малтмалын газарт хүргүүлнэ гэж мэдэгдлээ” хэмээн ташаа мэдээлээд зогсохгүй  сайт, сониноор ярилцлага өгөн, “Centerra Gold”компаний нэр төрд халдаж эхэлжээ. Шинэ долоо хоног гарсаар  ч мэдээлэл үргэлжилсэн хэвээр. Өчигдөр гэхэд л “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх компанид шийдвэрээ хүргүүлээгүй гэжээ. Одоогоор тус компани нэмэлт мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа юм байна” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тавигдсан байх жишээний.   

Аливаа орд газрыг ашиглах эсэхийг шийддэг газар нь шүүхийн байгууллага бус Ашигт малтмалын газар  байлтай.

Угтаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, гэм буруутайг шүүх  байгууллага бүрэн тогтоогоогүй тохиолдолд байгууллага, хувь хүний нэр төрд халдах нь өөрөө хуулийн хариуцлага хүлээх нөхцөл болдог биш билүү.

Нөгөөтэйгүүр, аливаа орд газрыг ашиглах эсэхийг шийддэг газар нь шүүхийн байгууллага бус Ашигт малтмалын газар  байлтай. Гэтэл ашиглалтын тусгай  зөвшөөрлийг нь  ямар үндэслэлээр  шүүх түдгэлзүүлээд байгааг ойлгох гээд чадсангүй. “Centerra Gold” компани ч  ийм байр сууриас асуудалд хандаж байгаа байж мэднэ. Ямартай ч  өнөөдөр давж заалдах шатны шүүх хурлын тов зарлагджээ. Харин давж заалдах эрх бүхий  Ашигт малтмалын газар ямар байр суурьтай байгаагаа одоогоор мэдэгдээгүй байна. Тэгээд ч холбогдох газрын дарга нар нь гадаадад томилолтой яваа тул  шүүх хурал болох  эсэх нь эргэлзээтэй. Хуульд заасан ёсоор АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралд оролцох л ёстой. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг Давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд нэмэлт материалыг цуглуулах шаардлагатай  хэрэгтэй гэж үзвэл шүүх хурал  үргэлжлэх боломжгүй. 

Нөгөөтэйгүүр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнөөс хэн нэг нь  УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа юм болов уу гэх таамаг гадуур явах болж. Үнэндээ Ноён уулыг гар аргаар алт олборлогчид шүүрэн шанага адил цоолж нүхэлж, тэнд залуучууд шороонд дарагдаж,  өөр нэг нь  шуналдаа хөтлөгдөн нэгнийхээ амийг егүүтгэж байсан тэр өдрүүдэд Ноён уулаа авардаг нөхдүүд хаагуур явж байсан юм болоо. Чихийг нь бөглөсөн мэт таг чиг явсан санагдах юм.

Учиртайхан улстөржиж болдоггүй л юм байх даа. Монголын төр эдийн засгийн хямралыг давж гарз багатайгаар давж гарах гэж ядаж байх зуур  төрийн үйл хэргийг хутган үймүүлэгчид энэ  мэтчилэн элдэвлэх  юм даа.

Гацуурт хэмээн ид бужигнаж үетэй зэрэгцээд хөлөө дэвслэн  эсэргүүцлээ илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн бол тэдний сэтгэлийг хүндэтгэхсэн. Нэгэнт хөдөлсөн галт тэрэгний араас хэчнээн гүйгээд  зогсоож чадах нь юу л бол. Зогсоож чадсан гээд цээжээ дэлдэх мөчид Монгол Улс “Хан Ресурсын” араас яваад орчихвол хариуцлагыг нь  өнөө аврагчид төлнө гээд зогсч байна  гэж би хувьдаа итгэхгүйдэг.   

Зураг