Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ыг даргагүй байлгаж, нэр дэвших замаа тэгшитгэв үү

Б.Төгөлдөр
2016 оны 5 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх сонгууль эхнээсээ л хуулийн дагуу явагдана гэдэг үлгэр шахам болсон. Харахад хуулийн дагуу мэт боловч цаад утгаараа эрх баригчид хуулиа өөрсдөдөө зориулаад баталчихсан.

Тиймээс хууль зөрчсөн гэх үндэслэл тун бага. Харин хууль зөрчсөн эсвэл нэр дэвшиж, сонгуульд оролцох боломжгүй гэдгийг батлах учиртай газар нь өдгөө АТГ.

Гэтэл парламентын гишүүдийн хувьд АТГ-ын даргыг томилох сонирхолгүй байгаа нь илэрхий. Тиймдээ ч өчигдөр УИХ-ын дарга чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамж гарган, мөрдүүлэхээр боллоо.

Захирамжид дурдсанаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар болж байгаа юм. Тэгэхээр АТГ  толгойлох даргагүйгээр дахин сарын хугацааг үдэх аж.

Уг нь энэ сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад Х.Энхжаргалын нэрийг дэвшүүлсэн. Гэвч УИХ-ын зүгээс олон дамжлагынхаа алинаар нь ч оруулаагүй гацаасаар байгаад ийн түр завсарлачихлаа.

Анх УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх үеэр Ц.Нямдорж гишүүн “Орных нь хүнийг хэзээ оруулж ирэх юм бэ. Чөлөөлөгдөх хүнтэйгээ ажил авах хүнээ цуг оруулж ирсэн бол зүгээр байлаа. Хүчний, хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийн томилгоо хоног алдаж болдоггүй эд шүү дээ. Улс төрийн дайралт хуулийн байгууллага руу өдөр шөнөгүй хүйтэн салхи, мөндөр болж орж байна. Ийм үед энэ байгууллагыг эзэнгүйдүүлээд хаячихаар хэцүү болно доо. 2008 оны сонгуулийн өмнө цагдаагийн даргыг солиод орных нь хүнийг тавилгүй бараг даргагүй шахуу сонгуульд орсон. Тэгээд юу болсныг бүгд мэдэж байгаа” хэмээж байсан. Ёстой л түүний хэлснээр болж АТГ эзэнгүйдлээ.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан бол УИХ-ын холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргах ёстой. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, илээр санал хураалт явуулан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар томилох эсэхийг шийдвэрлэх учиртай.

Гэвч УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичгийг хүлээн авсныхаа дараа Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар хүргүүлсэн гэдэг. Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын материалыг хянаж үзээд уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна гэсэн хариуг УИХ-д хуулийн хугацаанд нь багтаан өгсөн байдаг юм билээ.

Хуулиа дээдэлж, ёсоо бодсон уу Хууль зүйн байнгын хороогоор энэ сарын 10-нд АТГ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэх гэсэн авч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар бүлэг дээр ярьж зөвлөх хэрэгтэй. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй учраас бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна" хэмээсээр хойшлуулж чадсан. Мэдээж үүнийг нь сөрөг хүчин болох МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж байсан болов ч тусыг эс олсон.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “АТГ-ын даргын томилгоог байнгын хороогоор хэлэлцье гэж шийдвэрээ гаргасан ч АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч АН-ын бүлэг хуралдаагүй байна. Мөн АТГ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад өргөн мэдүүлдэггүй, УИХ-ын даргад өргөн барьдаг. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын зөвлөлд оруулж ирдэг. Тэр дагуу дэс дараа гаргаж эрэмбэлдэг. УИХ-ын даргын зөвлөлөөр шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаа багцалж, дэс дараалалд оруулаад, түүний дагуу Байнгын хороо бэлтгэл хангадаг. Энэ ажил хийгдээгүй. Бүлэгт сануулсан, “Завсарлага дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг хэлсэн байгаа” гэх тайлбарыг өгөөд байгаа. Үндсэндээ УИХ-ын дарга болоод АН-ын бүлэг АТГ-ын даргын томилгоог гацаачхаад байна хэмээсэн. Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгээс хамааралтай зүйл энд огт байхгүй. Ном ёсоороо бол өргөн баригдсан хуулийн төслийг УИХ-ын дарга харьяалагдах байнгын хороо руу шилжүүлдэг. Харьяалагдах байнгын хороо нь тухайн шилжиж ирсэн асуудлыг аль долоо хоногт, хэдийд, ямар дарааллаар УИХ-ын даргын зөвлөл рүү оруулах вэ гэдгийг шийдэж саналаа өгдөг. 

Тэр нь УИХ-ын Тамгын газраар дамжиж даргын зөвлөлд орж ирдэг. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос ямар ч тийм шийдвэр гаргаагүй хэлбэл, өөрсдөө оруулаагүй гэсэн уг шүү дээ.Тэгсэн мөртлөө үүнийгээ бүлэг рүү чихэж байгаа. Одоо энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн байхад нь бүлэг завсарлага авсан. Хууль зүйн байнгын хороо асуудлаа үргэлжлүүлээд шийдвэрээ гаргах нь бүрэн нээлттэй. Тэгэхээр АТГ-ын газрын даргын томилгоо нь Хууль зүйн байнгын хорооны л шийдэх асуудал юм. Түүнээс биш бүлэг рүү чихээд, бүлэг шийдвэр гаргана. Бүлгийн шийдвэрийг харна гээд байж болохгүй. Бүлэг шийдвэр гаргаж ч болно. Гаргахгүй ч байж болно. Хүчний байгууллагын дарга, удирдлагыг томилгоо, бусад асуудал дээр улс төрийн намын бүлэг шийдвэр гаргах нь тун зохимжгүй юм гэж үзээд бүлгийг хуралдуулаагүй" гэдэг тайлбар яриад сууж байгаа.

Үнэн хэрэгтээ хэн, хэн нь учиргүй хуулиа дагадаг, дэгээ мөрддөг мэт ярьж, харагдаж байгаа боловч цаад утгаараа АТГ-ыг даргагүй байлгаж, УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөн ялалт байгуулах алхмыг илүүд үзэж байгаа нь илэрхий болоод байна. Ядахад Ерөнхийлөгч оффшортонгуудыг хуулийн байгууллагынхан шалгах ёстой гэдэг байр сууриа илэрхийлчихсэн нь бүр “дарин дээр давс” гэдэг болов.

Өнөөгийн улстөрчдийн хувьд АТГ-ын даргаар Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилж, өөрсдөдөө сонгуулийн үеэр чөдөр тавих хүн байхгүй л болов уу. Тиймээс АТГ-ын даргын томилгоог хэлэлцэхгүй чи, би хэмээн бие биедээ бурууг чихсээр чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. УИХ-ын чуулган ирэх зургаадугаар сарын 23-ныг хүртэл даргагүйгээр ажиллах шаардлагатай болж байгаа юм. Энэ хугацаанд оффшортнууд болоод бусад байдлаар АТГ-т чөдөрлүүлэх байсан хүмүүс “амар сайхандаа жарган”, нэр дэвших эрхийнхээ замыг шулуутгаж амжина гэсэн үг.

Давааны цаадах давааг олж харахын тулд АТГ гэх том айлыг толгойлох эзэнгүй байлгах бодлогыг энэ удаагийн парламент дотооддоо хөлөө жийлцсэн байдлаар ийнхүү шийдвэрлэж байгаа нь иргэд, сонгогчдын нүдийг боож, чихийг таглаж байгаад санал авах гэсэн оролдлого гэж хардахаас аргагүй үйлдэл болж байна. Үлдсэн хугацаа буюу зургаадугаар сарын 23-наас хойш УИХ-ын чуулганаар АТГ-ын даргыг томилно гэдэг юу л бол. Нэгэнт гүрийсэн парламентын хувьд энэ хэвээр эзэнгүй байлгаж байгаад өөрсдөө дараагийн УИХ-д сонгогдон тангараг өргөвөл гишүүний бүрэн эрх гээчээр хаалт хийн “энхийн цагаан тагтаа" шиг Төрийн ордонд залрахыг санаархаж буй бололтой.

Зураг