Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс капитализмын зүгт том алхам хийлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт дэлхийн сүүлчийн коммунист улсуудын нэг Куба чухал шийдвэр гаргаж жижиг болон дунд хэмжээний хувийн бизнес эрхлэхийг хуулиар зөвшөөрлөө.

Ийнхүү Куба улсад анх удаа төрийн бус бизнесийн үйл ажиллагаа хууль ёсны зөвшөөрөлтэй болж байна. Энэ нь 2008 онд ах Фидель Кастрогоос засгийн эрхийг хүлээж авсан Рауль Кастрогийн шинэчлэлийн бодлогын нэг хэсэг юм. Өмнө нь тэр цөөн тооны Кубчуудэд жижиг хэмжээний хувийн бизнес эрхлэх зөвшөөрөл олгоод байв.

Гэхдээ өчигдрийн хуульчилсан боломж нь ямар хүрээнд хязгаарлагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Ер нь Кубын коммунист засаг захиргаа хувийн салбарт маш хатуу ханддаг.

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-22-нд Кубад айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Үүний дараа хатуу чиг шугам баримтлагч коммунистууд АНУ бизнесмэнүүдээр дамжуулж Кубын хувьсгалыг нураахыг оролдож байна хэмээн шүүмжилж байжээ.

Улс орны ирэх таван жилийн төлөвлөгөөг төрийн мэдээллийн хэрэгслээр нийтлэн тараахад өнгөрсөн сард болсон Кубын Коммунист намын их хурлаас ийм шийдвэр гаргасан болох нь ил болсон байна.

Өнөөг хүртэл Кубачууд өргөн хэрэглээний барааг зөвхөн төрийн өмчийн дэлгүүрүүдээс эсвэл хар захаас авдаг байжээ.

Гэхдээ энэ шийдвэр хэрэгжтэл дахин хэдэн сарын хугацаа орно. Учир нь уламжлал ёсоор үүнийг жилд хоёр удаа болдог Кубын Үндэсний Ассембли баталдаг аж.

 

Эх сурвалж: Associated Press