Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн: Гадны 58 улсад 125 мянга гаруй Монгол иргэн амьдарч байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Хэргийн Яамнаас долоо хоног бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралд Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д очсон айлчлалын талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ-аас 300 сая ам долларын тусламж үзүүлэх бөгөөд ТЭЗҮ-г нь баталж, долоон төсөлд хөрөнгө оруулах баталгаа хийжээ. Иргэдэд хамгийн хүртээмжтэй нь хот хоорондын автобуснуудыг шинэчлэх төсөлд энэ мөнгөнөөс хөрөнгө оруулалт татах юм байна.

Мөн боловсролын салбарт болон арван аймагт ДЦС байгуулах ажлыг БНСУ-ын зээлээр хийхээр болсон тухай сайд мэдэгдлээ.

Л.Пүрэвсүрэн сайд тавдугаар сарын 30-31-нд Япон улсад айлчилж “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцож, Монгол Улсын Зүүн Азийн талаар баримталж буй бодлоготой холбоотой илтгэл тавих юм байна.

Мэдээлэл өгснийхөө дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-АНУ-д ор сураггүй алга болсон Монгол эмэгтэйн автомашинаас олдсон цогцосны ДНХ-ийн шинжилгээний хариу гарсан уу. Ер нь гадны улс оронд гэмт хэргийн золиос болж буй иргэддээ хэр анхаардаг вэ?

-Харамсалтай зүйл болсон. Тавдугаар сарын 9-ний өдөр түүний машинаас Ази эмэгтэйн цогцос олдсон. ДНХ-ийн шинжилгээний албан ёсны хариу гарахад олон долоо хоногийн хугацаа хэрэгтэй.

Ер нь гадаадад байгаа иргэд гэмт хэргийн золиос болох, хэрэгт түвэгт орооцолдох тохиолдол гарч байна.

Одоогийн байдлаар гадны 58 улсад 125 мянга гаруй Монгол иргэн амьдарч байна. Харин 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа. Харамсалтай нь 31 иргэн хар тамхины хэрэгтэй байгаагийн гурав нь цаазын ял авсан байдаг.

Манай Консулын газрын хариуцлаг гадаадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангаар дамжуулан иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зардал мөнгийг нь гаргах зэргээр ажилладаг юм.

Энэ төсвийн байдлаас болоод төдийлөн их биш ч зарцуулалтад нь манай яамнаас хяналт тавьдаг.

-Хонг Конгтой ялтан солилцох гэрээ хийж Монголчуудыг авчирна гэсэн. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хууль Зүйн сайд Д.Дорлигжавыг Хонг Конгд айлчлах үеэр ялтан солилцох хэлэлцээр байгуулсан. Хонг Конгд хоригдож байгаа, гэмт хэрэг хийсэн, ялыг нь Монголд үргэлжлүүлэн эдлүүлэх боломжтой хүмүүсийг хамруулна. Тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь хулгайн хэргээр хоригдож байгаа учир Монголд ялыг нь эдлүүлэх боломжтой.

-Солонгост хийсэн айлчлалын үеэр визгүй зорчих, ажилчлын квотыг нэмэгдүүлэх асуудал яригдсан уу?

-Хоёр жилийн өмнө БНСУ-тай визний хугацааг хөнгөвчлөх талаар хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр хэрэгжиж байгаа.

Харамсалтай нь сөрөг талууд гарч байна. Сүүлийн нэг жилийн дотор БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Визнийхээ хугацааг хэтрүүлэх тохиолдол хэдэн зуугаар тоологдох бөгөөд энд байгаа гурван сая иргэний гадагш зорчих боломж хумигдаж байна.

Солонгост хөдөлмөр эрхлээд, нарийн мэргэжлийн ажил хийж байгаа тохиолдолд ажилласан жилийг нь тооцож мэргэжлийн гэрчилгээ олгож, үнэмлэхжүүлэх асуудлыг хоёр тал ярилцсан.