Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Африк шиг цалинтай, Токио шиг үнэтэй

ikon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Капитализмын төгсгөл -

MDG группийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэнтэй ярилцлаа.


-Сайн байна уу та, таны ажил үйлс  өндөр үү?

-Гайгүй дээ, эсэн бусын юм сонсогдоод л, энэ дэлхий дээр чинь гадаад дотоодгүй л бужигнаж байх шив дээ.

-Офшор данс илэрснийг хэлж байна уу?

-Офшор данс хамгийн дуулиантай нь байлаа л даа. Бохир мөнгөө нуудаг, угаадаг улстөрчид, нийгмийн тархийг угааж алзны тор шиг хөгжлийг боомилогчдын нэгээхэн хэсэг ил гарав уу гэж харж байна. Гэхдээ бид хэзээ нэгэн цагт бүх зүйл ил болоход гайхахааргүй даярчлагчдсан дэлхийд амьдарч байна  шүү дээ.

-Та саяхан нэг глобальчлалын төгсгөл гэдэг илтгэл тавьсан. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна лээ?

-Тиймээ, “Өглөөний уулзалт” клубийн урилгаар. Яахав зарим хүний эгдүү хүрч, зарим хүнд тийм ч ойлгомжтой буухгүй байх шиг байсан.  Одоо нүүрлээд байгаа энэ хямрал чинь зөвхөн Монголынх биш л дээ, гэхдээ зөв эвтэйхэн бодлого барьсан бол энэ зэргийг гайгүй даваад гарах л байлаа. Яг одоо бол сонгууль гэдэг зүйлээс болоод эдийн засагт мөнгө гарч эргэлдэж байна. Энэ дуусвал мөнгө зогсоно. Цусны эргэлт шүү дээ.

Бид чинь ер нь зөвхөн дэлхийтэй хамт нэг л эрчлээсэнд хамт эргэлдэж байгаа хүмүүс. Энэ хямралын тухайд цаад шалтгаанаар дэлхий өөрөө хөгжлийн моделио өөрчилж байгаа цаг үе нэрлэгдэнэ. Бид ийм л нэг үйл явцын гэрч болж байна. Бидний шүтсэн, цорын ганц сонголт болсон капитализм нь ядуурал, баян ядуугийн ялгаа, байгаль орчны сүйрэл, хямралаас хямрал хүрдэг цикл, тасралтгүй нэмэгддэг өр зэрэг шийдэж чадахгүй байгаа олон асуудал нь ужгирсаар байгаа. Капитализмын төгсгөл ирж байна гэж олон судлаач үзэх боллоо. Бид шинэ эриний босгон дээр байна.

Дэлхий дээр хэт их мөнгө баячуудын гарт төвлөрсөөр байгаад таазандаа тулчихлаа. Эдийн засгийн эргэлт царцанги, аюултай нь улам удаашрах төлөвтэй болж ирсэн. Хором мөчөөр хэмжигдэх хурдны дэргэд энэ бол нэн аюултай хямралын тэмдэг. Болдог ёстой дайн нь ч болж байна.

-Дайн...?

-Тиймээ бидний мэдэх энгийн л дайн.  Дэлхийн нэг хоёрдугаар дайн бол эдий засгийн хямралаас үүдэлтэй шүү дээ. Зүй тогтолынх нь графикийг хараарай. Харин одоо дэлхийн гуравдугаар дайн болж байна, хэлбэр нь л өөр. Өргөн фронтоор, бүх ард түмнээрээ нэг нь нөгөөгөө эзлэх гэж дайтдаг цаг өнгөрсөн, хэрэв тийм зүйл тохиовол цөмийн товчлууртаа гар хүрэх болно. Тэгээд л ийм хэлбэрийн дайн руу шилжиж. Монголоор бол дажин гэх юм даа.

-Тэгээд дэлхийн эдийн засаг цэгцэндээ орох уу?

-Эхний яриа руугаа оръё, тэгээд энэ их мөнгө гацаанд орчихлоо. Эргүүлэх, дахин хуваарилах нэг арга нь дайн юм байж. Тэгвэл хамгийн хохирол багатай нөгөө арга нь тэдний нуусан нэлээн хэсэг мөнгийг ил болгож, дахин хуваарилах юм. Мөнгө төдийгүй эрх мэдлийн шинэ хуваарилалт явагдана. Шинэ хөгжлийн замналд орно. Өөр аргагүй байдалд орсон. Иймээс дэлхий даяар татвараас зугтагчид, мөнгө нуугчдыг ил гаргаж байгаа нь манайд ч гэсэн хөөрхөн нөлөө үзүүллээ. Манай оффшорчдын 30 хувь нь л бизнесмэнүүд, үлдсэн нь улстөрчид байна гэх шив дээ.

Гэхдээ харамсалтай нь энэ явдал манайд саяхан орсон цасны дайтай ч шуугиан болж чадсангүй л дээ. Шуугиан болгох нөхцөл үүсгэсэнгүй, нийгмийг эвтэйхэн чимээгүй дарж чадлаа. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, албан тушаалаасаа огцорсон, мэлзсэн, хөөгдсөн, ичсэн хүмүүс болж бужигналаа. Одоо ч намжаагүй л байна.

Монголчууд бид хаалганы гаднах зүйлсээ мартчихдаг хуучаа хаях хэрэгтэй байна. Орц, гадаа гудамж ч гэсэн бидний л юм шүү дээ. Ингэж л бодож чадвал төр засгийг хий дэмий зүхэж суухын оронд бодитой шүүмж өрнүүлдэг, “тэднийг” айлгадаг болно.

 

-Бид яах ёстой байсан бэ?

-Ийм үед ард иргэд зоригтой үгээ хэлж, эрх ашгаа хамгаалан нэгдэх хэрэгтэй байдаг. Монголчууд бид нэг ийм нийтлэг зантай, хүн гэрийнх нь хаалгыг эвдэж орж ирээгүй л гадаа юу болж байгааг ойшоодоггүй. Гэтэл тэр гадаа орц, хашаа, зам талбай чинь бас бидний өмч, бидний юм шүү дээ. Тэр офшорд чинь бидний мөнгө, хөлс, хүч явж байгааг л мэдрэх ёстой байсан юм.

-Авлигыг хэлж байна уу?

-Тийм. Хэлбэрээ асар их өөрчилж байна л даа. Зүгээр нэг хүн нөгөөдөө цүнхтэй мөнгө авчирч өгөөд гарын үсэг авахаа больсон. Хамгийн гол нь нэг бүтээгдэхүүн, гутал цүнхнээс эхлээд зам барилга хүртэл бүтээхдээ хэчнээн даргыг царай алдаж өгсөн мөнгө үйлдвэрлэлийн өртөгтөө шингээдэг байхгүй юу. Ингээд африк шиг цалинтай хэрнээ , Токио шиг үнэтэй хэрэглээтэй зүй бус, гаж улс орон болчихож байгаа юм. Хамгийн их хожиж байгаа нь улстөрчид, шийдвэр гаргагчид. Юу ч хийхгүй байж шүү. Харин, хамгийн хохирч байгаа нь бүхнийг нуруундаа үүрч яваа ард түмэн.

-Бидний сонгосон ардчиллын зам буруу байж уу?

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Бидэнд эрх чөлөө байна. Зарим орныхон атаархаж байна. Гэхдээ буруу тийшээ хөгжөөд, нэг л их амаа ардаа гартал юу ч хамаагүй ярьсан өлсгөлөн, гэнэн хүмүүс болчихлоо. Эрх чөлөөг иддэгүй, өмсдөггүй нь харамсалтай. Гэвч үүнийгээ тийм амар зольж болохгүй. Сольж ч болохгүй.

-Тэгээд энэ хэвээрээ яваад байя гэж үү?

-Үүнийг өөрчлөх арга замууд бий. Юуны түрүүнд улстөр, бизнесийн орчныг салгах, хамааралгүй болгох асуудал хурцаар тавигдана. Зарим хууль тогтоомжийг засах, шинэчлэх, шинээр санаачлан батлуулах шаардлагатай. Хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй. Наад зах нь одоо мөрдөгдөж байгаа хариуцлагын хуульд байгаа ял, зэмийн хэмжээг 4-20 дахин нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Торгуулийн хэмжээ, авагдаж байгаа арга хэмжээ нь төрийн албан хаагчдыг дахин дахин идэх, амтших байдал руу л түлхэж байгаагаас өөрцгүй.

-Төр бизнес хоёрыг яаж салгах гэж?

-Шийдвэр гаргагчдын баталж ирсэн олон хууль, тогтоомж, журам дүрмүүд нь бизнес эрхлэгчид эцэстээ тэднийгээ царайчлах байдалд хүргэдэг нь олон байна. Бизнесийн орчин бохир байх 2 нөхцөл байдаг. Нэг нь гэмт хэрэгтнүүдийн эзлэн түрэмгийлэл, нөгөө нь төрийнхний хэт оролцоо, хувийн сонирхолын давамгайлал. Үндсэндээ ялгаагүй хоёр тал. Манайд хоёр дахь нь жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэсэн. Үүний тулд л дээрх хууль тогтоомжуудын талаар хэллээ л дээ. Би өөрөө хүмүүс бизнесээ яаж босгодог, яаж авч явдаг, дутуу дулимаг тогтолцооны эсрэг хэрхэн тэмцдэгийг үзэж харж, биеэрээ туулсан хүн.

 Канад хаусыг анх удаа Монголд оруулж ирэв

-Та ингэхэд хэзээнээс бизнестэй холбогдсон хүн бэ?

-Бизнестэй холбогдох юу байхав, ямар болохгүй зүйлтэй холбогдож байгаа биш тийм үү. Ер нь анх ардчилал гараад л ерэн онд 15 настайдаа Орос орныг зорьж байсан. Юу ч мэдэхгүй хүүхэд, эхний удаадаа ээжийгээ дагаж наймаа хийж үзсэн. Дараа нь том толгойлоод л шууд өөрөө явчихсан. Мэдээж ахлах ангийн л нэг хүүхэд, хичээл ном гээд асуудал их гарна л даа. Нэгэн үе толгой эргэж ингээд энэ чигээрээ амьдарч болох юм шиг санагдаж ч байлаа.

Арван тав нас тэгэхэд том л санагдаж байсан. Одоо бодоход “тийм жаахан хүүхэд” ганцаараа хил дамнаж явах боломжгүй зүйл санагдаад байдаг юм.

Хүн ямар ч тохиолдолд өөрийгөө боловсруулах, шинээр суралцах, уншихаа орхиж болохгүй юм билээ. Гадаад хэл төгс эзэмших, нэг сэдвээр олон өнцгийн судалгаа харах гэдэг чинь хүний зайлшгүй хийх ёстой зүйл. Залуу дээрээ л сурч боловcорч авах хэрэгтэй. Залуудаа олж авсан мэдлэг, суурь ойлголтуудаа цаашаа хөгжүүлээд судлаад явах бол насан туршийн асуудал болно.

 

Арван тав нас тэгэхэд том л санагдаж байсан. Одоо бодоход “тийм жаахан хүүхэд” ганцаараа хил дамнаж явах боломжгүй зүйл санагдаад байдаг юм.

-Та тэр их ажлын хажуугаар хэрхэн сурч боловсорч байв аа?

-Сахилга баттай, төлөвлөгөөтэй, тэрэндээ тууштай байхад хүн юуг ч амжуулж болдог. Байгаль эх  бидэн бүх төрлийн чадавхийг ялгаатай хуваарилсан. Гэхдээ нэг л зүйлийг тэгш эрхтэй ашиглах боломж өгсөн юм. Энэ нь цаг хугацаа. Цаг хугацаа өөрөө харьцангуй. Хүний нэгэн насны амьдрал, эсвэл тамирчин хүний сүүлийн нэг секунд аль аль нь эсвэл урт санагдаж, эсвэл маш богинохон санагдана. Зүгээр аль нь утга учиртай вэ гэдгээсээ л шалтгаална. Бид бүгдээрээ л үр бүтээлтэй амьдрахыг хүсдэг. Бүгдээрээ цаг хэмнэхийг хүснэ. Гагцхүү сайн л төлөвлөх хэрэгтэй. Сайн төлөвлөгөө цаг хугацааг уртасгаж өгдөг юм шүү.

-Та одоо өөрийнхөө цагийг хэрхэн бий болгож байна?

-Хийх ажлуудаа чухлаас чухал биш рүү нь эрэмбэлж, ангилах нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Өөрийнхөө хийж буй ажлуудыг ялгаж чадахгүй бол ажил амжуулахад их хэцүү болдог. Гурав, дөрвөн "зайлшгүй" ажлаас яах аргагүй нэгийг нь л сонгох тохиолдол олон гарна. Тэр бүрт ач холбогдлыг түвшинг нь зөв үнэлж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг.

-Үнэхээр өөдрөг сонсогдож байна. Урамтай байна.

-Тэгвэл одоо хугалах нь дээ. Хувь хүмүүс, мөрөөрөө бизнес хийгчид бол амьдралаа яг санаснаараа аваад явж чадна. Ингэж явж байгаад төртэй тулгарахаараа л сааталд орж эхэлдэг. Юун нөгөө төлөвлөгөө, цаг нар болно. Асар их цаг хугацаа, санхүү, үнэт зүйл, амьдралын алдагдал гардаг. Нөхөж баршгүй. Энэ бүгд нийлээд уг нь улс орны баялаг юм. Зүйрлэж харвал хэчнээн сайн халдаг паартай байгаад цонхоо том нээчихвэл байр хэзээ ч дулаан болохгүйтэй адил.

-Гадарлаж байнаа, би ч бас тулгарч л байсан. Эргээд яриандаа оръё. Компаниа хэзээ байгуулсан бэ?

-1996 онд 20 настайдаа байгуулж байлаа. Улсын төв номын сангийн байж байгаа байдал нэг өрөвдөлтэй харагдаад байсан юм. Хүн нэг ном олох гэж гурван цаг каталог ухаж ч байх шиг. Гэтэл дэлхийд бүх юм цахим хэлбэр рүү шилжээд байдаг. Ингээд Сингапурын нэг компанитай холбоо барьж компаниа байгуулаад гараад явчихсан.

Хорин настайдаа цахим картын хамтарсан компани байгуулахаар Сингапурт явж байсан. Сингапурчууд “Чи яасан залуу юм бэ?” гэж их л гайхаж байлаа. Өөрсдөө дөч шүргэсэн том ах нар байсан.

Хорин настай гэхэд тэд үнэхээр гайхан угтаж байлаа. Ийм гэж төсөөлсөнгүй гээд. Тэнд чинь зах зээл олон жил хөгжчихсөн, над мэтийн пацанууд тэгээд явна гэж байхгүй л дээ.

Хорин настайдаа цахим картын хамтарсан компани байгуулахаар Сингапурт явж байсан. Сингапурчууд “Чи яасан залуу юм бэ?” гэж их л гайхаж байлаа. Өөрсдөө дөч шүргэсэн том ах нар байсан.

-Анхны “албан ёсны” бизнес амжилттай болсон уу?

-За яах вэ, буяны л ажил болчихсон л доо. Би зах зээлээ хэтэрхий өөдрөгөөр харсан байлаа.  Гэхдээ хэзээ ч энэ ажилдаа харамсаж байгаагүй. Тэр цагаас хойш Монголд цахим картын системийг олон хүн мэддэг болж, номын сангийн уншигчид нь соронзон үнэмлэхтэй болсон. Ном хайх программаар компьютерт оруулсан мэдээллийн баазаас нэг хоёрхон минутын дотор хэрэгтэй номоо олж авдаг болсон шүү дээ.

 

-Та энэ зүйл дээр анхдагч юм байна.  Өөр анхлан орсон салбар, бизнес байвал...?

-Хэд хэд бий л дээ. Найзууд, гэрийнхэн маань намайг цоо шинэ зүйл рүү орох болгонд “тэр нь болдог л байгаа даа” гэж ханддаг байсан. Би ч их залуу байж. Одоо бодоход тэгж их аз туршиж байсандаа баярладаг. Хүн амьдралын ачаа хөнгөхөн байгаа дээрээ л бүх зүйлийг туршиж, айж эмээлгүй зоригтой орж явах ёстой юм билээ. Өөр анхлан Монголдоо нэвтрүүлсэн бизнесээс дурдвал жишээ нь такси үйлчилгээ байна. Гучин ширхэг Соната машин оруулж ирээд л эхэлж байлаа.

Шоу бизнес рүү ч орж байлаа. Оросоос алдарт Иванушки Интернейшнл хамтлаг, Андрей Губиныг нарыг Монголдоо авчран тоглолтыг нь зохион байгуулсан юм.

Гэвч удалгүй Сити такси гарч ирсэн. Яг тэр үед надад өрсөлдөөнд орох боломж хомс байлаа. Дараа нь агаарын тээврийн компани байгуулж олон ч ачаа Америк руу зөөсөн дөө. Тэр үед хятадууд дэлхийн худалдааны байгууллагад элсэж, Монголын бүх оёдлын үйлдвэрүүд хаагдаж бизнес байхгүй болсон үе таарсан. Би ч тэр үед худалдаа хийж үзсэн, бас л сэтгэлд хүрдэггүй.

Үүрэн телефон, радио станцын бизнес ч хийж байлаа шүү дээ. Энэ мэт үйл явдлын дараа томоохон салбар сонгох ёстойгоо мэдсэн юм. Тэгээд барилгын салбар руу орсон. Их л судалдсан даа. Герман Монголын хооронд Бадарчийн Одсүрэн гэдэг жим гартал л явсан. Тэндээс Канад хаус гэдэг брэндийг Монголд анх удаа оруулж ирсэн.

Шоу бизнес рүү ч орж байлаа. Оросоос алдарт Иванушки Интернейшнл хамтлаг, Андрей Губиныг нарыг Монголдоо авчран тоглолтыг нь зохион байгуулсан юм.

 

-Шинэ зүйл бас л бэрхшээлтэй байсан байх?

-Юмыг углуургаар нь хийчих санаатай хүн л дээ би, тэрнээсээ болж зарим зүйл удаашрах зүйл ажиглагддаг. Гэхдээ эцэстээ онодог л юм. Канад хаус чинь дотроо олон төрөл, загвар нь өчнөөн янз. Тэгтэл борлуулалт дээр асуудал гарсан. Тэр олон загвар хийцүүдээс монголчуудад таалагдах нь байна, таалагдахгүй нь байна. Хэдэн сар будилсны эцэст хамгийн сайн борлуулагддаг нэг загвараа үлдээсэн. Романтикаас хөрсөн дээрээ бууж байгаа нь тэр л дээ.

- Шантарч байв уу?

-Тийм үе байсан, тэр болгондоо шантарч болохгүй гэж өөртөө хэлдэг байсан. Алдах тоолондоо ахиад алдахгүй шүү, энэ бол байх л ёстой зүйл шүү гэж итгэдэг байлаа. Нэг алдаанаас нөгөө алдаа руу сэтгэлээр унахгүй алхах нь Амжилт юмаа гэсэн Черчиллийн үг байдаг. Хүн байхын, амжилттай байхын утга учрыг харуулсан үг дээ.

-Ер нь хүн өөрийгөө юуг чаддаг, юуг чаддагүй юм байна гэдгээ хэрхэн тодорхойлох вэ?

-Төрөлхийн авьяастнууд байдаг. Тэд бол ойлгомжтой, ирээдүй нь бэлэн байна. Харин тийм ч гоц гойд авьяас билэггүй бусад хүмүүс яах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Арван мянган цагийн зарчим гэдэг ойлголт байдаг. Энэ нь нэг л зүйлээ 10 мянган цагийн турш давтаж хий гэсэн үг юм. Өдөр бүр зургаан цагийг үүнд зарцуулбал таван жилийн дараа супер мэргэжилтэн гарна. Энэ мэдээж таван жил хүлээнэ гэсэн үг биш шүү дээ, ур чадвар нь л энэ хугацаанд тасралтгүй өснө гэсэн үг.

-Та 15 настай жаахан хүүхэд ажил хөдөлмөр лүү шууд орж байжээ. Үндсэндээ тэгээд л “том хүн” болчихсон юм байна. Хүүхэд нас чинь ямархуу өнгөрсөн бэ?

-Бусдын л адил даа. Социализмын үед айл болгон л адилхан амьдардаг байсан. Талх масло идээд л. Маханд оочирлоод л. Дэлгүүрт танзуур юмуу  алим зарах үед бүр “алалцдаг” байлаа шүү дээ. 

-Хаана төрж өслөө? Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

-Дөчин мянгатад л унаж, тэндээ л өссөн. Томоотой хүүхэд байгаагүй ээ. Хэрэндээ л хөдөлгөөнтэй байсан. Бүх л төрлийн секц дугуйланд явна. Зуслангийн атаман ч болчихно. Олон дугуйланд явснаас дугуйн спортоор хичээллэж байсан маань миний амьдрал, үзэл бодолд их нөлөөлсөн. Хаа хол газар жийгээд яваад өгнө.

Эмээгийн хүү. Үргэлж л хамт явна. Талханд явсан ч хамт, сүүнд явсан ч хамт.

Эндээс л манай дугуйлангийнхан тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, багшаа хүндлэх, нөхөддөө санаа тавих зэрэг хүнд хэрэгтэй олон сайн талыг олж авсан гэж боддог. Эмээгийн хүү. Үргэлж л хамт явна. Талханд явсан ч хамт, сүүнд явсан ч хамт.

 

-Таны эмээтэй нэг дурсамж байдаг?

-Би ч эмээгийн хүүхэд байсан л даа. Үндсэндээ далаад оны багачуул, наяад оны л өсвөрийнхөн их л ойролцоо, төстэй амьдрал туулсан байх. Нэг удаа эмээ маань өнөө орой мах авна гэсэн мөнгөөрөө эмээ надад гурван зайрмаг авч өгсөн тухай дурсамжийг чи хэлж байх шиг байна.  Эмээ надад тэгж л бүхнээ зориулдаг байсан. Эмээ өнгөрөөд өвөөгийн хүүхэд болсон. Өвөө намайг дэг журам, сахилга батад сургасан. Энэ хоёр хүнд би их өртэй хоцорсон. Одоо өөрийнхөө хүүхдүүд, ач зээ нараа ингэж хүмүүжүүлж ачыг нь хариулна гэж бодож явдаг.

-Зайрмаг аваагүй бол хоолны махтай байх байж?

-Тиймээ, яг л хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг чинь тэр шүү дээ. Айл бүхэн ийм байсан нь социализмын үеийн давуу талуудын нэг гэж хэлж болохоор. Нөгөө давуу тал нь монголчууд зорилготой, мөрөөдөлтэй байсан.

 

Ангийн минь багш Полина Михайловна. Бидэнд зөвхөн тоо, уран зохиол ч биш хүн байхын хүмүүжил олгосон багш. Өндөр шаардлагатай энэ хүний ачаар хатуу сахилга бат, зарчим, хариуцлага гэж юу болохыг хар багаасаа сурч өссөн.

-Харин одоо нэг л гутранги...

-Монголчууд юу мөрөөдөж, зорихоо мэдэхээ больчихоод байна л даа.

- Монгол орон яагаад ийм дорд орчихов, Танд засах санал байна уу?

-Бидэнд үнэхээр зорилго, мөрөөдөл байхгүй гэжүү?

-Замын хөдөлгөөн, утаанаас эхлээд ажилгүйдэл, ядуурал гэсэн нүдэнд харагдах зүйл, мөн соёл боловсрол, сэтгэлгээ, бахархал омогшил гараар барьж болдоггүй зүйлсийг төрийн хүч, зангараг, оролцоогоор шийдэх учиртай. Төрийн оролцоо гэдэг нь “эс оролцоо” ч байж болно. Манайд энэ бүхэн цэгцрэх ч найдваргүй харагдаж байгаа нь манай дарга нар ихээхэн “завгүй" байдгийнх юм болов уу даа. Тэд тэнгэрийн юмаа бага ярьж газар буугаад жижиг гэж голохгүйгээр асуудлыг түргэн хугацаанд шийдээд явбал болохсон. За бүр болддоггүй юм бол ямар нэг юм хийнэ гэж зүтгэхээ болиосой гэж бодох юм. Тэд нэг зүйл эхлэх бүрийд л энд нэг зүйл сангирч үймэрч байдаг. Гадны хөрөнгө оруулалт мөрөөдөл болон замхарчихлаа.

Иргэдийнхээ сэтгэлгээ, ухамсарт чиглэх юу ч хийсэнгүй. Нийгмийн харилцааг асар их хөнгөвчилж, соёлыг дээшлүүлж болох хүмүүсийн хоорондын харилцаа, хувь хүний зохион байгуулалтын талаар ядаж хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн ч хөтөлбөр алга. Боловсролын яам тойрсон л бөөн сурах бичгийн хэрүүл.

-Тэд өөрсдөө үүнийгээ ухаарах найдвар байдаг болов уу?

-Тамхийг хүний бие организм дасал болсондоо нэхдэг биш дадал зуршил л “тамхи нэхээд” байдаг нь сүүл үеийн судалгаагаар тодорхой болсон. Тэгэхээр тамхинд донтсоны буруутан нь энэ бие биш таны ухамсар болж байна. Тамхинаас гарах гээд чадахгүй байна гэдэг яриа бол зуршлын тухай л яриа юм. Хүн эрх мэдэлд бас дасал болдог. Донтдог. Өчигдөрхөн ухаалаг зүйл ярьж явсан хүн өнөөдөр дарга болуутаа өөр болчихдогийн учир тэр. Гарын үсэг нь мөнгө болоод ирэхийн цагт хүн эрх мэдлийн төгс донтолтонд ордог.

-Бүх дарга нар тийм биш байлгүй дээ?

-Хүний хувийн авьяас чадвар хэдий чинээ сул байна эрх мэдэлдээ төдий их дурладаг, хэрэв эрх мэдлээ алдвал эвлэрч чаддаггүй зүй тогтол байна. Тэгэхээр үүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болж ирнэ. Манай улсад эрх ашгаа эрэмбэлэх чадвараа бүрмөсөн алдсан олон дарга нар байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө тогтвортой байдал, залгамж бодлого байхгүй бололгүй л яахав.

-Ийм болсон нйигмийг одоо яах вэ, хэрхэн өөрчлөх вэ?

-Нийгмийг өөрчлөх гэдэг бол их ерөнхий үг. Тэрний оронд тодорхой салбарыг, салбар доторх тодорхой асуудлыг яаж өөрчлөх вэ гэдэг асуудлыг тавиад хийж чадах хүнд даалгаад, олон түмний хараа хяналтын дор орхих нь зүйтэй юм. Америкад үүнтэй төстэй систем ажилладаг л даа.

Төр бизнесийн салбар руу хэт орж байгаа. Хувийн компани өөрөө хийх байсан зүйлийг булааж аваад арав дахин их зардлаар, хорь дахин удаан хугацаанд, дөч дахин чанаргүй зүйл хийгээд байдаг. Үүнд хууль журмын өөрчлөлтүүд л хэрэгтэй. Гэвч дарга нар өөрснөө үүнийг хүсэхгүй байна. Ард түмэн ч мэдэхгүй байна. Мэдүүлэхгүй байна. Тэгэхээр Монголын бизнесийн орчин дэндүү бохирдож, төртэйгээ хэтэрхий их хутгалдсан. Үүнийг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Өтсөн шархыг цэвэрлэдэг шиг л. Их өвдөнө. Гэхдээ эрүүл болно.

Мөн жижиг дунд бизнесмэнүүд яагаад өсч өндийхгүй байна вэ гэдэг асуудал байдаг. Том нь ч хэцүүхэн л байдаг. Яагаад вэ гэвэл манай орны зээлийн тогтолцоо асар буруу өрөгдсөн байгаа.  Урт хугацаатай, бага хүүтэй зээл гэдэг чинь цэцгээр бол ус нь юм. Гадны улс орнуудад 10 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээл бол хэвийн. Ийм зээл хүн бүхэн мөрөөрөө бизнесээ хийгээд явна. Юун төр засгийг зүхэх, сонирхох. Харин манайд 25 хувийн хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатай авдаг. Шууд сэхээнээс эхэлнэ гэсэн үг. Олон ч компани дампуурч, олон ч залуус хамраараа газар хатгасан даа. Нэг гараа банк гэдэг зүйлд бариулчихаад мэргэжлийн тулаанчтай зодолдох гэж оролдоод байгаа хэрэг.

-Манайд тийм зээлийн орчин бий болох боломж байгаа юм уу?

-Хэн нь ч дийлдэггүй байгалийн баялгийн төлөөх энэ тулаан утга учраа алдаад ёрлоод байсан африктайгаа биднийг улам бүр адилхан болгож байна. Ер нь болчихсон гэж хэлж болно. Арай жаахан сэтгэлтэй, алсын хараатай хандах юм бол гадны хөрөнгө оруулагчид, сонирхогчидтой хийх гэрээнд дээрх зээлийн орчинг байгуулах нэмэлт заалт оруулах бололцоотой юм.

Манайд урт хугацаа, бага хүүтэй зээлийн эх үүсвэр байхгүй бол тэдэнд бий. Тэгээд л хүмүүстэй тараагаад өгчих. Яаж ажиллахыг нь хар. Амьдралаа босгох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэх вий. Энэ балай улстөрийг ч сонирхохоо болино.

Түүнээс гадна манайд байгаа хамгийн том асуудал бол банкны систем. Бидний тэмүүлж, зорьж байгаа сонгодог капитализмд банк, санхүүгийн систем нь нийгэмд бүх зүйлийг бүтээж, цэцэглүүлж байдаг. Харин манай улсад Төр шууд үүнтэй хутгалдаад, урдуур нь орж хийх гэж оролдсоор ирсэн.

-Төрд байгаа хүмүүсийн хувьд?

-Аливаа асуудалд “надад ямар ашигтай юм бэ?” гэж хандах биш, ёс зүй этик, моралийг сахиж чаддаг болсон цагт Монгол улс хөгжиж эхэлнээ. Тэр болтол худал хуурмаг, дүр эсгэсэн байдал өөрчлөгдөхгүй. Ахиад л сахилга бат руугаа орох нь дээ.

Гадаад сахилга бат, дотоод сахилга бат гэж хоёр том хүчин зүйл нэгдэж байж этик, моралийн тухай ойлголт үүсдэг. Бидний бахархан дуурайх, шагшин магтах дуртай хүмүүст ижил тал байдгийн нэг нь хэнээр ч албадуулаагүй хэр нь тогтмол үйлддэг ашигтай зуршлууд байдаг. Тэдний дунд ер бусын араншинтай хүн цөөнгүй ч ихэнх нь өв тэгш хүмүүжилтэй, олны хайр талархал татсан хүмүүс байдаг. Тэднийг өөрсдийнх нь хүчирхэг “дотоод сахилга бат” нь удирдаж байгаа юм.

Одоо байгаа төрийн албан хаагчдын хариуцлагын тухай хуулийг 4-20 дахин чангатгах шаардлагатай. Тэгж байж ядаж ичдэггүй юм гэхэд айдаг болно.

Бид хамгийн түрүүнд өөрийн бие махбодоо эрүүл сайхан авч явах сахилгыг сахих ёстой. Хэрэв гэр бүлтэй болбол тэнийгээ бас сайн сайхан байлгах үүрэг хариуцлагаа ухамсарлана. Ажилдаа очсоныхоо дараа хамт олондоо хөдөлмөр бүтээмжээ зориулах учиртай болно. Харин төрд ажилладаг бол энэ агуулга бүр өргөсөж эх орон, ард түмнийхээ сайн сайхан, хүүхэд багачууд, эмэгтэйчүүдийн төлөө мэдлэг, хүчээ зориулах учиртай болно.

Одоо байгаа төрийн албан хаагчдын хариуцлагын тухай хуулийг 4-20 дахин чангатгах шаардлагатай. Тэгж байж ядаж ичдэггүй юм гэхэд айдаг болно.

 

-Гадаад сахилга батыг хэрхэн сахиулах боломжтой вэ?

-Дотоод сахилга батгүй хүн гадаад сахилга батыг яаж ийгээд аргалаад заваан зүйлсээ хийж чаддаг. Нүднээс далд л бол юу ч хамаагүй болно гэсэн үг. Сэтгэл зүрхэндээ сахилга бат, хүмүүжил, ёс суртахууныг суулгаагүй хүнийг шунал, хүсэл нь удирдана.

Дотоод сахилга батгүй хүн салхинд хийсэх хамхуултай л ижил байдаг тул гадаад орчны нөлөөнд тун амархан автаж, эмх замбараагүй байдлын хохирогч болно. Жаахан шазруун бол эмх замбараагүй байдлын оролцогч болно.

Сахилга баттай хүний тухай ойлголтыг сахилга баттай улс орон дээр буулгаж болно. Нэг аймгийн дарга, нэг улсын үйлдвэрийн захирал бол хүний биеэр гүйх эд эстэй адил. Эд эс бүхэн эрүүл бол бие эрүүл байдаг шиг ухамсартай, сахилгатай түшээдтэй засаг мөн ухамсартай сахилгатай байх ба улс орны батжил, хөгжил чухам үүнээс шалтгаалах билээ.

-Төрийн хүмүүсийг сэлбэж солих, засч залруулахын аль нь оновчтой вэ?

-Чадварлаг мэргэжилтний тухай энд ярих ёстой. Сахилга батаас гадна мэргэжлийн ур чадварыг хамгийн сайн харгалзах ёстой газар бол Төрийн алба. Зөв тогтолцоо, сайн систем нь сахилга батыг гаднаас нь хангуулдаг зайлшгүй хэрэгцээтэй, манай оронд ус агаар мэт дутагдаж байгаа зүйл. Гэхдээ сайн мэргэжилтэн тэсэхгүй, тэсгээх ч гүй, сайн мэргэжилтэн хайх ч гүй байгаа газар сайн системийг хэрхэн бий болгох юм бэ. Тиймдээ ч үүнийг зөвхөн яриад хэдэн жил болсон байна. Учир нь системийг ч бас хүн хийдэг.