Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Халуун ус хамаатан садныг ОЙРТУУЛНА"

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Зуны гурван сарын 14-30 хоногт халуун усгүй байдаг орон сууцныханд "айл хэсэж" амжуулах нэг ажил нэмэгддэг.  Тэр нь усанд орох. Энэ үед “Халуун ус хамаатан садныг ойртуулна уриатай аян Улаанбаатарт өрнөж байна” гэх онигоо хүртэл гарлаа.

Хотын хэмжээнд хэсэгчлэн халуун ус хязгаарладаг учраас “Халуун ус тасарчихлаа,Танайд халуун ус байна уу,  Хаана очиж усанд орох вэ” гэх асуудал зуны туршид тасралтгүй хөвөрнө. 

Яагаад жил бүр халуун ус хязгаарладаг юм бэ?  гэсэн бухимдал дагуулсан асуулт жил бүр гардаг ч Улаанбаатар Дулааны Сүлжээ компанийн зүгээс зун бүр засварлах зайлшгүй шаардлагатай гэсэн тайлбарыг өгдөг юм.

Улаанбаатар хотод 1,200 орчим км дулааны шугам байдгаас 400 км нь буюу гол шугамууд УБДС ТӨХК-ийн мэдэлд байдаг юм байна. Үүнээс жилд дунджаар 9 км шугам хоолойд засвар шинэчлэлийн ажил хийдэг аж.

УБДС ТӨК-ийн Инженерийн албаны дарга Э.Батмөнх “Энэ жил 10 орчим км шугамд засвар, шинэчлэлийн ажил хийнэ.

Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Өвлийн хүйтэнд энэ том сүлжээг хэвийн ажиллуулахын тулд зуны туршилт засварыг зайлшгүй хийх шаардлагатай. Жил бүр хийх ёстой.

"Нэг зун засвар хийхгүй байгаад өвөл нь шугам хагарч хот хөлдөхөөр л манайхан зуны засвар ямар хэрэгтэйг ойлгох байх" Э.Батмөнх

Дулааны шугамаар өвлийн хүйтэнд маш өндөр даралттай уур, 120 градусын халуун ус явж байдаг. Өндөр даралттай халуун усыг тээж, барилга байшингуудын дулааныг хангаж байдаг хоолойг тогтмол засах шаардлагатай.

Хэрэглэгчдийн халуун усыг хаагаад тус шугамаараа өндөр даралттай халуун ус явуулж бат бэхийг нь шалгадаг. Өмнөх жилүүдэд шинэчлэгдсэн шугамуудаа энэ жил шалгаад асуудалгүй бол заавал 7, 14 хоног гэхгүй 2-3 хоноод буцаагаад халуун усаа өгөөд эхэлж байгаа.

Ер нь дэлхийн бусад хүйтэн цаг агаартай хотууд ч гэсэн дулааны улиралд ийм засварууд хийдэг юм билээ. Өвөл шугам цоорч гэмтэл гарах нь хамгийн аюултай. Нэг зун засвар хийхгүй байгаад өвөл нь шугам хагарч хот хөлдөхөөр л манайхан зуны засвар ямар хэрэгтэйг ойлгох байх. 

Өвлийн хүйтний үеэр шугам цоорохоор өндөр даралттай халуун ус уур болоод цоргино. Энэ үеэр засвар хийх аюултай ч мэргэжлийн хүмүүс маш хүнд нөхцөлд засварладаг” гэсэн тайлбар өглөө. 

Эрс тэс цаг ууртай. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Улаанбаатарын оршин суугчид бид халуун усны хязгаарлалттай эвлэрэхээс өөр аргагүй.  Гэхдээ засварын хугацаанаасаа хэтэрдэг, нүх ухчихаад ажил хийж байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болчихдог асуудлууд байдгийг дурдахгүй байхын аргагүй.

УБДС ТӨХК энэ жил 10 гаруй км шугам хоолойд засвар шинэчлэлийн ажил хийхээс дөрвөн км-ийг нь өөрийн хөрөнгөөр хийж, үлдсэн 6.3 км-ийг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. Мөн гурван км дулааны шугам бүрэн солигдох юм байна.

Зайлшгүй хийгддэг халуун усны хязгаарлалтын үед айлд очиж усанд орохоос төвөгшөөсөн хүмүүст  хэд хэдэн шийдэл бий.

Нэг. Гэртээ ус халаагч, бойлер суурилуулах

 

Ус халаагчийн  доод үнэ 170 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд дээд тал нь 450 мянга орчим төгрөг.  

Бойлерын хувьд арай үнэтэй. 325 мянгаас нэг сая гаруй төгрөгийн үнэтэй ч байна. Энэ нь өртгийн хувьд өндөр ч “гэр амьтай” гэрийнхээ тав тухтай байдлыг эрхэмлэдэг хүмүүст хамгийн тохиромжтой. 

Мөн  суурилуулсан л бол зуны улирлын халуун ус хязгаарлалт болон гэнэтийн халуун ус тасралтын үед ч санаа зовох зүйлгүй гэдгээрээ давуу талтай.

Хоёр. Усан бассейнд явах, саунд орох

 

Гэхдээ гэрээсээ хол. Гэрээсээ хол гэсний учир нь танай гэрийн ойролцоох усан бассейны халуун ус бас хязгаарлагдсан байгаа. 

Тиймээс халуун ус хязгаарлагдаагүй байгаа бүсийн бассейныг сонгон үйлчлүүлээрэй. Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулна. Хэрэв та сэлж чаддаггүй бол сураад авахад ч гэмгүй. 

Усан спорт сургалтын төв болон дүүргүүдийн усан спорт сургалтын төвүүдийн төлбөр  хувийнхтай харьцуулахад хямд. Долоо хоногийн гурван өдөр буюу сард 12 удаа ороход том хүн 90,000-120,000, хүүхэд 80,000-100,000 төгрөгийн төлбөртэй.

Хувийн бассейнуудын сарын төлбөр 180,000-300,000 төгрөг бөгөөд сард орох өдрийн тоо, саун, массажаар үйлчлүүлэх эсэхээс хамаараад төлбөрүүд нь өөр өөр байна.

Гурав. Халуун усны газрыг зорих

Төвийн дулаанд холбогдсон халуун усны газар тун цөөхөн. Дулаанд холбогдоогүй халуун усны газрууд янз бүрийн шийдлээр л усаа халаадаг. Цахилгаанаар, нарны эрчим хүчээр гэх мэт. Халуун усны газарт усанд ороход дор хаяж 3,000 төгрөг.

Харин орон сууцны халуун усны тариф нэг хүн сард ердөө 1,900 төгрөг  байдаг.