Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг голын хоёр эрэг дээрх АН, МАН

З.Боргилмаа
2016 оны 5 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Улс төрийн намуудын анхан, дунд шатны байгууллагууд өчигдрөөс эхлэн нэр дэвшигчдээ сонгохоор хуралдаж эхэллээ.

Энэ үйл явцыг угтуулан Ардчилсан намын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Оффшор данстай нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлийг хийсэн бол үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг “Энэ нь хүний эрх зөрчиж буй хэрэг” гэсэн байр суурийг өчигдөр илэрхийллээ.

Ардчилсан намын даргын дээрх мэдэгдэл нь оффшор бүсэд данстай гэх асуудалд нэр холбогдсон С.Баярцогт, Д.Батбаяр гэх хоёр гишүүнд, цаашлаад хүүгийнхээ бизнесээс болоод дам холбогдож мэдэх Э.Бат-Үүлд хамаатай бол МАН-ын хувьд энэ асуудал нь нэлээн хэдэн гишүүнд нь хамаарах хэрэг юм.

Сонгуулийн өмнөх марафон хэдийн эхэлсэн энэ үед Ардчилсан нам “оффшор” гишүүддээ ёс зүйн хариуцлага хүлээлгэхэд бэлэн байгаагаа тийнхүү илэрхийлсэн нь нийгмийн тодорхой хэсгийн дэмжлэгийг хүлээх алхам гэдгийг урьдчилан тооцоолсон биз ээ. Тэрчлэн “оффшор" гишүүд олонтой МАН-ыг сэм матарлаж, хар, цагааны ялгарлыг тодруулах гэсэн давхар цохилт. Өнөөдрийн байдлаар МАН Ардчилсан намын уриалгыг дагаж ханарсангүй, харин ч эсэргүүцсэнээрээ ялгарлыг улам ч тодруулаад өгөх шиг боллоо.

Оффшор дансны асуудлаар эрс тэс өөр байр суурь баримталж буйгаа мэдэгдсэн энэ хоёр намын алийнх нь зөв гэдэгт цаг хугацаа болон сонгуулийн үр дүн л хариулт өгөх байх.

МАН-ын бүлгийн хувьд оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувь эзэмших, данс бүртгүүлэх нь нэгэнт Монголын хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй байгаа тохиолдолд АН-ын даргын байр суурь нь шүүхээс өмнө бусдыг ялласан хүний эрхийн зөрчил гэсэн үндэслэлийг тавьж байна. Энэ ч үнэн, үүнийг дэмжих хэсэг ч нийгэмд хангалттай бий. Тэгвэл оффшор бүсээр дамжуулан хөрөнгө, мөнгөө татвараас нуухыг оролдоно гэдэг нь иргэний үүргээ биелүүлэхээс зугтсан ёс зүйгүй төдийгүй гэмт хэрэг үйлдэхийг завдсан явдал гэх үндэслэлийг Ардчилсан намын дарга гаргаж ирэх бололцоотой. Аль алинд нь үнэний хувь байгааг үгүйсгэх боломж хомс юм.

Үнэндээ хоёр намын оффшор тойрсон байр суурь нийгэмд харагдаж буй хэлбэр дээрээ “хүний эрх, эрх чөлөө, ёс зүйн” талаар хэлэлцэж буй мэт боловч цаанаа бол ид өрнөж байгаа нэр дэвшигчдийнхээ өрсөлдөөнд зохицуулалт хийх гэсэн нэг арга нь байж мэднэ.

“Амандаа алт зууж төрсөн" мэт аль ч төрийн өнгөн дээр сайдын суудлаас бууж байгаагүй С.Баярцогтыг Ардчилсан нам дэмжихээрээ нэг болсон. Хэдэн жилийн өмнөөс л хэл аманд өртсөн С.Баярцогтыг байнга хамгаалж дэмжинэ, сонгууль бүрээр нэр дэвшүүлнэ гэдэг хэтэрхий ардчилалгүй шийдвэр гэдгийг мань эр ч өөрөө хүлээн зөвшөөрч, энэ удаад түрүүлээд дуугарчихсан бол олон нийтийн зүгээс өндөр оноо авах байсан. С.Баярцогтыг мөргөж унагаад нэр дэвших эрх авахаар горилж буй гишүүн нэгээр тоологдохгүй бий.

С.Баярцогтыг онилсон мессежийг зориуд чулуудсан байж ч мэднэ.

Чухам яагаад заавал С.Баярцогт тойрог өмчилж байх гэж? Ийм үндэслэл хэлж байгаа горилогчдын гомдлыг тайлах, өрсөлдөөнийг шударгаар зохицуулах зорилгоор намын дарга энэ удаад С.Баярцогтыг онилсон мессежийг зориуд чулуудсан байж ч мэднэ.

Харин МАН-ын хувьд сонгуулийн ерөнхий стратегичаар ажиллуулахаар хаа холоос С.Баярыг дуудан залж, түүнд ихээхэн найдвар тавьж байгаа гэх ийм чухал цаг үед оффшорын дуулианд ерөнхий менежерээ нэлээдгүй нэр дэвшигчтэй нь хамт “эргийн цаана” чулуудах нь эрсдэлтэй алхам. Дотоодын асуудлаа нам гүмхэн шийдвэрлэж сурсан тэд өдийд голын нэг эрэг дээр гарч чадсан гэдгээ харуулах нь хамгаас чухал. Голын гарам дээр ирчхээд нэг нэгнээ эргийн наана цаана чулуудахгүйгээ мэднэ гэсэн үг. Үүнийгээ энэ удаад “хүний эрх чөлөө” талаас нь эвтэйхэн тайлбарлачихлаа.

“Борооны өмнө шороо” гэдэгчлэн партизанууд олонтойгоороо Ардчилсан нам л өдийд нэг нэгнээ чулуугаар шидэж чадна. Үүнийгээ “шударга ёс” гэдэг үгээр сайхан халхавчилж бас чадна. Оффшор дансны асуудлаар хоёр нам ялгаатай байр суурь илэрхийлсний цаана АН, МАН хэмээх хоёр намын “алтан зарчим” хаа очиж халхавчгүйгээр илэрсэн нь энэ байх.

Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүний тухай” албан бичиг үйлдэн АН-ын дарга З.Энхболд, АН-ын бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Гүйцэтгэх зөвлөлд тус тус хүргүүлжээ.

Албан бичигт “УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан АН нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намтай хамтран Засгийн газрыг эмхлэн байгуулсан билээ. Улс төрийн үйл явдал өрнөж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль болоход 40-өөд хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс" эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг субьөкт МҮАН УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна.

Тиймээс Засгийн газрын гишүүнээс Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэх утгатай аж. Энэ нь үндсэндээ УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг задарч, бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор хийж байгаа алхам бололтой. Харин ирэх сонгуульд МҮАН АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн учраас сайд нар нь Засгийн газартаа үлдэж ажиллах аж.

Юутай ч Ерөнхий сайдын энэхүү хүсэлтийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэн, байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм. Үүнтэй зэрэгцэн энэ сарын сүүлээр хаалтаа хийх парламентын хувьд үлдэж буй хугацаанд хүлээгдэж буй хуулийн төслүүдийг эмхэлнэ гэдэг юу л бол гэх эргэлзээ ч үүсч байна.

Зураг