Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН тухай хуулийн онцлох ТАВАН заалт

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрөгч Баасан гарагт УИХ-аар батлагдсан билээ. Айл гэрийн дотоод асуудал хэмээн тодорхойлж, хөндлөнгөөс харахаас цаашгүй байсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх уг хууль энэ оны ЕСДҮГЭЭР САРЫН 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Төрийн бүх шатны байгууллага, иргэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ямар үүрэгтэй оролцохыг уг хуулиар зохицуулж өгсөн нь шинэлэг зүйл болсон хэмээн хууль санаачлагчид тодорхойлсон юм. Уг хууль нь есдүгээр сараас хэрэгжиж эхлэх Эрүү, Зөрчлийн, Хууль сахиулах тухай хуулиудтай нягт холбоотой бөгөөд гэр бүлийн хүчирхийлэгчийг дээрх хуульд зааснаар шийтгэж, хохирогчийн эрхийг ч ч мөн дээрх хуулиар хамгаалахаар заажээ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ОНЦЛОХ ТАВАН заалтыг хүргэж байна.

1. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох гэж байгаа нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт билээ. Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол энэ шууд эрүүгийн хэрэг болох ажээ.

Энэ төрлийн гэмт хэргийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулах тухай хуульд тусгай зүйл заалт оруулж өгсөн байна. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү хуулиар зохицуулжээ.

3. Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болсон. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заасан байна. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах аж.

4. Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулсан байна. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.

5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцохоор болсон байна.