Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оффшор компаниуд Монголд 8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН хөрөнгө оруулжээ

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сонгууль бүрийн өмнө л монголчуудыг талцуулж, хямруулдаг байдал энэ удаад ч мөн давтагдаж эхлээд байна.

Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Дараа нь Монголчууд бидний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Харамсалтай нь хэдхэн хоногийн настай сонгуулийн пиараас болж Монголчууд бид хэн нэгнийгээ хулгайч, худалч,эрлийз хурлийз хэмээн газар дор ортол нь муулчхаад сонгууль өнгөрөнгүүт тэр бүхнээ ор тас мартан, дараагийн сонгууль хүртэл нь ажин түжин амьдралаа үргэлжлүүлдэг нь жинхэнэ утгаараа Монголын синдром болоод байна.

Уг нь сонгууль гэдэг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн байх учиртай. Гэтэл манайд улстөрчид нь бие биенийхээ булхай луйврыг илчлэх, “гэмт хэрэгтнийг” эрэн сурвалжлан илрүүлэх их аянаар өрсөлддөг болсон нь Монголын улс төрийг улам бохирдуулаад байна. Ялангуяа үүндээ гадны захиалгат сэтгүүлч, пиарчдыг татан оролцуулдаг болсон нь Монголын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. 

Өнөөдөр ард түмний бүсээ чангалан туулж буй эдийн засгийн хямрал улстөрчдөөс үүдэлтэй. Юунд зарцуулсан нь тодорхойгүй Засгийн газрын Чингис, Самуурай бонд, Хөгжлийн банкны гээд хэдэн зуун сая ам.долларын зээлүүдийг одоогийн эрх барьж буй улстөрчид биш ард түмэн бидний хоолны мөнгөнөөс илүүчилсэн татварын мөнгөөр төлнө. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг   2017 оны гуравдугаар сараас, Чингис бондын 500 сая ам.долларыг  2018 оны нэгдүгээр сараас гээд ар араасаа цуврах их өрийг төлөхөд арван сар буюу 300 гаруйхан хоног үлдээд байна. Гэтэл бидэнд Оюутолгойн төсөл үргэлжилбэл орж ирэх мөнгөний сургаас өөр ямар ч том хөрөнгө оруулалт алга байна. Энэ улстөрчид төр, засгаас явна. Харин бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаашид энэ улс орон, ард түмэн юугаар, яаж амьдрах юм бэ? Оффшортой холбоотой улстөрчид нэр дэвших үгүй нь ард түмэнд хамаагүй. Энэ бол улс төрийн намууд, тэдний улстөрчдийн өөрсдийнх нь асуудал.  Хамгийн гол нь бид энэ захиалгат улс төрд авталгүй зөв ойлголттой болох нь л юу юунаас чухал юм. Тиймээс  оффшор бүс, оффшор компаниудтай холбоотой олон улсын болон Монголтой холбоотой мэдээллүүдийг судалж, аль нэг нам улстөрчдийн талд үйлчлээгүй албан ёсны баримтад суурилсан мэдээллийг хүргэж байна. Ялангуяа оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд Монголын эдийн засагт ямар үр өгөөжтэйг хүргэхийг хичээлээ. 

Оффшор компани, оффшор данс нь эрх зүйн хувьд огт өөр ойлголтууд.

Оффшор компани, оффшор данс нь эрх зүйн хувьд огт өөр ойлголтууд. Гэтэл бид энэ хоёр ойлголтыг нийтэд нь хамруулан “гэмт хэрэг” мэтээр олон нийтэд таниулж байна. Монголд өрнөөд буй холион бантан хутгасан оффшорын эсрэг “дайнаас” болж зарим компаниудын яригдаж байсан хөрөнгө оруулалтууд ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож эхэлсэн талаар бизнесийнхэн ярьж байна.

Оффшор  компани бол олон улсад хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн татварын хөнгөлөлттэй бүсэд бүртгэгдэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компани. Ийм компани Монголд, ер нь аль ч улсад үйл ажиллагаа явуулсан тухайн оронд хөрөнгөө оруулахаас гадна хууль ёсны бүх татвар, хураамжийг төлдөг.  Оффшор бүсэд бүртгүүлснээрээ  үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо улс төрийн тогтворгүй байдлаас хараат бусаар  бизнесийн хувьд  эрсдэлгүй, тогтвортой байх бизнесийн орчноо л хамгаалж буй хамгаалалт юм.

Оффшор гэдгийг хамгийн энгийнээр монголчилбол олон усын бизнесийн зах зээл дэх эдийн засгийн чөлөөт байдал гэж ойлгож болно.

Оффшор бүс дан ганц Панамд байдаггүй. АНУ, Англи, БНХАУын Гонконг, Швейцарь, Нидерланд, Израйль болон чөлөөт эдийн засагтайЕвропын олон оронд 50 гаруй оффшор бүс бий. Ганц баялгаараа, уул уурхайгаараа хөрөнгө оруулагчдыг татах биш дэлхийд эргэлдэж байгаа их мөнгөний урсгалыг татах замаар улсынхаа эдийн засгийг арвижуулахын тулд  улс орнуудэдийн засгийн чөлөөт бүс буюу оффшор бүстэй болдог. Оффшор бүс, оффшор компани бол тухайн улс орон руу хөрөнгө мөнгө татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  мөнгөний “соронз”гэж ойлгож болно.

Монголчууд бид 10 гаруй жилийн тэртээ Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг муу ч гэсэн эхлүүлж, мөнгөний “соронзтой” болохыг оролдсон.Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар сонсоогүй Монгол хүн байхгүй. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталснаар чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд “Алтанбулаг”-ын, 2003 онд “Замын-Үүд”-ийн, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталжээ. Гэвч одоо хүртэл бид “Оффшор буюу чөлөөт бүс”-ийн талаар мэдлэг, мэдээлэлгүй, гадны хөрөнгө оруулагчдад сурталчилж таниулж, бизнес, санхүүгийн тогтвортой орчин бүрдүүлэх талаар ажиллаж чадаагүй. Эдгээр чөлөөт бүсүүд өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг руу мөнгө цутгах биш харин ч төсвийн хэдэн төгрөгийг элс шиг шингээснээс өөрөөр үр өгөөж өгсөнгүй. Харин оффшор буюу эдийн засгийн чөлөөт бүсээ амжилттай хөгжүүлсэн улс оронд бүртгэлтэй оффшор компаниуд Монголд орж ирснээр эдийн засагт маань  өөр өөрсийн хувь нэмрийг оруулжээ. 

Монгол улсад одоогийн байдлаар 110 орны хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай 13 мянга гаруй компани бүртгэгдсэнээс 950 компани буюу 7.5 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Олон улсын эдийн засгийн доктор, судлаач В.Энхболдын судалгаагаар 1993-2013 хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсноос 60 гаруй хувь буюу 8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудад ногдож байна.

 

Нидерландын оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд 4.23 тэрбум ам.доллар оруулснаар тэргүүлсэн бол Люксембургийн оффшор компаниуд 1.15 тэрбум ам.доллар,Их Британийн Виржини Аралд бүртгэлтэй компаниуд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус Монголд оруулжээ. Энэ бол зөвхөн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ. Үүн дээр нэмээд Монгол Улсын хуулийн дагуу төлсөн татвар хураамж, ажлын байрыг нэмэгдсэнийг тооцох учиртай. 

Компаниар нь задалбал, Оюутолгой төслийн хэрэгжүүлэгч “Рио тинто” компани тэргүүлж байна. Оюутолгой төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл манай Засгийн газар “Тавантолгой”  төслийг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран IPO хийж, олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тохиолдолд хөрөнгө оруулагч компани нь оффшор бүсэд бүртгэлтэй байх магадлал өндөр байсан юм. Энэ бол олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бизнесийн энгийн нэг зарчим. Өөрөөр хэлбэл Тавантолгойд 1,072 хувьцаа эзэмшиж буй Монгол хүн бүр ирээдүйд аль нэг оффшор бүст бүртгэлтэй “Тавантолгойн “ хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Тиймээс оффшор бүсэд, оффшор компанид хувьцаа эзэмших нь айдас биш,гэмт хэрэг бүүр ч биш юм. Хамгийн гол нь үйл ажиллагаа нь хуулийн дагуу, ил тод, ном журмын дагуу л байх нь чухал.

Панам, Виржины арал, Бермудын арал гээд бөмбөрцгийн хаа нэгтээ оршдог, хэний ч үл мэдэх харанхуй бүдүүлэг хуульгүй газарт л оффшор бүс, оффшор компани байдаг гэж олон хүн ойлгож байна. Гэтэл Виржины арал гэдэг нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс буюу бидний хэлдгээр  Англи улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг мэддэггүй хүн ч бий. Гэтэл дэлхийн тэргүүлэгч “Их долоо”-гийн нэг, тэр тусмаа “Үхэх, татвар төлөх нь үнэн” гэсэн зарчимтай Англи улсад хууль бус бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж хэр билээ дээ.

Олон улсын компаниуд оффшор бүсийг сонгодог нь татварын хөнгөлөлтөөс гадна хамгийн гол нь улс төрийн тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулж, оруулсан хөрөнгө оруулалт нь найдвартай, эрсдэлгүй байхыг эрхэмлэдэг. Гэтэл Монголд бизнесийн хамгийн чухал энэ хоёр  үзүүлэлтэд Монголчууд бид өөрсдөө байтугай гаднын хөрөнгө оруулагчид  итгэлтэй байж чадах уу.

Сонгууль бүрийн дараа төр засаг нь солигддог, улс төрийн шалтгаан, нөлөөллөөр банк эдийн засаг нь хямардаг, татварын орчин нь  гэнэт өөрчлөгдөөд байхад дэлхийн хэмжээний том компани, хөрөнгө оруулагчид Монголд яаж итгэх вэ. Тэгээд ч ганц Монголд биш дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг ийм компаниуд оффшор бүсэд толгой компаниа байгуулдаг нь олон улсын бизнест элбэг тохиолддог зарчим. Дэлхийн хэмжээний компаниуд  ихэнх нь нээлтэй хувьцаат компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа та ч, би ч  ийм компанийн хувьцааг эзэмших боломжтой. Торонто эсвэл Хонг Конгийн хөрөнгийн биржид зарагдаж байгаа хувьцааг худалдаж авах нь Монголын хөрөнгийн биржээс Монголын компанийн хувьцааг авахтай л адилхан болсон цаг шүү дээ. Тиймээс хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт бага ойлголттой иргэдээ оффшор буюу эдийн засгийн чөлөөт бүсээр айлгах нь ард түмнээ хөмөрсөн тогоон дотроо тамынхаа өрсөлдөөнөөр амьдар гэж буйгаас ялгаа алга. 

Цаашид  бид гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татъя л гэвэл оффшор бүсэд бүртгэлтэй комппаниудтай хамтарч ажиллах нь зайлшгүй нэг хувилбар байж таарна. Эс бөгөөс Монголын оффшор бүс буюу Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн эрх зүйн орчныг улам сайжруулж, банк санхүүгийнхээ системийг дэлхийн жишигт хүртэл нь өөрчилж, шинэчилэх шаардлагатай байна. Түүнээс биш дэлхийн оффшор бүс дэх компаниудад хувьцаа эзэмшиж буй хүмүүсээ “гэмт хэрэгтэн” мэт яллах нь ардчилсан чөлөөт эдийн засагтай гэх Монгол Улсыг,  хаалттай, дарангуйлал ноёрхсон Ардчилсан Солонгос шиг харагдуулаад байна. Оффшор компанид Монгол хүн хувьцаа эзэмших нь гэмт хэрэг биш ээ.Харин насаараа бизнес хийж үзээгүй атлаа хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон, төрөөс төрсөн тэрбумтнууд болон төрд алба хашиж байгаа төрийн албан хаагчид, УИХ, Засгийн газрын гишүүдийн хувьд оффшор бүсэд өөрийн гэсэн данстай байгааг авилгын нууц данс, гэмт хэрэг гэж хардахаас аргагүй юм. 

Монгол хүн оффшор компанид хувьцаа эзэмшихийг хуулиар хориглоно хэмээн зарим нэг улстөрч үзэж байна.

Тиймээс сонгууль хүртэл хэдхэн хоногийн настай, оффшорын сүр дуулианаар Монголынхоо эдийн засгийг улам бүр битгий дордуулчихаасай билээ. УИХ-ын даргаасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртлээ оффшорын асуудлаар улстөржиж байна.

Монгол хүн оффшор компанид хувьцаа эзэмшихийг хуулиар хориглоно хэмээн зарим нэг улстөрч үзэж байна. Монголд байгаа оффшор компаниудыг хөөж гаргана гэж одоохоноо арай л сүржигнээгүй байна. Гэхдээ цаашид оффшорын асуудал улам даамжирбал үлдэх биш явах улстөрчид эрх мэдлээрээ далимдуулаад Монголынхоо бизнесийн салбарыг, дэлхийд өрсөлдөх бизнесийн өрсөлдөөнийг улстөржүүлэн боомилж мэдэхээр болжээ.

Оффшорын талаар бүрэн гүйцэд зөв мэдээлэл, ойлголтгүйгээр энэ мэтээр хийрхэн сүржигнэж, улстөржсөөр байвал цаашид оффшор бүсэд бүртгэлтэй хөрөнгө оруулагч компаниуд  уул уурхайг орхиж гарсан шигээ Монголоос нэг мөсөн нүүр буруулахыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс сонгуулийн хар пиар, улстөрчдийн бие биенээ намнах гол “зэвсэг” болж буй оффшорын талаар сонгогчид маань өөрсдөө зөв ойлголттой болж, сонголтоо хийх нь юу юунаас чухал болоод байна.