Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүлээс авчирсан шинэ боломжууд

Б.Цэцэгсүрэн
2016 оны 5 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлал баасан гарагт өндөрлөж, тэрбээр эх орондоо хүрэлцэн ирээд байна.

Төрийн тэргүүн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн урилгаар тус улсад айлчилсан ба Ерөнхийлөгчийн түвшинд 2008 оны хоёрдугаар сараас хойш даруй найман жилийн дараа Өмнөд Солонгост Монгол орноо дахин сурталчлах боломжийг эрэлхийлэв.

Пүрэв гарагийн өглөө тэрбээр хатагтай Пак Гын Хэтэй уулзсан билээ. Сөүл хотын төвөөс ялимгүй зайтай Бүкан уулын бэлд орших “Хөх ордон”-ы өмнө тэд 10.10 цагт уулзсан юм. “Хөх ордон”-ы хаалга нээгдэж, Пак Гин Хэ гарч ирж үзэгдэх мөчид Монгол Улсн төрийн далбаа бүхий 101 дугаартай "Mercedes Benz" үүдний довжоонд тулах шахам зогсож, Ерөнхийлөгч маань гарч ирэв. Ази Европын дээд түвшний 10    дугаар уулзалтаар Миланд, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн үеэр Бээжинд гэхчлэн цөөнгүй удаа уулзаж байсан тэд эртний танилын ёсоор гар атган мэндэллээ.

ИРГЭДДЭЭ ХАНДСАН ХЭЛЭЛЦЭЭР

Хүмүүс хоорондын харилцаанд тулгуурласан Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт, шинэ түвшинд гаргах боломжийн тухай хоёр улсын Ерөнхийлөгч нар ярьжээ.

Өөрөөр хэлбэл, энэ нь байгалийн баялаг, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна мэдээллийн технологи, эрчим хүчний салбар, хүрээлэн буй орчин, бүтээлч эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай санаа юм.

“Бид БНСУ-тай тогтоосон харилцааг их өвөрмөц харилцаа гэж үздэг. Яагаад гэвэл хүмүүс хооронд тогтоосон харилцаа учраас бусад улс орныхтой харьцуулбал хамгийн ойрхон байдаг. Манай маш олон мянган иргэн энэ харилцаатай шууд хамаатай байдаг. Энэ бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үнэтэй капитал гэж харж байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх өдөр нь Сөүлийн монголчуудтайгаа уулзах үеэрээ тэмдэглэсэн билээ. Хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалт, хэлэлцээ биднийг сонирхсон халуун дулаан уур амьсгалд өрнөсөн хэмээн албаны хүмүүс тодотгож байна.

Хоёр улсын хоорондох нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхээр талууд тохиров.

Үр дүнд нь хоёр улсын хоорондох нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхээр талууд тохиров. Өдгөө Монголын МИАТ, Солонгосын “Korean Air” долоо хоногт зургаан удаа Улаанбаатар Инчеоны хооронд нислэг үйлддэг. “2003 оноос хойш нислэгийн тоог нэмээгүй ба дунджаар суудлынх нь 90 хувь нь ямагт дүүрэн байдаг” хэмээн албаны хүмүүс онцолж байна.

Тиймээс юутай ч Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтад оруулахаас өмнө энэ чиглэл дэх нислэгийн тоог нэмэхээр талууд тохиров. Тэрчлэн удтал яригдсан Улаанбаатар Пусаны чиглэлд нислэгийн шинэ шугам нээх яриа хэлэлцээг энэ үеэр ажил хэрэг болгохоор шуудрав. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Зургадугаар сарын 24-нөөс эхлэн Улаанбаатар, Пусаны хооронд шууд нислэг хийнэ. Солонгост ажиллаж амьдарч байгаа манай иргэдийн нэлээд хэсэг нь Пусан хавьцаа амьдардаг. Зөвхөн Пусан хотод л гэхэд 800 гаруй монгол бий. Тэгэхээр энэ нь монголчуудын хувьд чухал нислэг болно оо гэж бодож байна” хэмээн тодруулав.

“Хар гялгар уутаар битүү ороогоод, чемоданыхаа ёроолд хийчихвэл гаалийнхан мэддэггүй юм” хэмээх яриа хилийн чанадыг зорьж буй Монголчуудын амнаас ам дамжин яригддаг. Тэгвэл гааль дээр илрүүлээд хайр найргүй хогийн сав руу шидэж орхидог махыг монголчууд Солонгос руу нэвтрүүлэх боломжтой болсон нь энэхүү айлчлалын өөр нэгэн олз.

Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БНСУ-ын амьтан болон ургамлын хорио цээрийн агентлагийн комиссар Пак Бон Кюн гарын үсэг зурж баталгаажууллаа. “Гэхдээ зөвхөн дулааны аргаар боловсруулсан, болсон мах, махан бүтээгдэхүүн” хэмээн Гадаад хэргийн сайд тодруулав.

“Манай маш олон иргэн БНСУ руу зорчиж эмчлүүлж, сурч, амьдарч байна, Монголоосоо янз бүрийн хүнсний зүйл авчирдаг. Тэр нь хил гааль дээр их хэмжээгээр хураагддаг. Энэ санамж бичгээр үүнийг зохицуулж өгөх юм. Монгол Улсаас гаргахдаа манай Мэргэжлийн хяналтын байгууллагууд түүн дээр тодорхой хэмжээний тэмдэг тавиад өгдөг. Түүнийг нь БНСУ -ын ижил түвшний байгууллага хараад оруулдаг болно. Түүхий мах бол оруулахгүй. Дулааны аргаар боловсруулсан мах, бусад хүнсний зүйлийг оруулах болсон нь Солонгост амьдардаг иргэдийнхээ хувьд маш чухал алхам болж байгаа юм” хэмээн Л.Пүрэвсүрэн сайд тэмдэглэв.

Монголчуудтай хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар анхлан Монголчууддаа мэдээлсэн бөгөөд тэрбээр “Манай иргэд их гэрсэг, өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг авчрахыг хүсдэг. Тэгээд энэ айлчлалын үеэр нэг зүйл дээр тохирч байна. Монголд боловсруулалтыг нь хийчихсэн, тэгээд хил дээр дарагдсан мэргэжлийн хяналтын байгууллагын тэмдэгтэй тийм бүтээгдэхүүнийг шууд оруулдаг болно. Би ямар бүтээгдэхүүний тухай ярьж байгааг Та бүхэн мэдэж байгаа учраас би энд түүнийг дурдаад яах вэ” хэмээгээд инээмсэглэхэд танхимд суусан Монголчууд талархан алга ташиж байсан юм.

Зөвхөн 2015 оны байдлаар л гэхэд ийм төрлийн хууль бус импортын 4,284 хэрэг бүртгэгдсэн бөгөөд солонгосчуудын хар дансанд багтах шахсан эдгээр бүтээгдэхүүний 80 хувь нь үхрийн махан борц, зайдас байжээ.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг та, бид мэднэ.

300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тухай энэхүү хэлэлцээрийн эхний шатанд 55.5 сая ам.долларын хөрөнгөөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл хэрэгжиж, шавыг нь ирэх сарын 25-нд тавихаар зэхэж байна. Харин энэхүү хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 244.5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх найман төслийн саналаа Монгол Улсын зүгээс 2015 оны арваннэгдүгээр сард Солонгосын талд хүргүүлээд байсан юм. Тэгвэл Монголын талаас санал болгосон төслүүдийг судалж хэрэгжүүлэхээр энэхүү айлчлалын үеэр тохиролцов.

Эхний ээлжинд Монгол Улсын 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулахаар боллоо. Тэрчлэн урьдчилан цэвэрлэх Харгиа байгууламжийг шинэчлэх, хот хоорондын нийтийн тээврийн унаагаа юүлэхээр энэ үеэр тохиролцож чадлаа.

Монгол Улсын 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулахаар боллоо.

Харин барилга, хот хөгжүүлэлтийн асуудлаарх санамж бичгийн хүрээнд Сөүл “ухаалаг хот”-ын загварчлалаа Монголтой хуваалцахаар болж байгаа аж.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Гадаад хэргийн сайд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр “Ерөнхийлөгчийн айлчлал тун чухал ач холбогдолтой айлчлал боллоо” хэмээн дүгнэв.

  • Монгол Улс, БНСУ-ын хоорондох нислэгийн давтамжийг нэмж, Улаанбаатар- Пусаны чиглэлд нислэгийн шинэ шугам гаргана.
  • Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНСУ-ын хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ.
  • БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулахаар боллоо. 
  • Урьдчилан цэвэрлэх Харгиа байгууламжийг шинэчлэх, мөнхотхоорондын нийтийн тээврийн унаагаа юүлэхээр тохиролцожчадав.
  • Барилга,хотхөгжүүлэлтийн асуудлаархсанамжбичгийн хүрээнд Сөүл “ухаалаг хот"- ын загварчлалаа Монголтой хуваалцана.
     
ЕРӨНХИЙЛӨГЧИД ГСИС-ИЙН “ХҮНДЭТ ДОКТОР”-ЫН ЦОЛ ХҮРТЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтсан содон үйл явдал нь тус улсын Гадаад судлалын их сургуульд (ГСИС) тавьсан “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээрх лекц болой.

Хоёр том хөрштэй Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад бодлогынхоо талаар лекц уншихыг дуулаад танхимд цугларсан хүн ч гэж олон. Буурал түүхтэй асар том танхимд багтахгүй шахам сууж, бас зарим оюутан зогсож харагдсан билээ.

"Монголчууд бүдүүлэг, дайнч улс байжээ гэж зарим хүн ярьдаг. Би хувьдаа түүнтэй санал нийлдэггүй. Монголоор Амбан сайд гэдэг, харин англиар Ambassador гэж ярьдаг. Ер нь энэ үг бол Монголоос гаралтай. Монголчууд анх удаа дипломатуудад халдашгүй эрх олгож байсан. Өнөөдөр дипломат паспорт гэж ярьдаг, тэр зүйлийг анх удаа монголчууд бий болгосон юм. Манайхаар алтан гэрэгэ гэж ярьдаг. Дараагийн зэрэглэлийн хүмүүс нь мөнгө, хүрэл пайзтай, мөн модон гэрэгэтэй. Энэ гайхамшигт уламжлалыг монголчууд бий болгосон. Чингис хааны үр сад Хубилай хаан Монголын их хаан болоход өнөөгийн Бээжин хотын анхны суурийг тавьж, Юань гүрэн гэж байгуулж байсан. Хубилай хааны үед анхны цаасан мөнгийг монголчууд гаргаж, дэлхийд худалдааны эргэлтэд оруулж байсан. Өөр маш олон зүйл бий. Цэрэг, техник, шинжлэх ухааны хувьд монголчууд хамгийн дэвшилт техникийг авчирч байсан" гэхчлэн Ерөнхийлөгч ярив.

Солонгосчуудад лекц таалагджээ. Танхим даяар Ерөнхийлөгчийн лекцийг шимтэн, анир чимээгүй сууна. Урд эгнээнд суусан АНУ-ын Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Марк Наппер Ерөнхийлөгчийн яриаг ихэд сонирхон анхааралтай сонсож, үе үе толгой дохин суух аж.

Ерөнхийлөгч Монголын гадаад бодлогын таван үндсэн чанарыг нээлттэй, идэвхтэй, энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй, прагматик хэмээн томьёолов.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдсон 2013 онд тус сургуульд лекц унших урилгыг түүнд илгээж байжээ. Монгол судлалаар хамгийн олон оюутан суралцдаг Солонгосын гадаад судлалын их сургууль Монгол судлалыг дэлхийн хэмжээнд дорвитой хөгжүүлж буй сургууль гэдэг утгаар нь тэрбээр айлчлалынхаа шахуу хөтөлбөрт багтаан ийнхүү лекц уншихаар болжээ.

Ерөнхийлөгч ГСИС-д зочлох үеэр түүнд тус сургуулийн улс төрийн ухааны хүндэт докторын цол хүртээсэн юм. Тус сургуулийн ректор Ким Ин Чоль “Монгол нутагт ардчиллыг тогтоохын төлөө хийсэн үйл хэрэг болоод хоёр орны найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн цол олгосон бөгөөд ГСИС-ийн хувьд энэ нь нэр төрийн хэрэг” хэмээн тодотгосон юм.

Ерөнхийлөгчийн айлчлалын гурав дахь өдөр түүнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Ы Хва бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг тэмдэглээд, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Дараа нь тэрбээр тус улсын Кёнги муж дахь Бүтээлч эдийн засаг, инновацийн төвд зочилсноор албан ёсны айлчлалаа өндөрлөлөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд айлчлалдаа сэтгэл хангалуун байх хангалттай шалтгаан бий. “БНСУ бол Монголын хамгийн чухал гуравдагч хөршүүдийн нэг” хэмээн өөрөө онцлон тэмдэглэсэн Өмнөд Солонгост ажиллаж, сурч, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудынхаа төдийгүй нийт гурван сая давсан Монголчууддаа хандсан, тэдний өдөр тутмын амьдралд алхам тутамд нь хэрэгтэй хэлэлцээрүүдийг энэ үеэр хийж, удаан хугацаагаар хэлэлцсэн зарим ажлыг урагшлуулж чадлаа. Харин айлын тал айлчлалын явцад Умард Солонгос, түүний цөмийн хөтөлбөртэй холбоотой үг унагахыг оролдоод байгаа нь анзаарагдсан юм. 

Үргэлжлэл бий.

Зураг