Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Саруул: Уран бүтээлийг урсгал дагаж бус сөрж бүтээх нь илүү амттай

ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Зүрхний нулимс Гоолингоо” номын зохиолч Б.Саруултай ярилцлаа.

-“Зүрхний нулимс Гоолингоо” хэмээх шинэ уран бүтээл өлгийдөн авчээ. Яагаад энэ номыг бичих болсон талаар ярина уу.

“Энэ баяр жаргалтай сайхан дуу” гэж дуулаад хүнд уярал ухаарал өгч байдаг дуунуудыг адын, ёрын, амраглалын, гуниг, харууслын гэж зааглаж орхиод байвал түмний дундаас төрсөн агуу бүтээлүүдийн маань тоо хумигдаж, түүхийн шарласан хуудаснаа бүдгэрч арилах юм шиг эмзэглэл Гоолингоотой холбогдсон үеэс эхлэн төрж байсан.

Тиймээс гэрэлтэй нь ч бай, сүүдэртэй нь ч бай ард түмний бүтээлийг хаяж гээж болохгүй гэдэг үүднээс номоо зориглон бичсэн. 

Гэрэлтэй нь ч бай, сүүдэртэй нь ч бай ард түмний бүтээлийг хаяж гээж болохгүй гэдэг үүднээс номоо зориглон бичсэн. 

-Гоолингоо дуунаас дөлж холдох нь олон. Таны хувьд яагаад ойртсон юм бэ. Энэ дууны талаар ном бичихэд юу таныг хөглөсөн бэ. 
Гоолингоод автаж татагддаг хэрнээ халдаж ойртож чаддаггүй хүмүүс бас уран бүтээлчид цөөнгүй байхтай би өнгөрсөн хугацаанд олонтаа таарсан.

Гоолингоотой холбогдвол амьдралд минь юу тохиолдох бол гэсэн ахархан бодол айдсаар би толгойгоо дүүргэн “Гоолингоо”-гоос дөлж цэрвэхийг хүсээгүй. Харин ард түмний оюунаас тунгаагдсан агуу бүтээл гэдэг талаас нь харж Гоолингоотой би ойртсон. Ний нуугүй хэлэхэд номоо бичиж байх үед ухарч, шантарч, болъё гэж бодох үе байснаа нуугаад яахав.

 

Гоолингоог сүнс нь эргээд байдаг дуу. Хүнд оролдож болдог, болдоггүй сэдэв байдаг юм гэж хүртэл зарим хүмүүс хэлдэг байлаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандсан болохоор өнөөдөр бүтээл маань уншигчдын гар дээр хүрч байна. Ер нь уран бүтээлийг урсгал дагаж бус урсгал сөрж хийх нь илүү амттай бас үнэ цэнэтэй байдгийг би “Зүрхний нулимс Гоолингоо”-гоос мэдэрсэн.  

-Та энэ номоороо уншигчдад юу хэлэхийг зорьсон бэ. 

-Уншигч бүр өөр өөрийн мэдрэмжээр хүлээж авах байх. Хажууд байгаа хайртай хүмүүсээ хэнэггүй зангаасаа хайхраагүй хэрнээ дэргэдээс холдох үед нь дэндүү их санагалздаг. Ирээд буцдаг энэ хорвоод бие биенээ хайр халамжаар бүү дутаагаасай гэсэн бодлыг номын баатруудын нулимстай түүхээр дамжин уншигч олон маань мэдрэх биз ээ.

Мөн хайр сэтгэл гэж юу байдгийг хүмүүст ойлгуулсан агуу их гүн агуулгатай энэ бүтээл тайзан дээр тэр бүр ил дуулагдаж тоглогдохгүй харагдавч хүний сэтгэлийн чавхдасыг юуны учир хөндсөөр байдгийн нууцыг “Зүрхний нулимс Гоолингоо”-д өгүүлнэ. 

-Номыг бүтээхэд хэр хугацаа зарцуулав. Бэрхшээл тулгарч байв уу.

-Номыг сэтгэлдээ 9-н жил зураглаж, нэг жил цаасан дээр буулган ажиллалаа. Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ зорьсон ажлаа дуусгах тэр мөчид бэрхшээл гэж бодож байсан бүхэн бодлоос сарнин алга болдог юм байна.

 

 

-Материалаа цуглуулж байх явцдаа мэдсэн, номонд туссан, магадгүй бидний мэдэхгүй шинэ сонирхолтой зүйлээс дурдаач гэвэл?

-Өнчрөл хагацал үзэж, уулзъя гэвч учирч чадахгүй санан үгүйлэхийн их хүслэнд автсан үе үеийн бүсгүйчүүд Гоолингоог нулимсаараа услан байж дуулж байсныг, он цагийн уртад олон хүний хайрын түүхтэй холбогдсоныг нь олж мэдсэн.

Гуулин улсад богтлогдсон Монгол хатан, Манжийн дарлалын үед хайртай хүнээ мөрөөсөн санагалзах домогт Агаа хатан, Их хэлмэгдлийн үед эр нөхрөө хэлсээр алдсан Ичинхорлоо гуай, Богд хааны засаглалын үед амьдарч байсан Лувсангомпил нарын их хайрын түүх юуны учир Гоолингоотой холбогддогийн учрыг эрэл, хайгуулынхаа дунд тайлж мэдэх сонирхолтой байлаа.

Эдгээр хатад, гүнж, хүрээ хүүхнүүдийг уран зурагт дүрслэн буулгаж номын хуудсаа баяжуулсан нь илүү бүтээлч сэдэл болсон. Энэ бас л бүтээлээс төрсөн бүтээлийн санаа байсан. 

-“Зүрхний нулимс Гоолингоо” ном үздэг, уншдаг, сонсдог гэсэн тодотголтой. Урьд нь энэ гурвал цогцоороо нэг дор гарч байсан тохиолдол үгүй. Тиймээс таны бүтээлийн онцлог гэж хэлж болохоор санагдлаа. Уншдаг, сонсдог, үздэг ном хийх болсон учир?

-Уярал, ухаарал шингэсэн Гоолингоогоор ном бичнэ гэж бодож байснаас үнэндээ сонсдог, үздэг байхаар бүтээнэ гэж төсөөлөөгүй. Дууны үүх түүх, яруу тансаг ая дангийн нууцад нэвтрэх тусам эгшиг ая нь сонсогдож, үзэгдэхгүй бол хөндий, хоосон хуурай байх мэт мэдрэмж төрж байсан.

Тиймээс үе үед Гоолингоод хандан дуулж, хөгжимдөж байсан уран бүтээлчдийн ая, дуу эгшгийн хамт хүргэх нь чухал юм байна гэж бодсон.

“Зүрхний нулимс Гоолингоо” номын цомогт 1934 онд Москва хотноо бичигдэж байсан Д.Ичинхорлоо гуайн дуулсан Гоолингоогоос эхлээд 2015 он хүртэл Гоолингоод хандсан уран бүтээлчдийн ая, дууг багтаасан.

“Зүрхний нулимс Гоолингоо” номын цомогт 1934 онд Москва хотноо бичигдэж байсан Д.Ичинхорлоо гуайн дуулсан Гоолингоогоос эхлээд 2015 он хүртэл Гоолингоод хандсан уран бүтээлчдийн ая, дууг багтаасан.

Монголын анхны дэлгэцийн бүтээл болох“Монгол хүү” уран сайхны кинонд эгшиглэх Гоолингоогоос эхлээд хуучны ховор нандин дүрс, бичлэг бий.

Гоолингоотой нэгэнт холбогдсон хүний хувьд энэ дууг урын сандаа нэмэх уран бүтээлчид олшроосой гэж битүүхэндээ бодож явдаг. Тиймдээ цомогтоо хуучир, шанз хөгжмөөр Гоолингоог тоглуулан оруулсан.

 

Ардын хөгжимтэй төгс зохицдог Гоолингоо Европын хөгжмийн зэмсэгтэй хэр нийцэх бол гэсэн бодолдоо хөтлөгдөн ОХУ-ын хөгжимчин саксафонч Дмитрий Таганд санал тавин Гоолингоог жааз стилиэр хөгжимдүүлэн номын цомогтоо оруулсан.

Үзэх, харах, унших бүхэн нэгэн дор орж байгаа учраас ном маань ийм тодотголтой байхад хүрсэн. 

-Ном болгон өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Таны ном юугаараа бусдаас ялгарч, юугаараа илүүтэй үнэ цэнэтэй вэ. 

-Урлагт мартагдах, дарагдах бүүр цаашлаад үнэн түүх нь гуйвуулагдах тохиолдол цөөнгүй байдаг. Заримдаа тэдгээр бүтээлүүд эзэнтэйгээ алсын алсад одсон байх нь харамсалтай. Тиймээс бичиж үлдээх нь үе үеийнхэн бидний үүрэг гэж боддог.

Гоолингоогийн домог, түүх, хууч яриа, аман сурвалж гээд олон зүйлсийг ахмад үеийн алт шиг хүмүүсээс амжиж сонсож түүнийгээ уншигч олонтойгоо хуваалцана гэдэг хувь тохиол. Аялгуу талаасаа хүмүүсийг өөртөө соронзон мэт татаж байдгаас гадна “Гоолингоо” гэсэн нэр нь хүртэл онцлог содон ард түмний дунд хэзээд оршсоор байх мөнхийн бүтээл Гоолингоогийн ая дангийн нууцад нэвтэрснээ би үнэ цэнэтэйд тооцно. “Хэлсэн хийсдэг, бичсэн үлддэг” шүү дээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.