Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бяцхан гар бусдын халаасанд

Ж.Эрхэс, Өглөөний сонин
2016 оны 5 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Микро автобусанд хажууд сууж явсан найм орчим настай охин надаас цаг асуув. Би ч утсаа гаргаж, цаг хэлж өгчихөөд юм бодсонгүй далд хийлээ. Гэтэл тэр охин утсаа хаана хийхийг минь харах гэж цаг асуусан юм билээ. Ингээд л дахиад нэг утсаа “суйлуулчхав”.

Хүүхдэд хүртэл итгэхэд хэцүү болсон цаг юмсанж. Би ч яах вэ, оюутан байсныг ч хэлэх үү, цагдаад гомдол гаргаагүй. Гэтэл надтай адил хүн олон байдгийг энэхүү нийтлэлийг бичих явцдаа олж мэдлээ. Гомдол гаргасан хүмүүс ихэвчлэн ижил зүйл хэлж байв. “Гомдол гаргачихаар цагдаа нь мэдүүлэг өг гэж хэзээ ч хамаагүй дууддаг. Сүүлдээ өөрөө хэрэгтэн шиг санагдаад гомдлоо татсан”, “Угаасаа олддоггүй юм байна лээ, цагийн гарз” зэрэг нийтлэг хариулттай.

Гэтэл халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд цагдаа нар гэм бурууг нь ойлгуулаад л явуулахаас аргагүй байдлаар ажиллаж байна. Халаасны хулгай хийгээд сурчихсан зарим хүүхэд Хүний эрхийн комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар руу ярьж, өөрсдийгөө өмгөөлүүлж, цэвэр мултрах аргатай болжээ. Тэдний зарим нь хийсэн үйлийнхээ төлөө гэмших нь байтугай санаа зовсон ч шинжгүй, сурчихсан “бохьчид” (бохь, сэтгүүл зарангаа хулгай хийдэг хүүхдүүд) бас байдаг аж.

Хүүхдүүд хулгай хийхдээ ихэвчлэн эмэгтэйчүүдийг сонгодог талаар Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.

Улаанбаатар хотын цагдаагийн IV хэлтсийн ахлах төлөөлөгч, дэд хурандаа Б.Баттөр “Ер нь эмэгтэй хүн, эх хүн тэдгээр хүүхдэд илүү зөөлөн ханддаг учир байгаа болгодог” хэмээн тайлбарлалаа.

 Халаасны хулгайчийг үйлдэл дээр нь бариад, цагдаад хүлээлгэж өгсөн хүн цөөнгүй байдаг юм билээ. 

Халаасны хулгайчдыг шийтгэхэд бэрхшээл их. Захиргааны хариуцлагын хуулийн 36-д зааснаар бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1,500-20,000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг байна.

Манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг. Тэгэхээр үүнд хүрэхгүй хэмжээний эд хөрөнгө шамшигдуулсан бол 20,000 хүртэлх төгрөгөөр торгоод л өнгөрнө.

Тэднийг шийтгэх одоогийн тогтолцоо учир дутагдалтайг хуульчид ч хэлж байна. Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Өмнөх хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй эд зүйл хулгайлбал торгоод явуулдаг байсан. Энэ нь хулгай хийж олсон мөнгөнөөсөө бага зэргийг нь өгчих, тэгээд дахиад хулгайлж болно гэж байгаатай адил гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Нөгөө талаар хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг цагдаа нар тогтоодоггүй. Цагдаа нар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Тэгэхээр эргээд цагдаа нар хулгайчийг сулладаг, хэдхэн төгрөгөөр торгодог гэж шүүмжлэхэд хүрч байгаа юм. Зарим хүн цагдааг хулгайчийн ашгаас хүртдэг гэж хүртэл харддаг. Гэтэл тэд хуулиа л дагаж байгаа шүү дээ” хэмээлээ.

Энэ ч үнэн. Халаасны хулгайчийг үйлдэл дээр нь бариад, цагдаад хүлээлгэж өгсөн хүн цөөнгүй байдаг юм билээ. Гэвч маргааш нь нөгөө хулгайч дахиад л сурсан ажлаа хийгээд явж байна гэх гомдол цагдаагийн байгууллагад олон ирдэг ажээ.

Тэгвэл он гарсаар буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгт зургаан хүүхэд холбогдсон талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтсээс мэдээлэв. Энэ нь мөн хугацаанд бүртгэгдсэн хулгайн 5.5 хувийг эзэлж байна. Тэдний дөрөв нь орон гэргүй бол хоёр нь сурагч байжээ.

Гэхдээ дуулгах сайн мэдээ бий. Сүүлийн үед халаасны хулгайн гэмт хэргийн гаралт багасаж, илрүүлэлт нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт 18.9 хувиар буурч, илрүүлэлт 8.8-аар өссөн үзүүлэлттэй.

Цагдаа нар хүүхдүүдээс мэдүүлэг авахдаа тэдэнд зөвлөгөө өгдөг дүүргийн өмгөөлөгч, багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийг байлцуулах ёстой. Хуульд ч ингэж заасан. Харин энэ нь бодит амьдрал дээр бараг хэрэгждэггүй болохыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал хэлэв.

Харин цагдаагийн газраас холбогдох хүмүүсийг байлцуулдаг, тэгэхгүй бол хүүхдийн мэдүүлгийг прокурор хүчинтэйд тооцдоггүй гэсэн юм.

Захиргааны хариуцлагын тухай хуульд халаасны хулгайч нарыг торгох заалт бий.

Захиргааны хариуцлагын тухай хуульд халаасны хулгайч нарыг торгох заалт бий. Гэхдээ хэрэгтэн 16 нас хүрээгүй бол хууль үйлчлэхгүй аж.

“Одоогийн байдлаар халаасны хулгай хийсэн хүүхдүүдэд хариуцлага оноодоггүй. Ийм хуулийн заалт ч байхгүй учир цагдаа нар үр дагаврыг нь хэлж ойлгуулаад л явуулдаг” хэмээн дэд хурандаа Б.Баттөр учирлалаа.

Тэрбээр үргэлжлүүлэн “Орон гэргүй, өнчин, ар гэрийн байдал тааруу, эцэг эх нь архинаас хамааралтай болсон хүүхдүүд халаасны хулгай хийдэг. Түүнээс биш дуртайдаа ч юм уу, зугаагаа гаргах гэж ийм зүйл хийдэггүй гэсэн юм.

Харин Хүүхдийн төлөө үндэсний газрын албаны дарга Ж.Азжаргал “Суурь эрх нь хангагдахгүй, ар гэрийн хүнд нөхцөл байдлаас болж хулгай хийдэг хүүхдүүдийг шийтгэх нь буруу. Харин урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгмийн олон талт арга хэмжээнд оролцуулж, хулгайн хар мөрийн талаар мэдлэг олгох хэрэгтэй” гэв.

Хүүхдийн төлөө үндэсний газар болон хууль, хяналтын байгууллага хүүхдэд үр дагаврыг ойлгуулах, гэмт хэрэгтэн болохоос хамгаалах үүднээс хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа аж. Хамгийн гол нь, хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хянах асуудал эцэг, эхтэй салшгүй холбоотой юм. Цаашлаад, хараа хяналтгүй хүүхдүүдэд онцгой анхаарал тавих, зөв замд нь хөтлөх, чиглүүлэх талд энэ чиглэлийн байгууллагуудын үүрэг оролцоо асар чухал байгаа юм.

Зураг