Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Panama Papers” гэж юу вэ? Товч танилцуулга

A.Жаргал
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Panama Papers” бол дэлхийн дөрөв дэх том офшор хуулийн фирм болох Моссак Фонсекагаас алдагдсан 11.5 сая бичиг баримтын тухай хэрэг юм.

Түүхэнд ийм хэмжээний мэдээлэл алдагдсан хэрэг өмнө нь гарч байгаагүй ба Германы Suddeutche Zeitung сонин болон Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд олон нийтэд дэлгэгджээ.

 

Тэд юуг ил болгосон бэ?

Алдагдсан бичиг баримтууд олон тооны хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүдийн татваргүй бүс (офшор) дэх нууц мөнгийг ил болгосон. Одоогоор 143 улс төрч, тэдгээрийн дотор 12 орны төрийн тэргүүн, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүстэй холбоотой баримтууд дэлгэгдээд байна.

Тэдгээрийн дотор ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, Украины ерөнхийлөгч Петро Порошенко, Исландын ерөнхий сайд Сигмундур Гунлагссон зэрэг өндөр албан тушаалтнууд байгаа юм. Мөн Их Британий ерөнхий сайд Дэвид Камероны гэр бүлийн компани бүртгэлтэй байдаг нь ч илрээд байна.

Энэ бол дөнгөж зах зух нь бөгөөд жагсаалт цаашид үргэлжлэхээр байгаа.

 

Моссак Фонсека гэж хэн бэ?

Энэ бол Панамд бүртгэлтэй хуулийн фирм бөгөөд Британий Виржин арлууд зэрэг офшор бүсүүдэд хөрөнгөө байршуулахад нь хувийн компаниудад үйлчилдэг. Тэд офшор компаниудын менежмэнтийг жилийн тогтмол хураамж авч гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн хөрөнгийн менежмэнтийн бусад үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

 

Хаана байрладаг вэ?

Хэдийгээр Панамд төвлөрдөг ч үйл ажиллагаа нь дэлхий даяар явагддаг. Дэлхийн 42 оронд уг компанийн 600 ажилтан бүхий сүлжээ ажилладаг байна. Мөн тус компанийн нэрийг ашиглах эрхтэй, фрэнчайзинг салбарууд бий. Моссак Фонсекагийн ажилладаг татваргүй бүсүүдэд (офшор) Швейцарь, Кипр, Британий Виржин арлууд, бусад Их Британий захиргаанд оршдог арлууд багтаж байгаа юм.

 

Нууц мөнгөний тархалт

Нууц мөнгийг хадгалдаг газрууд

Моссак Фонсекагийн бүртгүүлсэн 200,000 гаруй офшор компани байгааг илрүүлжээ. Тэдний дотор хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч бий. Тэдгээрийн ихэнх нь буюу 100,000 гаруй нь Британий Виржин арлуудад бүртгэлтэй байна.

 

Зуучлагчид

Моссак Фонсека нь компаниудтай шууд харилцаж үйлчлэхээс илүү дундын зуучлагч, хуульчид, банкнууд, итгэмжлэгдсэн этгээдүүдээр дамжиж харьцдаг байна. Дээрх дундын зуучлагчид нь голдуу Европт, тэр дундаа Швейцарь, Жерси, Люксембург, Их Британид голлон төвлөрдөг гэжээ.

 

Нууц эзэд

Офшор бүсэд байршуулж байгаа мөнгөний эздийг олоход хэцүү. Жинхэнэ эзэд нь ил гардаггүй, бусдын нэрээр явдаг гэнэ. Алдагдсан бичиг баримтын дээжээс 13,000 эзэмшигчийн харьяаллыг гаргаж үзэхэд Хятад болон Оросын иргэд тэргүүлж байжээ.

 

Хэр том компани вэ?

Моссак Фонсека бол дэлхийн дөрөв дэх том офшор үйлчилгээ үзүүлэгч. Дэлхий даяар 300,000 гаруй компанид үйлчилдэг гэсэн тоо баримт бий. Их Британитай хамгийн өргөн хэлхээ холбоотой. Офшор компаниудын талаас илүү нь Британий захиргаанд байдаг бүс нутгуудад байгаа юм.

 

Хэр их хэмжээний мэдээлэл алдагдсан бэ?

Маш их. 2010 онд Викиликсийн дэлгэж байсан, Эдуард Сноудений 2013 онд дэлгэсэн мэдээллүүдээс хамаагүй их хэмжээтэй. Моссак Фонсека фирмийн дотоод мэдээллийн сангаас олж авсан 11.5 сая бичиг баримт буюу 2.6 Террабайт мэдээлэл байгаа юм.

 

Түүхийн хамгийн том алдагдсан мэдээлэл

“Panama Papers”-ийн 2.6 TB мэдээллийг бусад томоохон мэдээлэл алдагдсан тохиолдлуудтай хэмжээгээр нь харьцуулбал:

 

Офшор компанитай хүн бүхэн хулгайч уу?

Үгүй. Офшор компанитай байх нь бүхэлдээ хууль ёсны ажиллагаа. Ингэх олон шаардлага байдаг нь бүгд хуулиар зөвшөөрөгдсөн. Тухайлбал Орос, Украин зэрэг улсуудын компаниуд ингэснээр гэмт хэрэгтнүүдээс мөнгө хөрөнгөө хамгаалах, валютын хатуу бодлого зохицуулалтаас зайлсхийдэг. Мөн гэрээслүүлсэн өмч хөрөнгийг ч ийм замаар зохицуулах практик байдаг.

 

Тэгвэл зарим нь хууль бус үйлдэлдээ ашигладаг уу?

Тийм. Ийм дансыг авлигалчид, гэмт хэрэгтнүүд, мөнгө угаагчид ашиглах нь түгээмэл. Улс орнуудын засгийн газрууд үүнийг зохицуулахыг хичээж байна. Тухайлбал офшор компаниудын эздийг бүртгэлжүүлэх ажил. Ирэх зургаадугаар сараас Их Британий компаниуд эздээ ил гаргах үүрэг хүлээх гэж байгаа нь үүний нэг жишээ.

 

Эх сурвалж: The Guardian