Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Жижиг" 76 тойргоор явагдсан сонгуулиудад аль нам ялж байв?

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр орой Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. 

Тус өөрчлөлтөөр сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоо байх мөн тус бүр нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулах өөрчлөлтийг хийлээ. Энэ нь одоогийн 26 буюу томсгосон тойргийг задалж 76 жижиг тойрог болгон өөрчлөн зохион байгуулах явдал юм. Ингэснээр нэг тойргоос нэг л нэр дэвшигч сонгогдох хувилбар юм. 

1992 оноос хойш болсон зургаан удаагийн УИХ-ын сонгуулийн гурав нь 76 тойргоор, гурав нь 26 тойргоор явагдсан бөгөөд томсгосон, жижигрүүлсэн хувилбаруудад аль нам илүү олон суудал авч байсныг дахин сануулъя. 

Өнгөрсөн зургаан удаагийн сонгууль буюу нийт 456 удаагийн УИХ-ын гишүүний суудалд намуудын эзлэх хувийг харцгаая. 

График 1, Өнгөрсөн зургаан удаагийн УИХ-ын сонгуулийн дүн

МАН өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд олонх буюу 60 хувийн суудлыг авч байсан бол АН-ын тухайд дангаараа болон бусад намтай эвсээд нийт сонгогчдын 34 хувийн саналыг авч байжээ.

График 2, 1996, 2000, 2004 оны гурван удаагийн ЖИЖИГРҮҮЛСЭН ТОЙРГООР явуулсан сонгуулийн үр дүнг нэгтгэж харвал:

- АН 87 

- МАН 133 суудал авсан байна. 


График 3, 1992, 2008, 2012 оны ТОМСГОСОН ТОЙРГООР явуулж байсан гурван удаагийн сонгуулийн үр дүнг харвал:

- МАН мөн л хамгийн олон буюу 142 суудал,

- АН 66 суудал авч байжээ. 


Графикуудаас харвал, МАН-ын хувьд томсгосон буюу 26 тойрогтой сонгуульд илүү олон суудал авч байсан бол АН-ын хувьд жижигрүүлсэн тойрогт илүү олон санал авч байж.  Аль ч тохиолдолд дээрх зургаан удаагийн сонгуулийг 76, 26 тойргоор явагдсан хувилбар буюу гурав гурваар нь салгаад харахад МАН илүү олон суудал авч байсан байна. 

Гэхдээ МАН томсгосон тойргоор явуулсан 1992, 2008, 2012 оны сонгуульд илүү олон суудал авч байжээ. Харин АН-ын тухайд жижигрүүлсэн тойргоор явуулсан сонгуульд томсгосноос илүү олон суудал авч байж. Үүнээс харвал жижигрүүлсэн тойргийн хувилбар нь АН-д илүү ашигтай байх магадлалтай юм. 

Нэр бүхий улстөрчид ч жижигрүүлсэн 76 тойргоор явуулах нь тухайн үед эрх барьж байгаа намд  ашигтай талаар дурддаг.  Нэг тойргоос нэг л хүн сонгогддог учир аль илүү эрх мэдэлтэй, хүчтэй байгаа, холбогдох шат бүртээ тухайн намын аппарат ажиллаж байдаг  эрх баригч намд жижигрүүлсэн тойрог ашигтай байдаг аж.