Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс хамгийн их “вирусанд баригдсан” орон болохыг Майкрософт зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Майкрософт корпораци хагас жил тутамд дэлхийн нийтийн кибер аюулгүй байдлын үзүүлэлтийг програм хангамжийн түвшинд гаргаж тайлагнадаг. Тэд үүн дээр үндэслэн хэрхэн эрсдэлээс хамгаалах зөвлөмжүүдээ бас гаргадаг юм.

Тэгвэл Майкрософт өчигдөр 2015 оны сүүлийн хагасийн Microsfot Security Intelligence Report Volume 20 тайлангаа гаргажээ.

Тайланд дэлхийн улс орнуудад вирус төрлийн хортой програмууд халдварласан байдлыг үнэлж гаргахад Монгол улс 93.3 CCM гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Монголын араас Ливи, Палестин, Ирак , Пакистан улсууд тус тус орж эхний тавд багтжээ.

 

Дэлхийн улс орнуудын дундаж нь 16.9 CCM байдаг аж.

CCM (Computer Cleaned per Mille) гэдэг үзүүлэлт нь 1,000 компьютер тутамд ноогдох, вирус халдварлаж Microsoft Malicious Software Removal Tool-ээр цэвэрлэгдсэн компьютерын тоо юм. Өөрөөр хэлбэл Монголын хувьд 1,000 тутамд 93.3 компьютер “вирустэж” байна гэсэн үг.

Судалгааны тайланг ЭНЭ ХОЛБООСООР татаж авч үзэх боломжтой.