Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Утаа холдсон ч уршиг нь арилаагүй

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 6
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өвөл биднийг айлгаж байсан нэгэн аюул түр холдлоо. Энэ нь мэдээж агаарын бохирдол. Урин дулаан цаг ирж, цээж дүүрэн амьсгалах боломж бүрдсэн даруйд бид агаарын бохирдол гээч зүйлийг таг мартаж, тэр хэрээр утаатай хийх тэмцэл орхигдох гээд байдаг талтай. 

Тэгээд жавар тачигнасан өвөл хаяанд ирэхэд нөгөөхөө гэнэт санаж, дээр доргүй ярьж эхэлнэ. Зүй нь бид агаарын бохирдол хэмээх дайсны талаар байнга сануулан ярьж, холбогдох албан тушаалтнуудын чихнээс хонх уясаар байж гэмээнэ бага ч болов ахиц гарах учиртай.

Олон улсын ЖАЙКА байгууллага гурван жилийн турш агаарын чанарын станцын үзүүлэлтэд тулгуурлан судалгаа хийж буй. Өнгөрсөн долоо хоногт тэд судалгааны нэг хэсгээ албан тушаалтнуудад танилцуулжээ. Эндээс харвал нийт бохирдлын 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч буй нүүрсний утаанаас эхтэй байна.

20 хувь нь автомашины яндангийн утаа бол үлдсэн нь нам даралт болон цахилгаан станцын зуухнаас ялгарч буй утаанаас үүдэлтэй аж.
Агаарын бохирдол гэхээр зөвхөн айл өрх болон машины яндангаас гарч буй утаа гэж ойлговол эндүүрэл. Бохирдолд нөлөөлж буй нэг чухал элемент нь тоос, тоосонцор. Тэгвэл урин дулаан цагт агаар дахь тоосны хэмжээ дорвитой буурдаггүй талаар мэргэжлийн хүн хэлж байна.

“Өвөл ихэнх бодис стандартаас дандаа давдаг. Харин зун хэвийн хэмжээнд байдаг л даа. Гэхдээ сүүлийн үед тоос тоосонцор жилийн дөрвөн улирлын турш стандартаас давах гээд байдаг болчихлоо. Энэ нь автомашины хөдөлгөөн, шороон шуурга гээд хэд хэдэн шалтгаантай” хэмээн Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн Агаарын хэсгийн инженер Б.Бархасрагчаа ярилаа. Тэгэхээр нийслэлчүүд зуны цагт агаарын бохирдол алга боллоо гэж тайвширч болохгүй нь.

Урин дулаан цагт агаар дахь тоосны хэмжээ дорвитой буурдаггүй талаар мэргэжлийн хүн хэлж байна.

Сүүлийн жилүүдэд бид агаарын бохирдлыг бууруулахын тулд их мөнгө зарцуулж, чамгүй ажил хийсэн нь үнэн.

Сайжруулсан зуух, шахмал түлш, цахилгаан халаагуур гээд цааш хөвөрнө. Үр дүнд нь бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Тухайлбал, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 40 хувиар багассаныг агаарын чанарын албаны дүн мэдээнээс харж болно.

Гэхдээ ирэх өвөл бохир агаартай хийх тэмцэл удааширч, бүр зогсож ч магадгүй нөхцөл байдал үүсээд буй. Яагаад гэдэг шалтгааныг БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбат хэрхэн тайлбарласныг сонирхъё.


-Бид өвлийн турш агаарын бохирдол гэж ярьдаг ч дулаарахаар мартаж орхидог. Асуудал хариуцсан яамны хувьд энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хийж, цаг алдалгүй зохих шийдвэрүүдийг гаргах үүднээс манай яам хэд хэдэн ажлыг төлөвлөн эхлүүлээд байгаа.

Юуны өмнө Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос өгсөн чиглэлийн дагуу ойрын таван жилд нүүрсний хэрэглээнээс татгалзах ямар боломж байна вэ гэдэг арга замыг эрэлхийлэн төлөвлөгөө боловсруулж байна. Энэ сард багтаад Үндэсний хороогоор хэлэлцүүлнэ.

Мөн тавдугаар сарын дундуур НҮБ-ын санхүүжилттэй “Азийн цэвэр агаар” олон улсын байгууллагатай хамтран хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд үндэсний хөтөлбөр боловсруулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн тавдугаар сарын 10, 11-нд ШУТИС, МҮХАҮТ, БОНХАЖЯ хамтраад “Ногоон технологи, инноваци 2016” арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Үүний зорилго нь орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан шинэ санал санаачилгыг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулагч талтай холбож өгөх. Ядаж 1-2 төсөл санхүүжилтээ олж, амьдралд хэрэгжих байх гэж найдаж байна.

2015-2016 оны тайлангаа гаргаж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан семинар хийхээр төлөвлөсөн. Энэ үеэр ирэх өвөл юу хийх вэ гэдгээ тодорхойлно.

Үүний хажуугаар хэд хэдэн туршилт, судалгааны ажил хийж байгаа. Жишээ нь, Улаанбаатар хотын салхины цеклоныг судалж, судлаачдаар хэлэлцүүлнэ. Өвлийн цагт үүлэнд зориудаар нөлөөлснөөр салхи үүсгэж, хотын дээр тогтоод байдаг утааг сарниулах ямар боломж байна вэ гэдгийг судлах юм. Тиймээс манай яам энэ зуны турш завгүй ажиллана.

-Агаарын бохирдол бууруулахын тулд сайжруулсан зуух тараахаас өөр дорвитой ажил хийхгүй байна гэж шүүмжилдэг. Гаднын үр дүнтэй аргуудыг Монголын нөхцөлд нэвтрүүлж болдоггүй юм уу?

-Шинэ санал, санаачилгатай хүн бидэн дээр олон ирдэг. Гэвч энэ нь амьдрал дээр туршигдаагүй байдаг. Ядаж 1-2 өвөл туршаад, үр нөлөөтэй нь батлагдсан тохиолдолд төр бодлогоор дэмжинэ шүү дээ.

Ер нь сайжруулсан зуух эцсийн шийдэл биш гэдгийг бүгд мэднэ. Харин том шийдлийг хийх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлж байгаа нэг шатны арга хэмжээ гэж ойлгож болно. Сайжруулсан зуух, утаагүй түлш, гэрийн дулаалга гээд олон ажил эхлүүлсэн.

УИХ 2010 онд агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталсан. 

Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна тухайн өрхдөө эдийн засгийн ач холбогдолтой. 2012 оноос хойш бүх бохирдуулагч бодисын хэмжээ байнгын бууралттай явж байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ ажил 2010 оны түвшин рүүгээ ухарчихаад байна.

УИХ 2010 онд агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталсан. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах эдийн засгийн бодит эх үүсвэртэй болсон юм. Бид сүүлийн гурван жил “Цэвэр агаар” сангаар дамжуулж 93 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүллээ. 
Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гээд санг татан буулгасан.

Хуулийн дагуу татвар авч байгаа ч мөнгийг нь өөр зүйлд зарцуулах болсон гэсэн үг. Энэ жил гэхэд сайдын багцад агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж таван тэрбум төгрөг л төсөвлөсөн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын тулд 10 гаруй хүн ажилладаг байсан бол одоо яаман дээр ганц мэргэжилтэн л байна хэмээн ярилаа.

Утааны гол эх үүсвэр болсон гэр хороололд 180 мянган өрх бий гэсэн тооцоо бий. 2010 онд УИХ-аас баталсан тогтоолын дагуу зургаан жилийн хугацаанд эдгээр өрхийг бүгдийг нь сайжруулсан зуухаар хангана гэж тооцсон юм билээ. Улмаар 400 мянган төгрөгийн үнэтэй зуухыг 90 хувь хямдруулж, 180 мянгыг тараагаад дуусчээ.

Энэ ажлын дараа дахин тооллого явуулахад нийт өрхийн 60 хувь нь л зуухтай болсон байв. Үлдсэн 40 хувь нь хөдөө, орон нутаг руу ямар нэг байдлаар гарсан гэсэн үг. Ингээд айл бүрийг сайжруулсан зуухаар хангах том төсөл 60 хувийн биелэлттэй. Одоо зуухаа дахиж хямдруулах санхүүгийн боломж үгүй тул иргэд хуучныгаа хэрэглэсээр байна. Үр дүнд нь ирэх өвөл бид урьдын адил бохир агаараар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирсоор байна гэдгийг таамаглахад ядах юм алга.

Зураг