Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Байгалмаа: Хүүхэд харах үйлчилгээнд 1,300 гаруй хүүхэд хамрагдаж байна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас /НХГБХГ/ -аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа хэлэхдээ "Бид нийслэлийн хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээг амжилттай зохион байгуулж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар 715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж, улмаар шалгалтдаа тэнцээд "хүүхэд харагч" гэсэн гэрчилгээгээ гардаж авсан.

Үүний 391 хүн нь байрныхаа дүгнэлтийг гаргуулаад, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан. Тус таван өдрийн сургалтын үеэр хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа гэх мэт хичээлүүдийг заасан.

Өнөөдрийн байдлаар 150 хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1,300 гаруй хүүхэд хамрагдаж байна

Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хоёроос зургаан настай хүүхдийг /цэцэрлэгт явах боломжгүй/ харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг хэлнэ. Улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113,300 төгрөгийг гаргаж байгаа. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болно. Гэхдээ заавал 60 хувийг авна гэсэн хууль байхгүй. 

Харин хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн эцэг эх хяналт тавихаас гадна Мэргэжлийн Хяналтын байгууллага, Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийг ажилтнууд болон яамнаас ч гэсэн хяналт тавьж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ та хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийнхээ хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд хандах боломжтой" гэлээ

"Энэ сарын 7, 8-нд Хүннү Моллд "Хөгжлийн харандаа экспо"-г зохион байгуулна"

НХГБХГ-ын мэргэжилтэн Б.Батсайхан хэлэхдээ "Манай байгууллагаас хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, иргэн бүрт мэдээлэл өгөх зорилгоор энэ сарын 7, 8-нд Хүннү Моллд "Хөгжлийн харандаа экспо"-г зохион байгуулах гэж байна

Тусэкспо нь өглөөний 11:00 цагаас 20:00 цагт хүртэл экспо маань явагдах бөгөөд, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт ирж, тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хүссэн асуултаа асуух боломжтой.

Энэ удаагийн экпогоор хүүхдийн зуслан, төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг дугуйлан, сургалтын төвүүд гэх мэт хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллагууд оролцох болно.

Тиймээс хүүхдийн хөгжилд санаа тавьдаг хүн бүхнийг ирээсэй гэж урьж байна" гэв.

"Энэ жил 24 зуслан үйл ажиллагаагаа явуулна"
 

НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл хэлэхдээ "2015 онд Монгол Улсад 20 хүүхдийн зуслан ажиллаж, 17,831 хүүхэд амраасан.

Энэ жил 24 зуслан үйл ажиллагаа эрхлэх гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна.  Тухайлбал, Нарс, Нарлаг, Жавхлант, Хайрын билэг, Од гэх мэт. 

Зуслангуудыг зөвшөөрлийг зургаадугаар сарын эхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг шалгалт явуулсны үр дүнд олгодог байгаа.

Мөн энэ сарын 22-ноос эхлэн зуслангуудын бүлгийн удирдагч, захирал нарт аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эмч нарт хэрхэн халдварт өвчнөөс сэргийлэх талаарх сургалтуудыг зохион байгуулах болно.

Зуслангуудын нэг өдрийн төлбөр нь ойролцоогоор 23,000-25,000 төгрөг байх болно. Хамгийн эхний зуслан зургаадугаар сарын 08-наас эхлэх төлөвлөгөөтэй байна" гэв.