Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Зарчим, үзэл баримтлалаа дагасан хэсэг нь ялж болдог юм байна гэдгийг БИД харууллаа

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ХҮН-ын Дэд дарга Б.Найдалаатай ярилцлаа. 

- ХҮН УИХ-ын сонгуульд дэвших боломжгүй боллоо. Та бүхний олон сарын хөдөлмөр үгүй боллоо гэж хэлж болох уу?
- Бид цаасан дээр байсан намыг бодит болгож Монголд өмнө нь байгаагүй үзэл баримтлалтай, бодлоготой нам болгосон нь үнэн. Ингээд үнэ цэнэтэй зүйл болоод ирэнгүүт  зарим гишүүн маань дотроосоо намаа хагалган бутаргах ажиллагаанд автсан нь үнэн. Энэ үйл явдал хэний захиалгатай зүйлийг би мэдэхгүй. Тодруулбал, зарим гишүүн маань өөрсдөө алсын хараатай байж, зарчмаа баримталж чадсангүй. 

Монголын улс төрийн орчинд зарчим, дүрмээ бариад явах хүн үнэхээр ховор байна. Ямар нэгэн байдлаар хуйвалдаж асуудал шийддэг соёл гүн шингэчихсэн юм байна. Манай нам дээр болсон тэмцэл үүний л илрэл байсан. 

Сонгуульд орно, орохгүй тухай бол яг үнэндээ жижиг асуудал байгаа юм.

Бидний баяртай байгаа зүйл бол богино хугацааны хонжоог биш зарчмаа барьсан нь ялж болдог гэдгийг харууллаа. Сонгуульд орно, орохгүй тухай бол яг үнэндээ жижиг асуудал байгаа юм. Бидний зорьж байгаа зүйл бол 2016 он биш, 2020, 2030, 2040 онд Монгол Улсыг цааш нь аваад явахуйц мэдлэгтэй, цэвэр, олон нийтийн төлөөлөл болж чадсан улстөрийн намыг байгуулах явдал юм.

Өнөөдөр бид сонгуульд оролцож чадахгүй байх нь хамаагүй. Гэхдээ бид маш их туршлага олж авлаа. 

- Та бүхэн улстөрийн шинэ жишиг тогтоох зорилготой гэж байна. Тэгвэл намаа бутаргасан хүмүүст ямар нэгэн байдлаар хариуцлага тооцож байгаа юу?
- Хариуцлага тооцож байгаа. Тухайлбал, Т.Ганболд, Н.Одонгуа хоёрыг намаас нь дарга нар биш намын хорооных нь гишүүд өөрсдөө хөөсөн.  

Одоо бид өнгөрсөн хугацаанд болсон зөрчил, маргааныг шүүх гээд суувал энэ дуусахгүй сэдэв. Цаг хугацаа үйл явдал, үйлдэл бүгдийг ялгаад өгнө.  Тиймээс үндсэн зарчим, алсын хараан дээрээ нэгдээд цаашдаа яах вэ гэдэг дээрээ илүү төвлөрөх шаардлагатай байна. 

- Т.Ганболд гэж хүн одоо танай намд ямар нэгэн статусгүй гэж ойлгох уу?
- Т.Ганболд манай намыг хуваагдалтай байх үед сонгогдсон хүчин төгөлдөр бус дарга. Хамгийн гол нь энэ хүнд ХҮН-ын тамга байгаа учраас дураараа шийдвэр гаргаад яваад байх шиг байна. Түүнээс намаас хөөгдсөн хүн. Гэхдээ ХҮН –ын хууль ёсны дарга нь С.Боргил байгаа учраас бид хуулийн дагуу л хуурамч шийдвэр, тамга ашигласан асуудлыг шийдээд явна.  

- Гэхдээ та бүхэн Төв хорооны хурлаараа Т.Ганболдыг даргаараа томилсон юм биш үү?
- Тэр дүрмийн бус Төв хороо байсан. Сүүлд нэгдэж, эвлэж байгаад Төв хороо хуралдаад С.Боргил даргыг сэргээн томилсон. 

- Т.Ганболдыг даргаар томилсоны дараа хуваагдалтай байсан хоёр тал эвлэрч энэ даргаа хүлээн зөвшөөрсөн утгатай мэдээлэл тарсан шүү дээ.
- Энэ бол улстөрчид аливаа худал зүйлийг зохиож бичээд мөнгө төлөөд хэвлэлд гаргаад байх юм бол худлаа зүйл ч үнэн юм шиг харагддагийн нэг жишээ л дээ. 

- ХҮН намаараа сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тул Таны хувьд жишээ нь бие дааж сонгуульд нэр дэвших үү?
- Тэгнэ. 

"ХҮН-аас 10 гаруй хүн бие дааж УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ"

- ХҮН-аас хэдэн хүн бие дааж дэвших вэ?
- 10 гаруй хүн нэр дэвшинэ. 

- Үндэсний Аудитын Газарт та бүхэн мөрийн хөтөлбөрөө өгчихсөн байгаа гэсэн үг үү?
- Тэгсэн. 

- С.Боргил дарга чинь албан ёсны дарга хэвээрээ. Намаараа сонгуульд оролцох боломж байхад яагаад бүгдээрээ бие дааж сонгуульд оролцох шийдвэрийг гаргав?
- Намыг сонгуульд оруулахгүй байх зохион байгуулалттай ажил хийгдэж байгааг бид мэдсэн. Тийм болохоор ямар ч байсан олон хүний итгэл, хүлээлт байна, бидний зорилго байгаа учраас ҮАГ-т бие даах өргөдлөө өгчихье гэж шийдэцгээсэн. 

Гэхдээ бид Сонгуулийн Ерөнхий Хороонд намынхаа бичиг баримтыг дөрөвдүгээр сарын 30-ны орой хугацаанд нь өгөхийн тулд 70 гаруй гишүүд хамтдаа 12 цаг хүртэл хүлээж, тэмцсэн. Харамсалтай нь Т.Ганболд гэж хүн тамгаа авчирч өгөөгүй, Н.Одонгуа нь будилуулсаар байгаад хоцроосон. 

- СЕХ-нд бичиг баримтаа дутуу өгснөөс сонгуульд оролцох эрх авч чадаагүй гэсэн үг үү?
- Бид албан ёсны хүчинтэй тамгатай материалаа өгч чадаагүй гэсэн үг. Тийм ч учраас ХҮН Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. 

"ХҮН Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа" Б.Найдалаа

- Тэгэхээр Т.Ганболд гэдэг хүн та бүхнийг сонгуульд оролцуулахгүйгээр санаатайгаар тамгаа авчирч өгөөгүй гэсэн үг үү?
- Тийм.

- 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаагаас болж "шинэ" хүн, бие даагчид ялалт байгуулах боломж маш бага байгаа. Тэгэхээр та бүхний сонгогдох магадлал их л бага юм шиг санагдаж байгаа юу?
- Одоо нөхцөл байдал ийм байна гээд гомдлоод суухын оронд бид өөрсдийн зарчим, үзэл баримтлалаа бариад л сонгуульд оролцоё гэж бодож байгаа. Бид сонгуульд ялсан ч, ялаагүй ч цаашдаа энэ шинэчлэл, өөрчлөлтөө үргэлжлүүлээд, манлайлаад л явна.  

- УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-аас жишээ нь УИХ-д нэр дэвших боломжгүй болчихлоо. Намаа солих болов уу гэсэн таамаглал яваад байгаа. Та бүхэн одоо ямар харилцаа холбоотой байгаа вэ?
- С.Ганбаатар гишүүнтэй бид хэвийн харилцаж байгаа. Аль намаас хэрхэн нэр дэвших нь тэр  хүний хувийн шийдвэр. 
 

"С.Ганбаатар гишүүн аль намаас хэрхэн нэр дэвших нь тэр  хүний хувийн шийдвэр"

- Анхнаасаа С.Ганбаатар гишүүний оролцоо энэ намд байсныг та бүхэн яагаад нууцалсан юм бэ?
- Нууцлах ч юу байхав дээ. Дотоод зохион байгуулалтын л асуудал юм. С.Ганбаатар гишүүний улстөрийн рэйтинг туршлага дээр бидний мэдлэг, хүсэл эрмэлзлэл нэгдэж байж Монгол Улсад шинэ улстөрийн хүчин бий болгоно гэсэн загвар зөв байсан гэдэгт би одоо ч итгэж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө энэ загвар дээрээ ярьсан тохирсноороо, алсаа харж, зарчмаа баримтлаад тууштай байж чадаагүй нь алдаа.

- Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг өчигдөр УИХ хүлээн авч хувь тэнцүүлсэн тогтолцоог халлаа. Энэ нь шинэ намуудад хүндхэн тусах нь ойлгомжтой. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Энэ бол УИХ өөрсдийн бүтээх гэж байгаа XXI зууны Монгол Улсыг ямар байх вэ гэдгээ харж чадахгүй, үйлдэл бүр нь өөрсдийнхөө төлөө, улсынхаа эсрэг байгааг нотолсон харалган шийдвэр. Монгол Улс мухардалд ороод сонгуулиа ч хийж чадахгүй, эрх баригчид нь энэ улс орныг удирдаж чадахгүй, улс орныг авч явах боломжгүй болж байгаагийн нэг илрэл л дээ. Үүнд олон хүн бухимдаж байгаа учраас захын хүн улстөрд оръё гэж ярьж байна. Энэ бол Монголчууд ийм арчаагүй биш, өөр байхыг хүсч байгаагийн илрэл шүү дээ.

Монголд байгаа намууд шиг байдаг л нэг хүчин болох уу эсвэл өөрсдийн гэсэн хатуу зарчимтай, бодлоготой улстөрийн шинэ хүчин байж чадах уу гэдэг зөрчлөөс зарчмаа барьсан бид яллаа.

- Ямар нэгэн байдлаар гуравдагч хүчин, “шинэ хүн” гарч ирэх бүх л боломжийг хавчиж байгаа энэ үед цаашдаа та бүхэнд ямар боломж байна гэж харж байна вэ?
- Өнгөрсөн хугацаанд ХҮН дотроо асуудалтай байгаа юм шиг гадна талд харагдаж, ойлгогдсон. Гэхдээ Монголын улстөрийн орчинг өөрчилье гэсэн тэмцэл энэ нам дотор явагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлаар одоо Монголд байгаа намууд шиг байдаг л нэг хүчин болох уу эсвэл өөрсдийн гэсэн хатуу зарчимтай, бодлоготой улстөрийн шинэ хүчин байж чадах уу гэдэг зөрчлөөс зарчмаа барьсан бид яллаа. Нийт Монголын улстөрийн зөрчлийн жишээг л ХҮН дээрээс харлаа гэсэн үг. 

Хамгийн чухал нь зарчим, үзэл баримтлалаа дагасан хэсэг нь ялж болдог юм байна гэдгийг харууллаа. 

Дээд Шүүхэд дүрмээ бариад өрсөлдсөн. Бид ялсан. Дүрмээ мөрдөж болдог юм байна гэдгийг ч бид харууллаа. Улстөрийн түүхэнд олон эерэг жишээ, туршлагыг харуулж чадсан үйл явдлууд болж өнгөрлөө. 

Үүн дээр нэмээд олон нийтийн хүсэл эрмэлзлэл байхад шинэ улстөрийн хүчин аажимдаа гараад л ирнэ, олон нийт ойлгож дэмжинэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.