Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарьт байгаа Монголчуудын төлөөлөл ХӨСҮТ-д тоног төхөөрөмж хандивлалаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор Швейцарь улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл хандивын аян өрнүүлж, ХӨСҮТ-д дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийг худалдан авснаа өнөөдөр гардуулан өглөө.

Швейцарьт байгаа Монголчуудын төлөөлөл Б.Ариунзаяа "Би Монгол руу богино хугацаагаар ирэх ажилтай болсон юм. Намайг наашаа явах талаар мэдсэн н.Ганаа гээд найз маань улаанбурхан туссан хүүхдүүдэд туслая гэсэн санал гаргасан.

Ингээд хоёулаа ярилцаад би ХӨСҮТ-тэй холбогдож, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авч, Ганаа маань тэнд байгаа Монголчуудаасаа хандив цуглуулах ажлыг зохион байгуулан, долоо хоногийн хугацаанд 2,000 франк цугласан.

Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа 55 хүн хандивын аянд оролцсон.

Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа 55 хүн хандивын аянд оролцсон. Бүгдээрээ бололцоогоороо л мөнгө цуглуулж, надад өгч явууллаа. Цуглуулсан мөнгөндөө таарах зарим тоног төхөөрөмжийг авч өгөөд үлдсэнээр нь хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүд сахиуруудыг хооллохоор бэлдсэн байгаа. Сая ХӨСҮТ-ийн гадаа ирэхэд хүмүүс машиндаа унтаж байгаа нь харагдлаа. Үдээс хойш тэдгээр хүмүүсийг үдийн хоолоор дайлна.

Улаанбурханы өвчлөлийн талаар интернэтээс мэдээлэл авч байгаа бид бүгдээрээ л санаа зовж байгаа" гэсэн юм.

 
Хандивын мөнгөөр авсан аппарат нь хүүхдэд тариа дуслаар тоолж хийхэд хэмжилт хийдэг, яаралтай тусламжийн үед чухал шаардлагатай төхөөрөмж юм байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг "Аппаратыг хүлээн авсан даруйдаа яг одоо байгууллагын өмчөөр бүртгэж авна. Тэгээд сэхээн амьдруулах тасагт  шууд хүлээлгэн өгнө" хэмээн ярилаа.

ХӨСҮТ-ийнхөн сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламж бидэнд маш их урам өгч байгаа гэдгийг хэлж байлаа.

Энэ үеэр Улаанбурхан өвчний тархалт хэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

"Улаанбурханы өвчлөл дөрөвдүгээр сарын 5-наас хойш тогтвортой байна. Өдөрт дунджаар 200 орчим хүн ХӨСҮТ-өөр үйлчлүүлж байгаагийн 170-180 нь улаанбурханы тохиолдол байгаа. Өвчилсөн иргэдийн 30-40 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар сэхээн амьдруулах тасагт 16 өвчтөн эмчлүүлж байна.

Улаанбурханаар өвчлөгчдийн дийлэнх нь 18-30 насныхан байгаа. 18-30 насныханд нэмэлт дархлаажуулалт хийх 624 мянган хүн тун вакцин өнөөдөр ирж байна. Маргаашнаас орон нутгууд руу тээвэрлэж эхэлнэ" гэлээ.