Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэргүүн хатагтай болох магадлалтай Меланиа Трамп гэж хэн бэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрт бизнесмэн Дональд Трамп дэвших нь тодорхой болсон.  Харин түүний өрсөлдөгчөөр Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон оролцох юм. 

Хиллари хэрэв Ерөнхийлөгч болбол Америкчууд экс ерөнхийлөгч Билл Клинтоныг юу гэж дуудахаа мэдэхгүй байгаа хэмээн хошигноцгоож байв.  Хэрэв Трамп ялбал АНУ-ын Тэргүүн хатагтай нь Словени гаралтай Меланиа Трамп болох юм. 

Нэрт тэрбумтны гэргий Меланиа 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд одоогийн Словени буюу Югославт төржээ. Тэрбээр 2006 онд АНУ-ын иргэн болж байсан юм. 

Түүний эцэг Виктор Навс Словений Коммунист намын гишүүн бөгөөд төрийн өмчит автомашины компанид борлуулалтын ажил хийдэг байжээ. Харин ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт хатгамалчаар ажилладаг байв. 

Меланиа 16 наснаасаа загварын салбарт ажиллаж, моделийн гараагаа эхлэв. Харин 18 нас хүрээд Миланд ирж загварын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. 

1998 онд Нью-Йоркт болсон загварын шоуны үеэр тэрбумтан Трамп, загвар өмсөгч Меланиа нар анх уулзжээ. Харин 2005 онд Флоридад албан ёсоор хуримаа хийсэн байна. 

 

Хуримын үеэр түүний өмссөн Жон Галлианогийн даашинз 200 мянган ам долларын үнэтэй байжээ. Тэдний хурим хэвлэлийнхэн болон олон нийтийн анхаарлыг ихэд татаж байв. 

2006 онд тэдний ганц хүү Баррон Трамп мэндэлжээ. Харин Дональд Трамп өмнөх эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй байсан юм. Одоо Меланиа гоёл чимэглэл, цагны дизайнер бөгөөд буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нөхрийнхөө карьерт дэмжиж тусалдаг. 

Тэрбээр хөхний хавдрын эсрэг судалгааны байгууллагын үйл ажиллагаанд хандив өргөж, 2008 онд АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн санааны элчээр томилогдсон байна. 

Хэрэв Трамп ялвал Меланиа загварын сэтгүүлд нүцгэн зургаа авхуулж байсан АНУ-ын анхны тэргүүн хатагтай болох юм. 

Меланиагийн зургууд