Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд Казахстан 1,700 казах үндэстэн өрхийг Оросын хил дагуу суурьшуулна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
2016 онд хамгийн олон Казах иргэд суурьших хойд Казахстаны Павлодар муж

Казахстаны засгийн газрын мэдээлснээр 2016 онд тус улс хилийн чанадаас 1,259 өрх, хүн ам шигүү суудаг өмнөд бүсээс 463 өрхийг Оростой хиллэдэг хойд бүс нутагт шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөжээ.

2011 онд арванхоёрдугаар сард газрын тос олборлодог Жанаозен хотод үйлдвэрийн ажилчид хамгаалалтынхантай мөргөлдөж 15 хүний амь үрэгдсэний дараа Казахстаны засгийн газар гадаад орнуудаас Казах үндэстнүүдийг татах хөтөлбөрөө түр зогсоосон юм. Уг хэрэгт гадаадаас ирсэн цагаач Казах иргэдийг буруутгаж байжээ.

Гэвч 2014 оны гуравдугаар сард Оросууд Крымийг Украинаас булаасны дараа хойд бүс нутгууддаа Казах үндэстний тоог нэмэхийн тулд хөтөлбөрөө сэргээсэн байна.

Орос үндэстнүүд тус улсын хойд бүс нутгуудад голлон суудаг ба тухайлбал Костанай, Хойд Казахстан мужуудад Казах үндэстний тооноос ч илүү гардаг юм. Засгийн газрын тооцоолж байгаагаар голдуу Узбекистан, Хятад, Орос, Туркменистан, Монгол улсуудад нийтдээ 5 сая Казах үндэстэн амьдардаг гэнэ.

Эрүүл Мэнд, Нийгмийн Хөгжлийн сайдын тушаалаар Павлодар мужид 690, Дорнод Казахстанд 260, Акмолад 123, Хойд Казахстанд 108, Баруун Казахстанд 29, Атырауд 28, Костанайд 21 Казах гэр бүлийг гаднаас суурьшуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна өмнөд бүс нутгуудаас 463 өрх айлыг хойд мужуудад шилжүүлэн суурьшуулах гэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд шилжин нүүх айл өрхүүдэд засгийн газраас орон байр, ажил сургууль, нүүх зардал зэрэгт нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Intellinews