Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдрийн УЛС ТӨР

Б.Өнөртогтох
2016 оны 5 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын улс төр худал хэлсэн хүнд нэгхэн минутын хугацаанд өөрчлөгдөж байна. Өчигдөрхөн МАХН-ын гишүүн байсан хүн ганц хоногийн дотор МАН-даа үнэнч хэмээн аашилж аяглахыг харлаа. Урваж одсон нэгний араас уйлж дуулахыг бас үзлээ.

Намаасаа УИХ-ын дэд даргын суудал авчихаад байсан улстөрч шинэхэн намд зөвлөхөөр томилогдохыг та бид нэгхэн хоногийн дотор л үзэж байна. Хоёрхон жилийн өмнө гаргасан шийдвэрээ буруу байжээ гэж “эргүүтдэг” хоёр нүүртэй Цэцийг харлаа.

Ардчилсан намыг амандаа багтахгүй муу муухайгаар харааж байсан нэгэн АН-ыг дэмжинэ ээ хэмээн харайж явахыг мөн л сүүлийн хэд хоногт үзэв. 

Өчигдөрхөн МАХН-ын гишүүн байсан хүн ганц хоногийн дотор МАН-даа үнэнч хэмээн аашилж аяглахыг харлаа.

Долоо хоногийн настай бүлгийн дарга, нэр дэвшээд л сураг нь тасарсан салбарын сайдын мөрөөдлийг ч бас үзчихлээ. Элэг бөөрөөрөө нэгдэх нь нэгдэж, эх адаггүй урвалт шарвалт, үнэ цэнээ алдсан улстөрчид, үнэт зүйлээсээ ухарсан төрийн түшээд, хуйвалдааны улс төр, худлаа үнэн цэцэрхэх бидэндээ хэтэрхий хайртай улстөрчдийн үнэн төрхийг сүүлийн хэдхэн өдрийн дотор олныг харлаадаа. 

Амьд яваа хугацаандаа үзээд барамгүй олон урвалт шарвалт, худалч, хуурамч дүр төрхийг бид хэтэрхий богинохон хугацаанд үзэв. 24 цагийн дотор монголын улс төрд хоёр ч том эргэлт хийгдлээ.

Тодруулбал, өчигдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авснаар УИХ-ын 2015 оны төгсгөлд баталсан Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт хүчингүй болж, жагсаалт хүчингүй боллоо.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэнээр “Шударга ёс” жилийн бүлэг эрхзүйн чадамжгүй болох нь. Мөн Л.Цог намаасаа гарч, Г.Уянгын байгуулсан намд зөвлөхөөр очсон бол, ХҮН-ын экс дарга нар намаасаа хөөгдсөн гээд үзэх харах зүйл хэтэрхий их байлаа, өчигдөр.

Жагсаалтын 28 баяртай

УИХ-ын чуулган үдээс өмнө хуралдаж ганцхан асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, намын жагсаалтаар УИХ болон бүх шатны сонгуульд орж ирэх нь Үндсэн хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөж байна гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.

Уг асуудлаар “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн хугацаанд завсарлага авч, завсарлагын хугацаа Мягмар гарагт дууссанаар асуудлыг өчигдөр шуурхай хэлэлцэв.

Хэлэлцэх шатанд эсэргүүцэх, нөгөө талаар аргагүйн эрхэнд дэмжиж байна гэдгээ хэлэх гишүүд ч байлаа. Г.Уянга гишүүн уг нь энэ пропорциональ тогтолцоо хэрэгтэй. Залуу, шинэ улстөрчдөд хэрэгтэй юм, уул нь. Цаашдаа бид энэ тогтолцоог явуулах ёстой.

Гэвч намууд жагсаалт муухай гэдэг ойлголтыг ард түмэнд өгчихсөн учраас би намаа биш ард түмний талд санал өгөхөөс өөр аргагүй байдалд орж байна хэмээсэн юм. Зарим нь бүр ил тодоор эсэргүүцэж, хуралдаа ирээгүй.

Тухайлбал, АН-аас Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас” фракцын гишүүд болон анхнаасаа нэг асуудлаар хоёр шийдвэр гаргасан Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн Р.Гончигдорж нар санал хураалтад оролцсонгүй. Харин МАН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал хураалтад оролцлоо.

Хуралдаанд 51 гишүүн оролцож, 49 гишүүн санал өгснөөр Цэцийн шийдвэрийг хүлээн авч, ингэснээр сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах шийдэлд хүрлээ. Гэхдээ жижиг байх уу, томсгосон тойргоор явах уу гэдгээр намын бүлгүүд 16.00 цагаас эхлэн хуралдаж, өчигдөр шийдвэрээ эцэслэх байсан ч АН-ынхан дахиад л хурлаа хойшлуулж, ойлголцолд хүрч чадсангүй.

Харин дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байсан юм. Сонгуулийн хуулийн тодорхойгүй байдлаас болж намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаа хойшилсон. Тэгвэл AH, МАН том, жижгээ шийдэж хуулиар хурдан өөрчилж оруулж ирэхгүй бол сонгууль хойшилж магадгүй болоод байгааг нуух юун.

Н.Энхбаярын ар нуруунаас урвагчид нь “хутга зоов”

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задрах нь тодорхой боллоо. Тодруулбал, өчигдөр МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан намаасаа гарч байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Ингэснээр 2012 онд орхиод явж байсан уугуул нам болох МАН-даа эргэж очихоор болжээ. 11 гишүүнтэй анх эвсэл байгуулж, улмаар замын дундаас таван гишүүнээ алдсан эвслийн бүлэг УИХ-д бүлэг байгуулах эрхзүйн чадамжгүй болж эцэс төгсгөлгүй шантааж, эвслийн бүлгийн улстөржилт дуусгавар болох нь.

 Сонгуулийн хуулийн тодорхойгүй байдлаас болж намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаа хойшилсон. 

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарахдаа бид ямар улс төр хийхээ заалгадаг улстөрчид биш. Анх МАХН-д орохдоо шударга ёсыг хамгаалж очсон. Гэхдээ хоёр намаа нэгтгэх хүсэлтэй байсан. Гэвч тийм зүйл болоогүй учраас эргээд МАН-даа ирлээ хэмээн ярив. Гэхдээ тэд хэн байсан, цаашид хэн байх вэ гэдгээ харууллаа.

Урвагч урвагчаараа л дуусдаг гэдгийг тэд харуулсан юм. Одоогоос дөрөвхөн жилийн өмнө, яг сонгуулийн өмнөхөн тэд олон жилийн нөхөрлөл, үнэ цэнээ уландаа гишгэлж МАН-аас гарч МАХН-ыг сонгож байв. Тухайн үедээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар “Бид анхнаасаа МАХН-ын гишүүд байсан. Тиймдээ ч намынхаа гишүүнчлэлийг сэргээж байна” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байсан нь цагаан цаасан дээр хараар үлджээ.

Шударга ёс гэж чухам юу болохыг харамсалтай нь тэд ойлгохгүй. Тэдний нэр хүнд “бөгсний алчуур”-ны ч үнэгүй болчихлоо. Ухаандаа бол, намын жагсаалт хэвээр үлдэх үү, эсвэл МАН, АН-ын хүслээр хуулиа өөрчлөх үү гэдгийг л тэд анаж байж. Хэрвээ жагсаалтаар үлдвэл МАХН-аас жагсаалтад орчихно.

Тэгэхгүй бол МАН-д очно гэсэн бодлоо дотроо хадгалж явсан нь тодорхой болов. Ийм л луйварчдад Н.Энхбаяр итгэж явж дээ.

Эрхэм гишүүд МАН-ыг орхиод гарч байхад Ц.Нямдорж гишүүн нэг л өдөр наад хоёр урвагч чинь ар нуруунаас чинь хутга зооно доо хэмээн хэлж байсансан.

Үнэхээр л эрхэм гишүүний зөгнөж байсанчлан тэд хамгийн чухал, хариуцлагатай цаг үед намаа бүлэг ч үгүй, шударга ёсыг хамгаалж түшсэн гэх Н.Энхбаяраа амаар нь шороо үмхүүлж орхиод хаяж одоо. Үнэн төрхөө ч монголчуудад харуулчихлаа. Монголын улс төрд энэ олон жил болсон хоёр гишүүнд ичих булчирхай, улс төрийн соёл, өөрсдийгөө үнэлэх үнэлэмж гэж юу ч байдаггүй юмсанж. Угаасаа ч байгаагүй нь тодорхой.

Монголын улс төрд үргэлж эзэн байх юм шиг сэтгэж, төрийн ажлыг гадаадаас хүслээрээ удирдаж байсан Н.Энхбаяр өнөөдөр хэн ч биш болов. Экс Төрийн тэргүүний эргэн тойронд дандаа урвагчид, үзэл бодлыг нь хамгаалж биш зөвхөн нэрийг нь ашиглаж улс төрд орох гэсэн хувалз, шимэгч хорхойнууд байжээ. Энэ эмгэнэл биш гэж үү.

Суудлын төлөөх улс төр ингэтлээ улайрч буй хүмүүсээр өөрийгөө тойруулж явсан Н.Энхбаяр өнөөдөр үнэхээр жижигхэн харагдаж байна. Үнэхээр өрөвдөлтэй харагдаж байгааг нуугаад яахав. МАН-ын М.Энхболд, АН-ын З.Энхболд нарыг үл тоож, өөрийгөө хаан хэмээн эндүүрч явсан Н.Энхбаярт намынх нь урвагчид “чи хэн бэ” гэдгийг ойлгуулж өглөө. Энэ нам анхнаасаа л нам биш утсан хүүхэлдэйнүүд байсан. Зөвхөн албан тушаал горилогч урвагчаар дүүрсэн байлаа, тэр ч хувь тавилангаараа дуусах бололтой.

О.Баасанхүүгийн мөрөөдөл салхинд хийсч, Ц.Лхагвасүрэнгийн горьдлого талаар боллоо

“Шударга ёс” эвсэл бүлэг байгуулах эрхзүйн чадамжгүй болсноор Засгийн газарт байгаа сайдууд хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ. Гэхдээ тус эвслийн сайдууд Засгийн газрын гишүүдийн 50 хувийг бүрдүүлээгүй бол Засгийн газрын байр суурь ганхахгүй. Гагцхүү сул гишүүн болсон ч сайдаа хийгээд үлдэх үү, эсвэл гарах уу гэдэг асуудал үүсэх учиртай.

Суудлын төлөөх улс төр ингэтлээ улайрч буй хүмүүсээр өөрийгөө тойруулж явсан Н.Энхбаяр өнөөдөр үнэхээр жижигхэн харагдаж байна. 

Энэ тохиолдолд Н.Энхбаяртай үнэнч үлдэх хүн хэд байх бол гэдэг нь бүр ч сонирхол татах асуудал юм. З.Баянсэлэнгийн хувьд АН-ыг тэгтлээ үзэн яддаг нэгэн биш. Тоглоом, шоглоомоор ч АН-д орох тухай цухуйлгаж явсан нэгэн. Харин Ц.Цолмон, М.Энхсайхан нар анхнаасаа л АН-ын угшилтай учраас ил далд тохироод л сайдаа хийгээд үлдчихнэ. Энэ бүхний төгсгөлд явж, явж Ц.Оюунбаатараас өөр үнэнч хүн Н.Энхбаярт үлдэхгүй нь бололтой.

Өчигдрийн улс төрийн үйл явцаас хамгийн инээдтэй, эмгэнэлтэй байдлаар хохирч үлдсэн дараагийн хүмүүс нь О.Баасанхүү, Ц.Лхагвасүрэн нар. Намаасаа гарна, орно хэмээн дарамталж, намтартаа бүлгийн дарга гэсэн автор үлдээх гэж улайрч гүйсээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийн дарга болсон. Гэвч будаг нь ханхалсан бүлгийн даргын хувь заяа ирэх долоо хоногоор дуусгавар болох нь ээ.

Тэр мөрөөдлөө биелүүллээ, гэвч хамгийн богино хугацаанд бүлэг даргалсан нэгэн болж үлдэх нь ээ. ЭМС-ын сайдад нэр дэвшиж буй Ц.Лхагвасүрэн ч ялгаагүй. Бүлэг эрхзүйн чадамжгүй болсноор энэ хүний томилох тухай яриа ямар ч үнэ цэнэгүй болж, өчигдөр хэлэлцэхээс түдгэлзүүлсэн юм.

Ц.Лхагвасүрэн гэгч намтартаа нэр дэвшиж үзсэн гэж л бичүүлэх нь. Ц Лхагвасүрэнг томилох асуудал талаар болсноор АН-аас ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар  ажиллаж буй С.Ламбааг сайдаар томилох тухай яриа өчигдөр саарал ордонд эрчимтэй яригдсан юм.

Зураг