Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн хэрэгжилт ба хүлээлт

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 5
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс туршилтын журмаар хэрэгжиж эхэлсэн.

Харин энэ сарын 1-нээс хуулийг орон даяар албан ёсоор мөрдөж эхлээд байна. Тус хуулийн долдугаар зүйлд даатгуулагчийн эрх, үүргийн талаар тодорхой заасан.

Тухайлбал, иргэн эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах эрхтэй. Мөн хуулийн 7.1.3-д эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх эрхтэй гэж заажээ.

Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэн ч холбогдох журам, тогтоолууд хараахан гараагүй байгаа аж.

Эрүүл мэндийн байгууллага иргэнд харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн заалт өнөөдөр ихээхэн маргаан дагуулаад байна.

Эрүүл мэндийн байгууллага иргэнд харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн заалт өнөөдөр ихээхэн маргаан дагуулаад байна.

Энэхүү заалтаар бол Улаанбаатар хотод амьдардаг бол аль ч дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй гэсэн үг. Гэвч иргэнд ийм хэмжээлшгүй эрх эдлэх тохироо хараахан бүрдээгүй байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэг хэллээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхтэй гэдэг заалт эхний ээлжинд хөдөлгөөнт хүн амд үйлчлэх юм. Учир нь Улаанбаатарт нийгмийн даатгал төлдөг хэрнээ хөдөө уурхайд ажилладаг хүмүүс, төмөр замын ажилчид, оюутнууд гээд зарим тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй тодорхой бүлгийнхэн бий.

Жишээлбэл, уурхайд ажилладаг хүнийг сумын эмнэлэг та манай харьяаллын биш учраас үйлчлэх боломжгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс түр оршин суугаа газрынхаа эмнэлгээр үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм. 

Нэг зүйлийг тайлбарлахад, Хан-Уул дүүргийн оршин суугч атлаа Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр очоод би харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхтэй гээд зүтгээд байж таарахгүй. Угтаа бол хуулийн заалтаас гадна тухайн эмнэлгийн дотоод дүрэм, журамд захирагдах үүрэгтэй. 400 орчим мянган хүн амтай, 300 ортой эмнэлэгтэй Сонгинохайрхан дүүргийнхэн бусад газрын хүмүүсийг хүлээж авах боломжгүй

Ачаалал өндөр байхад өөрийнхөө хүмүүст үйлчилж дийлэхгүй байгаа эмнэлэг харьяаллын бус хүнийг хүлээж авах хэцүү шүү дээ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Тэгээд ч Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмнэлгүүд харьяалал хамаарахгүй үйлчилнэ гэвэл сангийн санхүүжилт дийлэхгүй болов уу. 

Энэ ажлыг шат дараатай хийхгүй бол хууль мөрдөгдөж эхэлсэн гээд бүгдийг нэг дор хэрэгжүүлэх боломж хомс. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 1.5 сая орчим хүн ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр ийм олон хүнд харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэвэл амаргүй. 40 дүүрэгтэй байсан бол болох байх” гэсэн хариулт өглөө.

“МАНАЙХ ХАРЬЯАЛАЛ ХАМААРАХГҮЙ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА"

Бид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөр орж, хуулийн хэрэгжилтийн талаар сурвалжиллаа. Бага үдийн алдад тус эмнэлгийн хаалгаар ороход тэгтлээ их дугаарлаж зогссон хүмүүс харагдсангүй.Хөл хөдөлгөөн багатай, эл хуль орчин угтав. Эмч нарын өрөөнд ч өвчтөн тун цөөн байлаа. Хижээл насны нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Тэрбээр өөрийгөө Б.Цэнд гэж танилцуулав.

-Та Чингэлтэй дүүргийн харьяаг уу?

-Эгч нь Увс аймгаас ирсэн. Манай хүүгийнх энэ дүүрэгт амьдардаг юм. Тиймээс хүүхдүүд намайг түр оршин суугч гээд дүүргийнхээ эмнэлэгт үзүүлчихдэг. Үйлчилгээ нь боломжийн юм билээ гэлээ.

Харин түүний хажууханд суух бүрх малгайтай эрэгтэйг Н.Чимэд гэдэг аж. Түүнээс “Эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар хэр мэдэх вэ. Шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа талаар сонссон уу” гэж асуухад “Даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн гэж дуулсан.

Гэхдээ зарим шинжилгээ төлбөртэй л байх юм. Уг нь хуулиар бол хөнгөлөх ёстой биз дээ” хэмээв. Тэрбээр Чингэлтэй дүүргийн иргэн болохоор байнга үйлчлүүлдэг газар нь энэ эмнэлэг аж. Өөр дүүргийн эмнэлэгт үзүүлж байгаагүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй гэсэн хариулт өглөө.

Бид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Бодлого төлөвлөлтийн албаны дарга А.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай эмнэлэг иргэдэд харьяалал хамаарахгүйгээр үйлчилж чадаж байгаа юу?

-Мэдээж хуулиа мөрдөж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигч байгууллага харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн хуулийн заалт бий. Тиймээс бид энэ заалтыг мөрдөж ажилладаг.

Жирэмсний хяналттай холбоотойгоор эмэгтэйчүүдийг харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж үзүүл гэсэн шаардлага тавьдаг байснаа больсон. Манай дүүргийн түр оршин суугчдаас гадна бусад дүүргийн болон хөдөө орон нутгийн хүмүүс хүртэл ирж хэвтдэг.

-Бусад дүүргийн хүмүүс болон хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэхэд танай эмнэлгийн төсөвт дарамт учирдаг уу?

-Хэвтэн эмчлүүлэх эмнэлэг 227 ортой. Жилд 10 мянга гаруй хүн эмчлүүлдэг. Салбар эмнэлгүүдээ оруулаад нийт 100 гаруй эмч ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 150 мянган хүн амтай. 

Жилд 10 мянга гаруй хүн эмчлүүлдэг.

Хөдөлгөөнт хүн ам нэмэгдээд 170 мянга болдог. Заавал дүүргийн харьяалал гэдэггүй. Тухайн өвчтөн журмынхаа дагуу дугаарлаад, хэвтэн эмчлүүлж байгаа учраас заавал дүүргийнхээ иргэдэд эхлээд үйлчилнэ гэсэн зарчим мөрддөггүй.

Ер нь бид харьяаллыг нарийн мөрдөөд ач холбогдол өгөөд байдаггүй. Манай эмнэлгийн жилийн нийт төсөв зургаан тэрбум орчим төгрөг. Өдөрт 20 хүн үзэх нормтой бол түүнийгээ л мөрддөг.

Түүнээс өөр дүүргийн хүн үзлээ гээд тоог нэмэх боломжгүй. Ор болон ажилтнуудынхаа тоогоор төсвийн хөрөнгөө зарцуулдаг учраас өөр дүүргийн хүмүүст үйлчилсэн гээд дарамт учрахгүй. Мэдээж ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгддэг.

-Танай эмнэлэг Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүждэг үү. Эсвэл эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг юм уу?

-Гурван эх үүсвэрээс санхүүждэг. Үндсэн үйл ажиллагааны орлогоос хоёр хувийн санхүүжилт бүрдүүлдэг. Тодруулбал, хөдөлмөрийн чадвартай хүмүүс хэвтэн эмчлүүлэхдээ 10 хувийн төлбөр төлдөг.

Зарим нь төлбөрт өрөөгөөр үйлчлүүлдэг. Ийм байдлаар бүрдүүлсэн орлого хоёр хувийг нь эзэлдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 орчим хувийн санхүүжилт авдаг. Улсын төсвөөс 17 хувийг өгдөг.

-Хуулиас гадна тухайн эмнэлгийн дотоод журамд захирагдаж үйлчлүүлнэ гээд байгаа. Тэгэхээр танай эмнэлгийн журамд ч гэсэн харьяалал хамаарахгүй үйлчлэх заалт байдаг уу?

-Эмнэлгийн дотоод журамд харьяаллын биш бол авахгүй гэсэн заалт байхгүй. Баянзүрх дүүргийн хүмүүс ирж үйлчлүүлсэн ч нээлттэй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг бодвол манайх арай ачаалал багатай л даа. Гэхдээ л мэдээж нийслэлийн төвийн дүүрэг гэдэг утгаараа үйлчлүүлэгч их байдаг. 

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Б.Ганбат: Харьяалал хамаарахгүй үйлчилнэ гэсэн тогтоол, шийдвэр гараагүй

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Дүүргийн эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн заалтыг мөрдөхгүй байна гэж иргэд ярьж байна. Ер нь дүүргийн эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчлэх боломжтой юу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа. Хуулиар бол эрүүл мэндийн байгууллага иргэдэд харьяалал хамаарахгүй үйлчлэх ёстой. 

Гэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэддүгээр шатлалын эмнэлэгт харьяалал харгалзахгүй үйлчлэх үүрэг хамаарах вэ гэдгийг нарийн тодорхой болгоогүй. Тус зөвлөл тогтоол гаргах ёстой. Одоогоор гараагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаа.

Манай Эрүүл мэндийн газарт Ажлын хэсэг байгуулах тухай бичиг ирүүлсэн. Бид судалж үзэж байна. Тогтоол шийдвэр гаргахад судалж үзэх зүйл бий.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болбол харьяалал хамаарахгүй үйлчилж болно. Гэвч хэддүгээр шатлалын эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчлэх үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой биш байгаа шүү дээ.

Иргэд үүнийг нарийн ойлгоогүй болохоор зөвхөн хуулийн заалтыг мөрдөж л эмнэлгүүдэд хандсан байх. Холбогдох тогтоол, шийдвэр нь гараад, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчлэх боломжтой болбол бид эсэргүүцэх зүйл алга. Харин ч Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болчихвол үйлчлүүлэгчдэд сонголт олгоход буруудахгүй.

2015 оны байдлаар дүүргийн Эрүүл мэндийн төвүүд даатгалын сангаас 30-40 хувийн санхүүжилт авч байсан. Үлдсэнийг нь улсаас гаргаж байгаа. Тэгэхээр идэвхгүй санхүүжилт, идэвхтэй худалдан авагч гэсэн зарчмаар л ажиллаж ирсэн гэв.

Зураг