Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын зодоон

Т.Эрдэнэ
2016 оны 5 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Улс төрийн хүрээнд өрнөх намууд, фракцууд, улстөрчдийн “зодоон” энэ сард Цэцийн тавдугаар дүгнэлттэй холбогдон улам л хүчтэй үргэлжлэх нь тодорхой боллоо. 

Ардчилсан намын фракцууд төдийгүй МАН-ын дотоодод хүртэл Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанд дүгнэлтээр Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь түдгэлзүүлснийг хүлээж авах эсэх асуудлаар нэгдэн байр сууринд хүрч чадахгүй байна. 

Уржигдар л гэхэд Ардчилсан намын фракцуудын хурал болж бүлгийн даргынхаа өрөөнд асуудлыг өрнүүлсэн байна.

Алтан гадас, МҮДН зэрэг фракцууд жагсаалтыг хадгалахыг зорьж байгаа бол намын даргын гэгдэх “Шонхор”, Х.Баттулгын “МоАХ” фракцууд Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэсэн байр суурийг дэмжиж байгаа аж. 

Фракцуудын байр суурийг парламент дахь АН-ын бүлгийн хуралдаанаар ярилцаж байгаагаас болоод ихэнх Байнгын хороодын хуралдаан хойшилсон. Байдлаас ажиглахад намын даргыг тойрсон улстөрчид Цэцийн дүгнэлтийг түлхүү дэмжиж байгаа нь жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах санаачилга Их хурлын спикер хавиас хүчтэй дэмжигдэж байгаа бололтой.

Тиймээс жагсаалтад орох боломжгүйгээс эцсийн мөч хүртэл даргадаа нэр нүүр олж аван тойрогтой хоцрох гэсэн улстөрчид Цэцийн дүгнэлтийг улайран дэмжиж байгаа бол тойрогт очоод ч сонгогчдын итгэлийг авах магадлал багатай улстөрчид жагсаалтад элэгтэй байгаа гэнэ.

Намын жагсаалтад багтахаар дөрвөн жил тойрогтоо бараагаа харуулалгүй гэдийж явсан улстөрчид фракц бүлэглэлдээ хор найруулж яваа дуулдсан.

Ер нь жагсаалтыг горилогсод парламентад суудалтай, суудалгүй аль аль улс төрийн хүчинд байсан юм. Тиймээс энэ байдаг МАН-ын дотоодод ч мөн адил ажиглагдаж улстөрчид өөр өөрсдийн хувийн нөхцөл байдалд тулгуурлан Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд хандаж байгаа аж.

AH, МАН хоёр хуйвалдаж Цэцээр дүгнэлт гаргуулчихлаа гэж дүгнэхэд ч арай эрт байна.

Ийн улстөрчдийн хувийн үзэмжээс шалтгаалан AH, МАН хоёр хуйвалдаж Цэцээр дүгнэлт гаргуулчихлаа гэж дүгнэхэд ч арай эрт байна.

"Шударга ёс” эвслийн зүгээс энэ асуудал дээр авсан завсарлага дуусаж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой. Гэхдээ Н.Батбаяр нарын УИХ-ын дэгийн тухай хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд өнөөдрөөс урьтаж хэвлэгдэхгүй бол Шударга ёс эвслийн бүлгийн завсарлага дахиад үргэлжлэх ч боломжтой.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд МҮАН нэгэнт АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор зарлачихсан, энэ нь цаагуураа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэгэн, харин МАХН-ын хувьд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Учир нь жижиг мажоритар системээр сонгуулиа явуулбал МАХН-ын хувьд цөөн хэдэн олонд танигдсан улстөрч нь Их хуралд сонгогдсон ч өнөөгийнх шигээ бүлэг байгуулах хэмжээний үр дүн харах аргагүй.

Тиймээс л шинэхэн бүлгийн даргаараа удирдуулсан МАХН-ын голдуу эвслийн гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахын эсрэг зогсож завсарлага авчихсан, үүнийгээ ч үргэлжлүүлж магадгүй. Тэрчлэн 90 жилийн түүхтэй гэж онгирох дуртай МАН-ыг нэг шөнийн эвслийн гэрээ тэврүүлээд доголон нулимстай үлдээж чадсан Н.Энхбаяр “барсын тулаан”-ыг уулан дээрээс ажиглан суугаа. Н.Энхбаяр хэний шүхэр дор зогсох вэ гэдгээс шалтгаалах хүчин зүйл ч их.

Гэхдээ MAH, АН хоёр дотооддоо ойлголцолд хүрчихвэл МАХН хэдийгээр завсарлага дахин аваад ч хугацаатай тул яах ч аргагүй. АН, МАН-д Цэцийн дүгнэлтийг MAH жагсаалтын 28-ын ихэнхийг буюу 20 мандатыг боломж арай илүү гэж үзсэн орон нутагт хуваарилах хатуу байр суурьтай байгаа бол АН-ынхан 14, 14-өөр хуваах нь илүү шударга гэж үзэж байгаа гэнэ.

Энэ асуудал дээр мөн л хоёр нам тохиролцох хэмжээнд хүртэл бас л хугацаа шаардлагатай тул Сонгуулийн хуулийн хувь заяаг шийдэх явдал хойшлогдсоор л байх бололтой. Үүнийг дагаад нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа ч хойшлогдоно.

Үүний хажуугаар Ерөнхийлөгчийн зүгээс Их хурлын сонгуулийг намар хүртэл хойшлуулах санал ч хүчтэй түлхэж байгаа. Ийм нөхцөл байдлуудын үр дүнгээр тавдугаар сарын улстөрчдийн "зодоон" сунжран үргэлжлэх бололтой.

Зураг