Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн Хуулинд тусгайлан онцгойлж заасан ганцхан албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч"

ikon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
 

 

УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт  Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын саналыг хэлэлцэх тухай гэсэн нь анхаарал татсан сэдэв болоод байна. 

УИХ-аас Үндсэн Хуулийн Цэцэд ингэж хандах нь эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан, Үндсэн хуулийг батлалцсан Ж.Бямбадоржоос хариулт авлаа.

- Танаас  Үндсэн хуулийн мэргэжлийн хүний чинь  хувьд нэг зүйлийг асууж тодруулмаар байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үндсэн хууль батлагдсанаас хойш ийм юм ерөөсөө яригдаж байгаагүй. Таны байр суурь?

- Би юу болоод байгааг нэг их сайн ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн ганцхан заалт бий. Энэ заалтын Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.  Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн гэснийг зориуд цохон хэлье.

- Тэгвэл Их Хурал Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараагүй байхад  Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ шүү дээ.  Энэ асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж байгаа албан тушаалтнуудад зөвлөж хэлдэг хүн баймаар л юм.

- Ерөнхийлөгчийн үзүүлсэн уучлал Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар ҮХЦ-д хандаж дүгнэлт гаргуулах хүсэлтийг  УИХ-ын гишүүн Г.Уянга Хууль зүйн байнгын хороонд тавьсан байгаа. Энэ дагуу байнгын хороо хэлэлцэж эхэлсэн байна л даа?

- Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1-ийн 8 дахь хэсэгт “Уучлал үзүүлэх” гээд Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрхийг зааж өгсөн байгаа. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн иргэнийхээ хувьд Цэцэд хандаж шийдвэрлүүлж болно. Ингэж цэцэд хандах тохиолдол зөндөө гардаг.

- Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар УИХ  Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах гэж байгаа юм байна гэж ойлгогдсон доо?

- Үндсэн хуулинд тусгайлан онцгойлж заасан ганцхан албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзвэл шүү дээ. Бусад асуудлаар УИХ-аас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд хандахад асуудалгүй.  Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн Хуульд хариуцлага тооцох дараалал, яаж шийдэх нь заагдсан ганцхан субьект юм. Бусад хууль нь энэ заалтад нийцэж хэрэгжих учиртай.

- ИХ Хурал энэ асуудлыг бие дааж тэр тусмаа нэг гишүүний санаачлагаар хэлэлцэх эрхгүй гэж та үзэж байна уу?

- Нэг гишүүний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг байтугай, сайдыг хүртэл огцруулах асуудал тавьбал Үндсэн хууль зөрчсөн болно гээд Цэц эцсийн үгээ хэлчихээ биз дээ. За энэ ч яахав. Ард түмнийг төлөөлөх эрхтэй, улс үндэсний эв нэгдлийн билэгдлийнх нь хувьд Үндсэн хуульд тусгайлан заасан ганц тохиолдол байгаа гэж би дээр хэлсэн. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Үндсэн хуулийн институци хоорондын харилцаа Үндсэн хуулийн дагуу байх учиртай.

Б.БАТ