Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: Баянхонгор аймагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой

Н.Пунцагболд
2016 оны 5 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханг урьж, ярилцлаа. 

-Хөгжил гэдгийг хүн бүр өөр өөрөөр тодорхойлдог. Тэгвэл таныхаар хөгжил гэж юу вэ?

-Хүн буюу өрх айл бие даахыг л хөгжил гээд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол гээд өөрт хэрэгтэй байгаа зүйлдээ хөрөнгө оруулалтаа хийдэг чадвар, чадамжтай иргэн, өрхтэй, баг, сум, аймаг, улсыг хөгжсөн гэж тодорхойлох байх.

-Баянхонгор аймгийн хувьд бие даасан өрх, иргэн хэр байна. Таны тодорхойлж байгаа хөгжилд хүрч чадсан уу?

-Бид айлд ороод тэр өрхийн бүх зүйлийг хийж өгч чадахгүй шүү дээ. Үүнийг л бид иргэдэд ойгуулахыг хүсдэг. Та өөрөө л бие дааж хөгж. Тэр боломжийг төр олгоно. Харин иргэн, өрхийн хийж чадахгүй, хүч хүрэхгүй, нийтэд хүртээмжтэй байх тэр ажлыг л төр хийнэ, шийднэ.

Түүнээс биш иргэнд шаардлагатай бүхнийг аймгийн удирдлага бүтээж чадахгүй шүү дээ.

 Хүнээ хөгжүүлэх, өөрийнх нь идэвх чармайлтыг илүү сайжруулах бодлого барьж ажиллаж байна.

Харин өөрт шаардлагатай бүхнээ иргэн өөрөө бүтээж чадна. Ийм л чиглэлийг бид барьж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ард иргэдтэйгээ хамтарч ажиллахыг эрмэлздэг.

Түрүү түрүүчийн жилүүдэд аймаг удирдаж байсан хүмүүс олон зүйл амладаг, халамжийн бодлого барьдаг, биднийг л дэмжчихвэл бүх зүйлийг чинь сайхан болгоод өгнө гэж хий хоосон зүйл ярьж байсны уршгаар иргэд хүний гар хардаг болчихож.

Бусдаас дандаа өө хайдаг болсон юм байна. Өөрийнхөө мууг бусдад тохдог болж. Энэ бүхнийг бид өөрчлөх гэж хичээж ажилласан, ажиллаж байгаа. Хүнээ хөгжүүлэх, өөрийнх нь идэвх чармайлтыг илүү сайжруулах бодлого барьж ажиллаж байна. Энэ тал дээр манай аймаг бусад аймгуудаас хамаагүй илүү байгаа гэж би хувьдаа боддог.

-Баянхонгор аймаг улсын хэмжээнд хөгжлийн хурдаараа тэргүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгвэл яг ямар чиглэлээр хөгжихийг илүү үзэж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд барьж байгаа бодлого гэж бий байх?

-Монгол Улсын Засгийн газраас барьж байгаа бодлого бий. Тэр бодлогод иргэн бүрийг хамруулахад чиглэсэн, ард түмнийг оролцуулах чиглэлээр олон ажлыг зохион  байгуулж байгаа.

Тухайлбал, таван хувийн зээл гэж байна. Татварын нөхөн олголт гэж байгаа. Мөн дээрээс нь малчны зээлийн хөнгөлөлт гэж ч байна.

Ипотекийн зээлэнд гэхэд зөвхөн аймгийн төвд амьдарч байгаа иргэн хамрагдах юм шиг санадаг. Гэтэл суманд амьдарч байгаа иргэн яагаад хамрагдаж болохгүй гэж. Бид суманд орон сууц барьж болж байна шүү дээ.

Аймгийн төвд гэхэд зөвхөн А зэрэглэлийн бүс гээд төвийн хэсэгт л орон сууц барьдаг, таван хувийн зээлэнд хамруулдаг. Тэгвэл яагаад алслагдсан бүсэд, багуудад барилга барьж болохгүй гэж. Гэх мэтээр бид төлөвлөлтүүдийг сайн хийж байгаа.

Тэр хэрээрээ боломжуудыг хүмүүст бий болгож өгч байгаа юм. Та өөрийнхөө орчин нөхцлийг сайжруулаад, ийм бодлого, хөтөлбөрт хамрагдаад явах боломж байна шүү. Ийм ийм гарц, боломж байна шүү гэдгийг нь хэлж, тайлбарлаж өгч байгаа.

Тэгээд төр юуг нь хариуцах юм. Иргэн өөрөө юугаа хариуцах шаардлагатай байна. Тэр дундаас иргэн яаж төрийн бодлого шийдвэрт оролцож, үр ашгийг нь хүртэх вэ гэдгийг ойлгуулж ажиллаж байгаа. Тэр дундаа төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ гээд төрөөс хийх ёстой суурь бүтцүүдийг маш сайн хийсэн гэж хэлж болно. 

-Хөгжлийн нэг үзүүлэлт бол бүтээн байгуулалт. Зөв бүтээн байгуулалтуудыг хийж гэмээн иргэдийн амьдрах таатай орчин бүрдэнэ. Өнгөрсөн жилүүдэд Баянхонгор аймагт ямар бүтээн байгуулалтуудыг хийж, амжуулсан бэ?

-Бүтээн байгуулалтын ажил нийгмийг чирдэг. Нэг талаасаа хүмүүст үлгэр дууриалал болж, ийм орчин нөхцөлд амьдарч болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгаа юм. Үүний цаана хөрөнгө оруулалт явдаг. Мөн иргэдэд бүтээн байгуулалтаас тусч байгаа зүйл их бий. Бүтээн байгуулалт тал дээр аймгийн зүгээс нэлээд анхаарч ажилласан.

Тоон мэдээлэл ямархуу ажилласныг аяндаа харуулаад өгөх байх. Инженерийн шугам сүлжээ гэхэд хуучин 30 км байсан. Тэгвэл одоо 67-68 км болж нэмэгдсэн. Авто зам 14 км байсан бол одоо 30 орчим болж нэмэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилд бид аймагтаа 15 км хатуу хучилттай авто замыг тавьсан байна.

Зогсоол, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай гэхэд гурав дахин нэмэгдсэн. Ногоон байгууламж, услалтын систем, цэцэрлэгт хүрээлэн дөрөв дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ мэтээр бүтээн байгуулалт эрс нэмэгдсэн.

Өмнө 60, 70 жилийн хугацаанд хийсэн ажлыг бид сүүлийн 3-4 жилийн хугацаанд гурав, дөрөв нугалаад хийчихсэн.

 Аймгийн төвд гэхэд зөвхөн А зэрэглэлийн бүс гээд төвийн хэсэгт л орон сууц барьдаг, таван хувийн зээлэнд хамруулдаг. 

Гэхдээ энэ ажлыг ганцхан төр хийчихсэн юм биш. Энд ард иргэдийн оролцоо, хүмүүсийн хүч хөдөлмөр, дэмжлэг байгаа.

Энэ мэтээр бид өнгөрсөн хугацаанд ахиц дэвшилтэй ажиллалаа. Бид энэ ажлуудыг хэн нэгэнд хийж өгч байгаа асуудал биш. Бид өөрсдийнхөө төлөө, аймаг, сумандаа хийж байгаа л ажил шүү дээ. 

-Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгвэл Баянхонгор аймагт ажилгүйдлийн төвшин ямар хэмжээнд байна вэ. Ажилгүйдлийг бууруулж чадаж байна уу?

-Манай аймаг ажилгүйдлийн төвшин харьцангуй бага. Одоогоор долоон хувьтай л байгаа. Өнөөдөр яг хэнийг ажилгүй гэх вэ гэдэг асуудал бас байна. Малчид бол ажилтай. Дээрээс нь улирлын чанартай ажлуудыг багагүй бий болгож байгаа. Мал төллөлтийн үеэр ажиллах хүчнийг нэлээд гаргаж байна.

Малын үс ноос авах үеэр ч бас түр ажлын байр гаргаж байгаа. Барилгын улирал эхлэх үед бүтээн байгуулалтын ажил руу залуучуудыг оруулж байна. Баянхонгорт барилга баригдаж байвал орон нутгийн компанийг оруулах жишээтэй. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд манай аймагт 1,400 айлын орон сууц баригдсан байна.

Энэ барилгуудыг гадны ганц ч компани бариагүй. Дандаа л Баянхонгор аймгийн компаниуд барьдаг.

Гадна тохижилт, доторх заслыг ч гэсэн Баянхонгорын компаниуд хийдэг байгаа. Энэ мэтээр улирлын шинж чанартай ажил их гардаг болсон.

Хөдөлмөрийн яам гэж байгуулагдаж, аймагт хөдөлмөрийн хэлтэс бий болж, энэ мэт ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулснаар улирлын чанартай ажил нэлээд нэмэгдсэн. Өвлийн улиралд бол ажлын байр багасдаг. Ийм л байдалтай байна. Ямар ч байсан аймагт байгаа ажилгүй иргэдийг ажлын байранд зуучилж, чиглүүлдэг сүлжээ бий болсон байна.

Ажилгүй хүнээ мэддэг, бүртгэдэг болсон. Ямар ажил хийж чадах вэ гэдэг дээр аймгийн хэмжээнд судалгаа гаргаж, аймгийн төв дээр байгаа ажилгүй иргэдийнхээ мэдээллийг авч чадсан. Тиймдээ ч аймгийн төвд байгаа ажилгүй иргэдийн талаар маш сайн мэдээлэлтэй болсон. Нэг айлд ороход, таван хүн байлаа гэхэд бүгдээрээ ажилгүй байвал нэгийг нь ажилтай болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ мэт зүйлд анхаарлаа хандуулж, ахиц дэвшил гаргаад ажиллаж байгаа.  Мөн иргэдийг баг баг дээр нь цуглуулаад, аймгаас зээл өгөөд, хийж чадах зүйлсийг нь хийлгэж байна. Тэр бүтээгдэхүүнийг нь аймгийн зүгээс худалдаж авч, орон нутгийнхээ үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байгаа. 

-Өнгөрсөн дөрвөн жилд “Сум хөгжүүлэх сан”, “Орон нутгийн хөгжлийн сан”-г бүхий л аймаг, орон нутаг, дүүрэг, хороонд байгуулсан. Танай аймгийн хувьд хэчнээн төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих тал дээр хэр ажил хийж байгаа вэ?

-Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн хэлтэс, Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар аймгийн хэмжээнд нэлээд мөнгө, хөрөнгө ирсэн. Сумдад гэхэд 300-аас дээш хүн амтай бол 150 сая, доош хүн амтай бол 75 сая төгрөг ирж байгаа. Зээл өгөх мөнгө шүү дээ. Энэ бол үйлдвэрлэлийн зээл. Сум хөгжүүлэх зээл гэж бий. Манай аймгийн хувьд 180-200 сая төгрөг сум бүр дээр бий.

Үндсэндээ эргэлтийн хөрөнгөтэй болчихсон байгаа. Суманд байгаа айл өрх, жижиг аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, хийж байгаа бизнесийг нь дэмжиж байна. Дөрвөн улирлын туршид ажлын байртай болгох талаас нь дэмжиж байгаа ажлыг хийж байгаа. Аймгийн хэмжээнд хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Бид үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх чиглэл барьж байгаа.

Тухайлбал, аймгийн хэмжээнд цагаан идээний үйлдвэрлэлийг бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээж байна. Бүс бүсээр нь хуваарилж, ямар технологиор, аль чиглэлээр хөгжүүлэх вэ гээд бодлого барьж, үе шаттайгаар хөгүүлэхээр ажиллаж байгаа. Үүний хүчинд зарим үйлдвэрүүд дээр ахиц дэвшил гарч байна. 

-Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа жишиг хөтөлбөрүүд байна. Улаанбаатар хот, Сүхбаатар аймагт гэхэд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах чиглэлийг барьж байгаа. Баянхонгор аймгийн хувьд гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хийх боломж бололцоо хэр байна?

-Байгаа, байлгүй яахав. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаад л явж байна. Сая би 1,400 айлын орон сууц барьсан гэж хэлсэн. Энэ ажил бол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын нэг хэсэг шүү дээ. 

-Та түрүүнд хөгжлийн хөтөлбөр гаргасан талаар ярьсан. Ер цаашид Баянхонгор аймаг ямар чиглэлийг баримталбал илүү хөгжих боломжтой вэ?

-Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд цаашид яаж хөгжих вэ гэдэг бодлогоо боловсруулж, нэг чиглэл барьж байгаа. Тэр нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурлаж хөгжих. Манай аймаг ч гэсэн тэр чиглэлийг л барина. Мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр тулгуурлаж хөгжих боломж байгаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр аймгаа хангаапд зогсохгүй баруун бүсийг хангах чиглэлээр ажиллах нь зүйтэй.

Дээрээс нь барилгын түүхий эд, материалаар баруун бүсийг хангах зорилго байгаа. Манайд бол барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Тийм болохоор өөрийнхөө аймгийг төдийгүй баруун бүсийн аймгуудыг хангая гэсэн чиглэлтэй байна. Манайх бол фермерийн аж ахуй, газар тариалангаар бусад аймгуудтай өрсөлдөх боломж тун хомс. Гэхдээ сум, орон нутгийнхаа хэрэгцээг хангах чиглэлээр ажиллаж, үр дүнд хүрэх боломж бүрэн бий. 

-Ерөнхийдөө Баянхонгор аймгийн хэмжээнд томоохон үйлдвэрүүдийг барих хэрэгцээ, шаардлага байгаа гэж ойлгож болох нь?

-Ерөөсөө л тийм. Сая миний ярьсан чиглэлийн үйлдвэрүүдийг барих шаардлагатай. Ерөнхийдөө бид тийм тийм үйлдвэр барьж байгуулъя гэдэг бодлогыг гаргаж ажиллаж байна. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах чиглэлийг ч бас барьж байгаа.

Манай аймагт ашиг малтмал багагүй гардаг. Тэгвэл бид байгалийн баялагаа түүхийгээр нь гаргахыг урьтал болгохгүй байна. Аль болох дахин боловсруулах чиглэлийг барьж ажиллая гэдэг бодолтой, зорилготой л байна даа. 

-Баянхонгор аймгийн сумд сүүлийн жилүүдэд нэлээд хурдацтай хөгжиж байна. “Шинэ сум” төсөлд хоёр гурван сум хамрагдаж, өнгө нэмлээ. Галуу сум гэхэд Улсын тэргүүний сум боллоо шүү дээ?

-Сумыг огт тоож ярьдаггүй үе байсан. Тэгвэл “Шинэчлэлийн” Засгийн газрын үеэс сумын хөгжлийг ярьж эхэлсэн. Суманд “Орон нутгийн хөгжлийн сан” гээчийг байгуулсан. Сумаа хөгжүүлэх боломжийг иргэд нь хэлэлцээд, ирсэн хөрөнгөө ямар ажилд зарцуулахаа шийдээд явах боломжийг олголоо. Ингэснээр сумын хөгжил эрс сайжирсан.

Сум бүр эрс өөрчлөгдсөн. Иргэдийнх нь ухамсар, бие даах чадвар, итгэл үнэмшил ч өөрчлөгдсөн. Эхлээд орон нутгийн хөгжлийн мөнгө ирж байхад иргэд итгэж ядсан байдалтай байсан. Энэ мөнгийг чинь яаж үрэх юм бэ гэх мэт хошин шогийн аястай хандлагууд гарч байсан цаг саяхан. Гэтэл одоо бол сум бүхэн хөгжлийнхөө хөтөлбөрийг боловсруулаад, үе шаттайгаар ямар ажлаа хийх вэ, хэдэн жилийн дараа сум яаж хөгжсөн байх юм, бид ямар иргэн байх юм гэдгээ төлөвлөж чаддаг болсон.

Ийм байдлаар сум бүр хөгжиж байна. Тэгэхээр Засгийн газраас явуулж байгаа бодлого оновчтой байна гэж ойлгож болно. Олон хүн энэ бодлогыг дэмжиж, санаагаа хэлж байгаа зүйл их байна. Эсэргүүцэж байгаа ч хүн бий. Тэднийг харж байхад, зүгээр сууж байгаад, халамжийнхаа мөнгийг аваад хэвтэж байх сонирхолтой байдаг.

Гэхдээ тийм хүмүүсийн тоо буурч байна. Ер нь гар хөдөлж байж ам тосдоно гэдэг зарчмыг баримталж, олон ажил зохион байгуулж байгаа учраас ард иргэд зүтгэдэг, чармайдаг, тэмцдэг болж. Энэ бол орон нутагт зөв бодлого хэрэгжиж байгаагийн нэг жишээ болов уу гэж бодож байна.

Зураг