Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчид гүн эмгэнэл илэрхийлье!

Б.Сэмүүн
2016 оны 5 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрөгч долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэв.

Хуульд өөрчлөлт оруулснаар одоо байгаа давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм байна. Шинээр байгуулагдах шүүхүүдэд ажиллах шүүгч, захиргааны ажилтнуудын цалин болон техник, зохион байгуулалтын ажилд эхний ээлжинд 10.4 тэрбум төгрөг шаардагдах тооцоог мөн ШЕЗ-өөс хийсэн байна.

Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулахын тулд Орхон, Дарханаас бусад бүх аймагт одоо байгаа Эрүү, Иргэний дагнасан шүүхүүдээ нэгтгэж, аймагт бүрт нэг иргэний шүүгч, нэг эрүүгийн шүүгч, нэг ерөнхий шүүгчтэйгээр давж заалдах шатны шүүхийг байгуулж байгаа юм байна. Нэгэнт хуулинд “шүүн таслах ажиллагааг шүүх бүрэлдэхүүнтэй явуулна” гээд заачихсан учраас эрүүгийн хэрэг дээр иргэний хэргийн шүүгч, иргэний хэрэг дээр эрүүгийн шүүгч орж ажиллаад явах нь л дээ. 

Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эхлүүлж, шүүхийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулжээ. Хоёр парламент дамжуулан хэлэлцэж баталсан шүүхийн багц хуулиудыг 2013 оны дөрөвдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд зөвхөн хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангахад бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан байдаг.

Дээрх хуулиудыг баталснаар шүүх эрх мэдлийн хүрээнд хоёр том шинэтгэл хийсний нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх шүүхийг дагнасан буюу төрөлжсөн /эрүү, иргэний, захиргааны хэргийн шүүх/ байдлаар зохион байгуулсан явдал. Хоёр дахь нь шүүн таслах ажлыг шүүхийн захиргаанаас нь салгаж, ШЕЗ-ийг бие даасан байдлаар ажиллуулах болсон юм.

Гэвч шүүхийн шинэчлэлийн хоёр гол баганын нэг нь харсаар байтал нүдэн дээр нуран унаж байна. Шүүхийн шинэчлэлийг санаачлан, хэрэгжүүлэхийг зорьж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид гүнээ эмгэнэл илэрхийлье! 

УИХ-аас 2012 оны гуравдугаар сарын 7-нд баталсан Шүүхийн тухай хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх, аймаг, нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүх, сум /сум дундын/, дүүргийн шүүх буюу анхан шатны шүүхээс бүрдэнэ” гэж заасан байна.

Энэ дагуу 2013 оны нэгдүгээр сард “Шүүх байгуулах тухай” хуулийг батлахдаа эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг сум дунд, давж заалдах шатны шүүхийг аймаг, нийслэлд, захиргааны хэргийн анхан шатны шүүхийг бүх аймагт, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд байгуулахаар заажээ.

Ингэхдээ хүн ам, хэргийн ачааллыг харгалзан сумдын дундын 29 шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүх, нийслэлийн дүүргүүдэд эрүүгийн хэргийн анхан шатны дөрөв, иргэний хэргийн хэргийн анхан шатны дөрвөн шүүхийг тойргийн журмаар байгуулсан байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Иргэний хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүүх нь Дорнод, Сүхбаатар аймгийн сумд болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас бусад сумдыг, Налайх дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүх нь нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумыг харьяалж байв. 

Үл үзэгдэх гар

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил хагасын дараа буюу 2014 оны арванхоёрдугаар сар, 2015 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэц дунд, их суудлаараа хуралдаж “2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх байгуулсан, хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог үгүйсгэж, Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж тогтоосноор Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгожээ.

Нэгэнт тойргийн шүүх гэдэг ойлголт Үндсэн хуулиас давсан гэж Цэц шийдсэн учраас УИХ баталсан хуулиа хамгаалж үлдэхийн тулд шүүхүүдийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь нэрлэхээр хуульд өөрчлөлт оруулсан.

Өнгөрөгч оны зургадугаар сард шинэчилсэн найруулгаар баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу одоо шүүхүүд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэгдэх болсон. Нүглийн нүдийг гурилаар хуурна л гэдэг болж байгаа юм л даа, үнэн хэрэгтээ бол.

Нүглийн нүдийг гурилаар хуурна л гэдэг болж байгаа юм л даа, үнэн хэрэгтээ бол. 

Гэвч хуулиа өөрчлөөд жил болоогүй байхад дахиад Цэц унагаачихлаа. Зургадугаар сард баталсан хуулиар арваннэгдүгээр сард дахин маргаан үүсгэж, дунд суудлын дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын хариуд их суудлаа хуралдуулсныг харахад Цэц үнэхээр нэхэл хатуутай байна. Шүүхийн тухай хуулиар ганцхан заавал ар араасаа маргаад байдаг ажлаа алдаж, аагаа багтаасан ард түмэн ч хаа байх вэ.

Маргалаа гэхэд хууль баталсан УИХ-ын төлөөлөгчийг давж маргадаг нь ч бас хэд билээ. Өмнөх чуулганаар Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх үед Х.Тэмүүжин гишүүний хэлсэн нэг үг бий. “Цэц хэрвээ шүүх юм бол шүүх шиг байж, төвийг сахиж, асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой. Маргаж байгаа хоёр талын нэгийнх нь талд ороод нөгөөг нь загнадаг, Цэцийн гишүүд урьдчилсан дүгнэлттэйгээр хуралдаанд ордог.

Энэ чинь ардаа захиалагчтай шийдвэр гарч байгаагийн нотолгоо шүү” гэж. Энгийнээр хэлбэл, иргэн Дондог, Дулмаа нарын нэрээр өргөдөл бичүүлээд, өөрсдөө түүнийгээ хамгаалж мэтгэлцээд, урьдчилаад гаргачихсан шийдвэрээ тулгаад байна л гэсэн үг шүү дээ. Зүй нь бол Цэцийн хуралдаан дээр зөвхөн гомдол гаргасан иргэн, хууль баталсан УИХ-ын төлөөлөгч хоёр маргаж, Цэц хөндлөнгөөс дүгнэлтээ гаргах ёстой.

Яг л шүүх хуралдаан дээр улсын яллагч, өмгөөлөгч хоёр мэтгэлцэж, шүүгч дундаас нь шийдвэрээ гаргадаг шиг. Гэвч удаан үргэлжилж буй энэ процессийг харахад Цэц захиалгаар шийдвэр гаргадаг нь үнэн байх нь. Захиалагч нь харин хэн бэ гэдгийг энэ удаа Ерөнхийлөгчөөсөө асууя! Санаачилж хэрэгжүүлсэн шинэтгэлийн бодлогыг тань утасны үзүүрээс хөвөрдөх мэт аяар аяархан нураагаад байгаа үл үзэгдэх гар хэнийх вэ?! 

Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол гаргасан иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар ҮХЦ-д гаргасан тайлбартаа “Давж заалдах шатны шүүхийг аймаг дунд байгуулсан, хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан хуулийн заалт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын шүүхээс бүрдэнэ” гэсэн Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг зөрчиж байна. Үндсэн хуулийн заалт ёсоор аймаг, нийслэл, дүүрэг нь тус бүртээ шүүхтэй байх ёстой” гэж маргасан байна.

Аймаг дүүрэг болгон тус бүртээ шүүхтэй байх ёстой гэж маргасан хэрнээ сум дундын шүүхийг хүлээн зөвшөөрөөд байгаа нь гайхалтай юм шүү. Уг нь шүүхийн хүртээмж талаас нь ярих юм бол анхан шатны шүүхүүдээ нэмэгдүүлэх ёстой. Тэнд жинхэнэ шүүхийн үйлчилгээ авах иргэний эрх хөндөгддөг гэх юм билээ, мэргэжлийн хуульчид нь ярихдаа.

Сум алгасч шүүхээр явахад иргэнд чирэгдэлтэй, нийслэлийн дүүргүүдэд хэргийн ачаалал их байгаа учраас анхан шатны шүүхүүдээ нэмэгдүүлье гэвэл ойлгож болно. Гэтэл хоёр аймгийн дунд нэг байгаа давах шүүхийг аймаг бүрт байгуулъя гэдэг нь ямар учиртай байх вэ.

Давах шатанд угаасаа хэргийн ачаалал багатайн дээр шүүхүүдийг эрүү, иргэн, захиргаагаар нь дагнуулснаар хэргийн шийдвэрлэлтэд ч сайнаар нөлөөлж давж заалдах нь багассан тухай тэнд ажиллаж байгаа шүүгч нар өөрсдөө ярьж байна лээ. Ялангуяа орон нутагт. Тэглээ гээд “ачаалал багатай” гээд цалинг нь хувьдаж хасах уу, дагнасан шүүхүүдээ нураагаад давахынхнаа ажилтай үлдээх үү. Эсвэл бүр соц үеийнх шиг шүүгч нартаа норм өгөөд хөдөө томилолт, эргүүл шалгалтаар явуулах уу?

Үндсэн хуулийн үндэс нь хаана вэ?

Гэвч маргаж байгаа асуудал маань энэ биш. Маргаан бол Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай шүү дээ.

Үндсэн хуулийн 48.1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно”, 48.2-т “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

Давж заалдах шатны шүүхийг аймаг дунд байгуулсан, дүүргүүдийг нэг шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчсөн үү? УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин Цэцийн хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа “Шүүхийн тогтолцоо болон шүүхийн харьяалал гэдэг хоёр өөр зүйл.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шүүх байгуулах асуудал шүүхийн тогтолцоотой огт хамаагүй. Шүүхийн тогтолцоо гэдэг нь шударга шүүхээр шүүлгэх эрх буюу давж заалдах эрхийг баталгаатай эдлүүлэхийг хэлж байгаа юм” гэсэн байна.

Иргэнд энэ эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн тулд анхан болон давах шүүх, хяналтын шатны шүүх байх ёстой гэсэн үг. Харин шүүхийн харьяалал гэдэгт нөгөө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал хамаарна. Хэргийн харьяалал ч гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн суман дахь шүүх Дорнод, Сүхбаатар аймгийг харьяалж байгаа нь сум, дүүрэгт анхан шатны, аймаг, нийслэлд давж заалдах шатны шүүх байгуулсан буюу “тогтолцоо”-той огт хамаагүй. 

Үндсэн хуулийн 48.1 хэсэгт шүүхийн тогтолцоог “үндсэн” болон “дагнасан” гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлж, үндсэн тогтолцоондоо УДШ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн буюу анхан, давах, хяналтын шүүхийг, дагнасан гэдэгт нь эрүү, иргэний, захиргааны гэж төрөлжсөн шүүхүүдээ нэрлэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, “Иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, “анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах, хяналтын журмаар хэлэлцэх”, эсвэл “анхан шатны шүүх”, “бүх шатны шүүх” гэх мэт ойлголт, нэр томьёо нь шүүхийн тогтолцоогоо л хэлж байгаа хэрэг.

Түүнээс биш хоёр аймагт зэргэлдээ байгаа анхан шатны хоёр шүүх бол тогтолцооны хувьд нэг л зүйл шүү дээ. Үүнийг л Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиар задлаад хийчихсэн хэрэг. Үндсэн хуулийн 48.2 хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг хуулиар тогтооно”, 48.3-д “Шүүхийг Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу байгуулна” гэсэн нь хууль тогтоогчдод өгч байгаа Үндсэн хуулиар олгосон эрх юм. Угаас Үндсэн хуульд бүгдийг нэг бүрчлэн бичих боломжгүй.

ҮХЦ сүүлд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлд 22 жилийн өмнөх нэг Цэцийн тогтоолын дурдсан байдаг юм. 

Тиймээс УИХ Шүүхийн тухай болон бусад хуулиудыг батлан гаргадаг. Уг нь үүнийг наад захын хуулийн мэдлэгтэй хүн ойлгоно.

Харин Үндсэн хуулийг сахигч болсон Үндсэн хуулийн Цэц л огт ойлгохгүй байгаа нь хачирхалтай юм шүү. Эсвэл нэг мөр УИХ-ыг ч гэсэн тараагаад хууль тогтоох эрх мэдлийг нь Цэцэд өгчих юм уу.

ҮХЦ сүүлд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлд 22 жилийн өмнөх нэг Цэцийн тогтоолын дурдсан байдаг юм. 1994 онд мөн адил тухай үеийн Шүүхийн тухай хуулиар хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан юм байна. Гэвч тухайн үед мөн л асуудлаар маргаан үүсч, ҮХЦ-ийн 1994 оны 02 тоот тогтоолоороо Шүүхийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгожээ. Дараа дараачийн маргаануудыг ч бас энэ тогтоол дээрээ үндэслэн шийдэж ирсэн байна.

Цэцийн шийдвэр эцсийнх, Үндсэн хууль өөрчлөгдөшгүй байж болно. Гэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын асуудал улам л хөгжөөд, боловсронгуй болоод байна шүү дээ.

Тэр нь харин Үндсэн хуульд заасан суурь эрхийг хангах чиглэл рүү явж байна уу, үгүй юу гэдгийг анзаарч, тэр талын мэдрэмж суух хэрэгтэй биз дээ. Ядахдаа Үндсэн хуулийнхаа үндэс нь хаана, үзэл санаа нь юу юм гэдгийг уншиж мэдсэн хүмүүс Цэцийн гишүүн томилогдож болдоггүй юм уу? Хоосон модон үгээр хөөцөлдөөд, хууль гуйвуулаад суух биш!

Зураг