Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун бүх хурим, оршуулгыг орон даяар хориглолоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгост сүүлийн 36 жил болоогүй эрх баригч Хөдөлмөрийн Намын их хурал ирэх Баасан гарагт болох гэж байгаатай холбогдуулан зарим онцгой арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Хурлыг өнгөртөл орон даяар хурим болон оршуулгын арга хэмжээнүүдийг хориглож, нийслэл Пьёньян хотод орж гарах шилжилт хөдөлгөөнийг хааж байна.

Мөн харуул хамгаалалт, иргэдийг шалгах ажиллагаа чангарсныг эх сурвалжууд дурдаж байгаа юм. Энэ бүхэн хурлын үеэр эмх замбараагүй байдал үүсэх эрсдлийг бууруулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Намын их хурал хамгийн сүүлд 1980 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Илийг их удирдагч Ким Ил Суны залгамжлагчаар зарлах үед болсон юм.

Одоо 33 настай удирдагч Ким Жон Ун энэ хурлаар өөрийн дэглэмийн байр суурийг бэхэлж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болсныг зарлан, улс орныхоо эдийн засаг, цэрэг зэвсгийн хөгжлийг хэрхэн тодорхойлж байгаагаа харуулах байх гэсэн хүлээлт байгаа.

Цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг нь эсэргүүцсэн НҮБ-ын аюулгүйн зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаад байгаа юм.

Их хурал дөрвөөс тав хоног үргэлжлэх төлөвтэй байна. Хурлын дараа 70 хоногийн хугацаанд Ким Жон Ун болон Хөдөлмөрийн Намд “үнэнчээ харуулах” хөдөлгөөн эхэлж, орон даяар илүү цагаар ажиллан бүтээмжээ дээшлүүлэх аян өрнөх гэнэ.

 

Эх сурвалж: Independent