Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрт тань нуугдсан хор

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 4
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүмүүсийн эрүүл амьдрах эрх улам л хязгаарлагдаж байна. Учир нь бидний хүрээлэн буй орчин, эдэлж хэрэглэдэг зүйлст химийн бодис агуулагддаг болжээ. 

Сүүлийн үед гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэдэг цавуунд формальдегид буюу шоргоолжны хүчил байх ёстой хэмжээнээс их агуулагддаг талаар холбогдох мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. 

Олон улсын мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр формалдегидийг гэр ахуйн тавилга болон барилгын материалд өргөн хэрэглэдэг аж. Уг бодис нь төрөл бүрийн цавуу, паалан, бүрэлтийн материалууд, цавуулаг бодис, лак, обой, картон зэрэг цаасан бүтээгдэхүүн, шахмал банзан эд зүйлд байдаг. Тэрчлэн агаарт их хэмжээгээр ууршвал нүд, хамар, хоолой хорсгодог.

Ийм бодистой орчинд удаан хугацаанд амьдарвал амьсгалын замын өвчин болон харшил үүсгэж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн гэр ахуйн тавилга болон хавтанд формальдегид их хэмжээгээр агуулагддаг талаар тавилга үйлдвэрлэгчид баталж байгаа юм.

Манай улсад одоогоор гэр ахуйн тавилгын стандарт гэж алга. Уг нь олон улсад мөрддөг Е1 стандарт ашиглахыг үйлдвэрлэгчдэд зөвлөдөг байна.

Бид энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас лавлахад “Хятад улсаас оруулж ирж буй ДСП хавтанг гаалиар нэвтрүүлэхдээ ургамал, хортон шавжийн шинжилгээ хийдэг. Түүнээс химийн бодисын агууламжийг нь шинжилдэггүй” гэсэн хариулт өглөө.

БНХАУ-аас оруулж ирж буй тавилгын химийн бодисын орцыг шинжлэх шаардлагатай байдаг ч лаборатори байхгүйгээс хийдэггүй байна. Түүнчлэн угсарсан тавилгад шинжилгээ хийх боломжгүй гэсэн тайлбарыг МХЕГ-ынхан өгч байв.

Гэр ахуйн тавилга болон бусад эд зүйлд дотоод орчны агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдэл байдаг.

Харин Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн гэр ахуйн тавилга гэдэг талаас нь нарийн судалгаа хийгээгүй. Ерөнхийдөө дотоод орчны агаарын бохирдол үүсгэж буй зүйлсийг судалсан гэсэн хариулт хэлэв.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтан Б.Болор, Г.Амгалан, Д.Оюунчимэг нар 2013 онд дотоод орчны агаарын бохирдлын нөлөөллийн талаар судалгаа хийжээ. Тус судалгаанд орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаарт химийн нэгдлийн агууламж ихэссэнээр оршин суугчдын толгой өвдөх, ядрах, нүд болон хоолой үрэвсдэгийг тогтоосон байна.

Судалгаагаар 5-7 цагийн турш 189-566 мг/мЗ толуолын агууламжтай өрөөнд байхад эрүүл насанд хүрэгчдийн дунд нүд, хамар, хоолойн үрэвсэл болон толгой өвдөх, эргэх, хордлогын шинжүүд илэрдэг.

Гэр ахуйн тавилга болон бусад эд зүйлд дотоод орчны агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдэл байдаг аж. Үүнд ацетон, метил, бензол, толуол, үнэрт нүүрстөрөгчид, альдегид, кетон формальдегид багтдаг аж. Эдгээр бодис нь элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг талаар судлаачид бичжээ.

Гэр ахуйн тавилга болон лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор зургаан сарын турш химийн нэгдлүүд ялгардаг аж. Гэхдээ үүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй өнгөрдөг тухай холбогдох мэргэжлийн эмч хэлсэн юм.

Манай улс одоогоор гэр ахуйн тавилгын стандартгүй байгаа. Тиймээс зөвхөн хүний эрүүл мэндэд нийцсэн тавилга үйлдвэрлэх ёстой гэсэн зөвлөмжийг л холбогдох газруудаас өгдөг тухай тавилга үйлдвэрлэгчид ярьсан.

Барилгын тухай холбогдох дүрэм журамд зааснаар орон сууцыг шинээр барьсан болон тохижуулсан тохиолдолд дотор нь орж амьдрахаас өмнө дотоод орчны агаарын чанар хийгээд бусад үнэлгээ хийлгэх талаар заасан байдаг аж. Гэвч ийм эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд иргэд ч үнэлгээ хийлгэдэггүй байна.

ХОЁР ЦАГ ТУТАМД АГААР СЭЛГЭХГҮЙ БОЛОХООР ХИЙН БОДИСЫН КОНЦЕНТРАЦИ НЭМЭГДДЭГ 

Бид тавилга үйлдвэрлэгч компанийн төлөөллүүдээс зарим зүйлийг тодрууллаа.

“Долоон болдог” буюу бидний мэдэх “Kitchenall” компанийн Үйлдвэрлэлийн маркетингийн албаны дарга Мөнхбаяр:

-Гэр ахуйн тавилгын материалд формальдегид, бензол зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их агуулагддаг юм билээ. Танай компани эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу?

-Тавилга үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь хавтан болон цавуу гэж болно. Гэхдээ манай улсад хил, гаалиар оруулж ирж байгаа хавтанд стандарт тавьдаггүй. Тодруулбал, танай байгууллагын импортолж байгаа хавтан олон улсын Е1 стандартыг хангасан байх ёстой гэдэг ч юм уу, ямар нэг шалгуур тавих хэрэгтэй болов уу.

Хүний эрүүл мэндэд нийцэж байгаа, эсэхийг нь тогтооход их л бүрхэг дээ.

Гэр ахуйн тавилгын материалыг хил гааль дээр нарийн шалгадаггүй учраас хүмүүс хямд хавтан худалдаж авдаг. 

Гэр ахуйн тавилгын материалыг хил гааль дээр нарийн шалгадаггүй учраас хүмүүс хямд хавтан худалдаж авдаг.

Хавтан наахад хэрэглэдэг цавуунд формальдегид буюу шоргоолжны хүчил байдаг. Гэхдээ энэ бодисын агууламж хэт өндөр, эсвэл зөвшөөрөгдөх хэмжээнд байна уу гэдгийг яаж мэдэх вэ.

Дотроо хяналт тавьдаг үйлдвэрүүд бол эрх биш хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж үздэг. Манай байгууллага ОХУ-аас олон улсын стандартын Е1 ангиллын хавтанг оруулж ирдэг. Гал тогооны тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой. 

Формальдегидийн агууламж хэт өндөр байвал хүний нүд хорсох, нулимс гоожих шинж тэмдэг илэрдэг шүү дээ. Энэ бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл хорт хавдар үүсгэнэ гэж ДЭМБ зөвлөдөг юм билээ. Уг нь гэрийнхээ агаарыг хоёр цаг тутамд сэлгэж байх ёстой. 

Ингэж агаараа сэлгэсэн тохиолдолд формальдегидийн ууршилт төдийлөн ихсээд байдаггүй. Монголын өвөл хүйтэн болохоор хүмүүс салхивчаа онгойлгож, агаар сэлгэдэггүй учраас химийн бодисын нөлөөнд өртдөг.


МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЛАБОРАТОРИТОЙ БОЛОХ ЦАГ БОЛСОН

“Ганброс" компанийн гүйцэтгэх захирал А.Одончимэг:

-Танай байгууллагын үйлдвэрлэдэг тавилга эрүүл ахуйн стандартад хэр нийцдэг вэ. Гэр ахуйн тавилгад химийн хорт бодис агуулагддаг талаар та юу хэлэх вэ?

-Үнэнийг хэлэхэд манай улсад гэр ахуйн тавилгын стандарт байдаггүй. Тиймээс зарим үйлдвэрлэгч олон улсын Е1 стандартын шаардлагад нийцүүлж үйлдвэрлэлээ явуулдаг.

Урд хөршөөс импортолдог тавилга болон хавтанд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг формальдегид бодис агуулагддаг. Формальдегидтэй орчин бол андашгүй л дээ. Ийм орчинд удаан байхад толгой өвдөх, нус гоожих шинж тэмдэг илэрдэг.

Хятадын тавилгад формальдегид ямар хэмжээтэй агуулагдаж байна вэ гэдгийг манай мэргэжлийн хяналтынхан тогтоогоогүй. Шинжилгээ хийгээд үзвэл тодорхой хэмжээний үзүүлэлт гарах л байх. Шинжилдэг лаборатори нь байхгүй болохоор хил гаалиар ч гэсэн хяналтгүй л нэвтрүүлж байна.

Мэргэжлийн хяналтын газар одоо лабораторитой болох цаг болсон. Сүүлийн жилүүдэд хүний өвчлөл, тэр дундаа хорт хавдар хэрээс хэтэрлээ шүү дээ. Тэгэхээр бүх л зүйлд нарийн хяналт тавих, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг нь тогтоох шаардлага тулгарч байна. 

Би нэлээд хэдэн жилийн өмнөөс формальдегид бодисын тухай ярьсан. Мэргэжлийн хяналтынхантай хамтарсан хурал хүртэл зохион байгуулж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэг дорвитой арга хэмжээ аваагүй. Бид бусдыг буруутгах гэж ингэж хэлээгүй. Хүмүүсийн эрүүл мэндийг л хамгийн түрүүнд бодох хэрэгтэй болов уу.

Зураг