Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч алчуур зүүсэн нь маргаан дагуулж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Гюн Хи энэ өдрүүдэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсад айлчилж байна.

Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсаны дараанаас төлөвлөгдсөн энэ айчлалын нэг чухал асуудал нь ерөнхийлөгчийн хувцасны асуудал байлаа. Исламын улсад айлчилж байгаа эмэгтэй хүний хувьд Парк Гюн Хи толгойдоо хижаб өмсөх ёстой.

Энэ нь тухайн улсын шашин соёлыг хүндэтгэж байгаа асуудал мэт боловч Барууныхны хувьд хүний эрхтэй холбоотой эмзэг сэдэв юм.

Ираны талын дипломат албаныхан Парк ерөнхийлөгчийг хижаб өмсөхгүй бол улс төрийн харилцаанд асуудал үүснэ гэж сануулжээ. Учир нь ерөнхийлөгч Хассан Руханиг шүүмжлэгч, хуучинсаг сөрөг хүчин уг асуудлыг тэмцэлдээ ашиглаж болзошгүй гэнэ.

Өмнөд Солонгосын тал ч Ираны талын хүсэлтээр ерөнхийлөгчийнхөө хувцаслалтын асуудлыг нарийн хэлэлцээд хүзүү толгойг нь алчуураар халхлахаар шийджээ.

Энэ нь Иранчуудад таалагдсан бол Өмнөд Солонгосын зарим ажиглагчид хүчтэй шүүмжилж байна. Тухайлбал тэд Парк ерөнхийлөгч хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн төрийн тэргүүн гэдэг утгаараа ингэх албагүй гэж үзэцгээж байгаа юм.

Өмнө нь гадаадын дээд албаны хүмүүс Иранд зочлохдоо уламжлалыг дагаж хувцаслах тохиолдол байсан. Тухайлбал Италийн улс төрч Федерика Могерини , Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп нар айлчлахдаа алчуур толгойдоо зүүж байжээ.

Гэвч тэд бол бүхэл бүтэн улс орныг төлөөлөөгүй тул Парк ерөнхийлөгчтэй харьцуулах боломжгүй гэцгээж байна. Нөгөө нэг хэсэг нь ингэж Ираны соёлд хүндэтгэлтэй хандах нь хоёр талын эдийн засгийн харилцаанд сайнаар нөлөөлнө гэж хамгаалж байгаа юм.

Барууныхан хижаб өмсөхийг эмэгтэй хүнийг дорд үзсэн хэрэг гэж үзэх болсон бөгөөд Франц улс 2011 оноос олон нийтийн газар өмсөхийг хориглоод байгаа юм. Турк улс төрийн байгууллагын байран дотор болон их сургуулиудын байранд хориглосон байна.

 

Эх сурвалж: Korea Times