Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Нэг ч иргэн хувьцаагаа зарсан нь тогтоогдоогүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны хороо хамтран 1,072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

СЗХ-ны Хяналт, шалгалтын хэлтсийн орлогч дарга Т.Жамбаажамц "ЭТТ ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 

Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан.

Хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломжгүй.

ЭТТ ХК-ийн хувьцаа нь СЗХ болон Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа. Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломжгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

Өнөөдрийн хууль эрх зүйг орчны хүрээнд 1,072 хувьцааг арилжаалах боломжгүй. 

Ер нь бол ЭТТ компанийн хувьцааг таваар шиг гараас гарт дамжуулан гэрээ байгуулж зарж болохгүй" гэлээ.

Өнөөдрийн байдлаар ЭТТ компанийн хувьцааны: 

  • 83 орчим хувийг төр 
  • 17 орчим хувийг 2.5 сая иргэн
  • 0.06 орчим хуувийг 553 ААН эзэмшиж байгаа юм байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "1,072 хувьцааг зарж байна, худалдан авч байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж байгаа. Яг одоогоор нэг ч иргэн хувьцаагаа зарсан гэдэг нь албан ёсоор тогтоогдоогүй байна. Энэ бол ам дамжсан худал яриа.

Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагын зүгээс шалгалтаа үргэлжлүүлж, иргэдэд худал мэдээлэл тараасан этгээд, ААН байгууллагыг олж илрүүлэн холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Бүртгэлийн үй ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор худал мэдээлэл тараасан иргэн А гэгчийг ЧД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. 

1,072 хувьцааг худалдан авч байна гэсэн ташаа мэдээллээс үүдэн нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс ихээр цуглаж, нийгмийн дэг журам алдагдан, ойр орчмын оршин суугчдаас нь гомдол ирсэн" хэмээн ярилаа.