Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Азийн ТОП 10 нисэх буудал

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN

Skytrax-аас судалгаа хийж, дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг гаргахдаа тэд 106 орны, 13 сая зорчигчдыг оролцуулсан бөгөөд 550 гаруй нисэх буудлыг хамруулжээ.

Ингэхдээ тав тухтай байдал, угаалгын өрөө, үйлчилгээ, ажилтнуудын хэлний мэдлэг зэрэг өргөн хүрээний хүчин зүйлсээр тооцсон байна. Азийн топ 10 онгоцны буудалтай танилцацгаая.


10. Куала Лумпурын Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 45.7 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 10

Яагаад шилдэг вэ: Өмнөд Азийн хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудал бөгөөд Эйр Эжиа, Малайжн Эйрлайнс зэрэг томоохон авиа компанийн онгоцуудаар үйлчилдэг.

Малайзын нийслэлээс урагш 56.3 км-т оршдог нь авто зам болон галт тэргээр хүрэхэд хялбар байдаг. Мөн энэ нисэх буудалд бусдад байхгүй ширэнгэн ойн уур амьсгалыг хүрхрээтэй зохицолдуулсан засал чимэглэл бий. Үүнийг KLIA Boardwalk хэмээн нэрлэдэг.

9. Тайваний Таоюань Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 34 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 10

Яагаад шилдэг вэ: Тайваний нийслэл Тайпэйн захад оршдог Таоюань нь тус улсын хамгийн том олон улсын нисэх буудал юм.

Энэ буудлаас Чайна Эйрлайнс, ЭВА Эйрийн онгоцууд нисдэг.  Skytrax-ын үйлчлүүлэгчид тус буудлын талаар бичихдээ маш цэвэрхэн орчинтой, хилийн шалган нэвтрүүлэх нь хурдан үйлчилдэг хэмээн онцолжээ.

Таоюань нь Тайваний нисэхийн музейтай байсан хэдий ч өргөтгөлийн ажлаас болж жилийн эхэн үеэс музейн үйл ажиллагаа зогссон юм.

8. Бээжингийн Капитал Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 83.7 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 6

Яагаад шилдэг вэ: Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэйгөөр хоёрт эрэмбэлэгдэнэ. Тус нисэх буудал нь өдрөөс өдөрт өсөж буй Хятадын нийслэлийн хамгийн чухал газруудын нэг юм.

Үүнтэй холбоотой нисэх буудалд шинэ өргөтгөлүүд ихээр нэмэгдэж байна. Капиталын гуравдугаар терминал дэлхийн шилдэг 10 терминалын нэгт багтдаг.

7. Токиогийн Нарита Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 35.6 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 8

Яагаад шилдэг вэ: Энэ жагсаалтад багтсан Токиогийн хоёр нисэх буудлын нэг нь Нарита. Японы нийслэлээс гараад 50 орчим км явж Наритад хүрнэ. Энэ нисэхэд АНА, Жэпэн Эйрлайнс, Делта, Юнайтед зэрэг компаниудын онгоцууд үйлчилгээ үзүүлдэг.

Зорчигчид Наритаг найрсаг ажилтнуудтай, цэвэр цэмцгэр, хоолны сонголт сайтай гэж үнэлжээ.

6. Кансай Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 20 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 7

Яагаад шилдэг вэ: Осака аралд байрлах Кансай олон улсын нисэх буудалд АНА болон Жэпэн Айрлайнсын онгоцууд үйлчилдэг. Зорчигчдын бичсэнээр Кансай нь орчин үеийн архитекторын шийдэл, цэвэр цэмцгэр байдал, тусархаг үйлчлэгчидтэй гэдгээрээ онцлог. Мөн нисэх буудалд байдаг ажиглалтын тавцангаас зорчигчид нисэж байгаа болон бууж байгаа онгоцуудыг харах боломжтой.

5. Японы Олон улсын Төв нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 9.8 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 5

Яагаад шилдэг вэ: Японы Олон улсын Төв нисэх буудал нь Нагояа хотын ойролцоо хиймэл арал дээр байрладаг.  Цэнтрэйр хэмээх дуудлага нь түгээмэл хэрэглэгддэг бөгөөд Жэпэн Эйрлайнс, АНА-ын онгоцуудаар үйлчилдэг юм.

300 гаран метрийн урттай тавцангаас зорчигчид Нагояа боомтын усан завьнуудыг ширтэж болно. Мөн энд нар жаргахыг харангаа Японы уламжлалт халуун ваннд орох боломжтой.

4. Хонг Конгийн Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 63.1 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 3

Яагаад шилдэг вэ: Мөн л хиймэл арал дээр байгуулагдсан нисэх буудал. 1998 оноос хойш Хонг Конгийн нисэх буудал дэлхийд хамгийн их танигдсан газруудын нэг болоод байна. Азийн хамгийн хөл хөдөлгөөнтэй энэ буудалд Катэй Пэсифик, Хонг Конг Эйрлайнс, Драгонэйр зэрэг компаниудын онгоц үйлчилдэг.

3. Токиогийн Ханеда Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 72.8 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 4

Яагаад шилдэг вэ: Токио орчимд байрлах олон улсын хоёр нисэх буудлын нэг нь Ханеда юм. Японы нийслэлээс хэдхэн км-ийн зайд оршдог. Гол онцлог нь бизнес аялал болон Японоор аялах гэж байгаа жуулчдын буудаг газар юм. Хөл хөдөлгөөнөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд үйлчилгээний чанар, цэвэр цэмцгэр байдал, дэлгүүрүүдээрээ шилдэг нь.

2. Инчеоны Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 41.7 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 2

Яагаад шилдэг вэ: Өмнөд Солонгосын нийслэлийн хажууд орших арал дээр байрладаг. Инчеон бол Корэйн Эйр компанийн онгоцууд үйлчилдэг буудал юм. Хөл хөдөлгөөнөөрөө дэлхийд 24 дүгээрт жагсдаг. 2001 онд үүд хаалгаа нээж байжээ.

Тансаг зэрэглэлийн орчин, дэлгүүр, хоолны өргөн сонголттой. Мөн Солонгосын соёлыг сурталчлах урлагийн тоглолт, музей зэргийг үзэж болно.

1. Сингапурын Чанги Олон улсын нисэх буудал
 

Жилд үйлчлүүлдэг зорчигчдын тоо: 54 сая

Өмнөх жилийн эрэмбэ: 1

Яагаад шилдэг вэ: Дөрөв дэх жилдээ дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарсан. Энэ нисэх буудалд Сингапур Эйрлайнс, Силкэйр, Тайгерэйрын онгоцууд үйлчилгээ үзүүлдэг. Хөл хөдөлгөөнөөрөө дэлхийд 16 дугаар байрт орж байна. Хамгийн гол нь архитектурын гоёмсог шийдэл, чанартай үйл ажиллагаа, тансаг байдал, хоолны сонголт, дэлгүүр зэрэг нь зорчигчдоос хамгийн өндөр үнэлгээ авчээ.

Мөн кино театр, спа, мультимедиа дэлгэцүүд, тоглоомын талбай зэрэг сонирхолтой зүйлс бий. 

 

Эх сурвалж: BusinessInsider