Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэхэн нээгдсэн гарагуудад амьдрал байх хамгийн өндөр магадлалтай

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Амьдрал байх магадлалтай гурван шинэ гараг нээснээ эрдэмтэд зарлажээ. Эдгээр гарагууд нь манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд өөрийн одыг тойрон эргэлдэж байгааг Nature Geoscience сэтгүүлд өчигдөр буюу Даваа гарагт тайлагнасан байна.

Нээгдсэн гурван гараг нь TRAPPIST-1 хэмээх одой, хүйтэн одыг тойрон эргэдэг бөгөөд хэмжээний хувьд бүгд манай дэлхийтэй ойролцоо.

Тэдний нараа тойрон эргэх зай нь “амьдралд таатай” бүсэд тооцогдож байгаа. Мөн ус шингэн төлөвтэй оршин байх ч боломжтой гэнэ.

Хүйтэн од гэж байгаа ч гарагууд нь маш ойрхон тойрч эргэдэг, хэрвээ хүн эдгээр гурвын амьдрахад хамгийн боломжтой гараг дээр очвол тэнгэрт нь маш том улаан нар харах аж.

Бүр нөгөө хоёр гарагаа ч маш томоор, нарийн тодорхой харж болох юм байна. Тиймээс халуун, хүйтний тэнцвэр нь амьдрал орших боломжийг нээж өгч байгаа юм.

Их ойрхон учраас хоёр гараг нь нараа 1.5 болон 2.4 хоногт нэг бүтэн тойрдог. Гуравдахын тойрог зам нь одоогоор тодорхой болоогүй байгаа гэнэ.

Агаарын хэмийн хувьд Цельсийн -70-аас +70-ийн хооронд байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.

Ийм хүйтэн одууд нь удаан оршдог учраас түүнийг дагаад амьдрал бий болох явцад ч таатай орчин болох юм.  Учир нь амьдрал ч удаан хугацаанд хувьсаж бий болдог. Өмнө нь илэрч байсан амьдрал орших магадлалтай гарагуудаас энэ гурав нь манай дэлхийд илүү ойр, судлахад хялбар тул эрдэмтэд цаашдын судалгаагаар ихийг олж мэднэ гэсэн найдвар тавьж байна.

 
ТРАППИСТ одыг манай НАРТАЙ харьцуулбал

 

Эх сурвалж: Mashable