Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Сонинтогос: Бидний хувьд ATEC нь АСЕМ шиг өндөр дээд түвшний уулзалт юм

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 18-наас 23-ны хооронд Монгол Улсад анх удаагаа Дэлхийн Театрын Боловсролын II чуулган, Азийн Театрын сургуулиудын IV фестиваль зохион байгуулах гэж буй СУИС-ийн ерөнхий захирал, доктор, профессор Э.Сонинтогостой ярилцлаа.

- Юуны өмнө Азийн театрын боловсролын төв буюу ATEC-ын талаар танилцуулахгүй юу?

- Анх Бээжингийн Драмын академи, Япон, Солонгос хамтран тус төвийг байгуулсан. Тус төвөөс хоёр жилд нэг удаа бүрэн хэмжээний буюу Дэлхийн Театрын Боловсролын чуулган, Азийн Театрын сургуулиудын фестиваль зохион байгуулдаг уламжлалтай. 

 

Азийн Театрын Боловсролын төв нь Ази, Номхон далайн орнуудын театрын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 17 гишүүн оронтой. Үүнд Ази төдийгүй Колумби, АНУ-ын театрын сургууль ч гэсэн нэгдсэн. 

- СУИС-ийн хувьд хэзээ гишүүнээр элссэн бэ?

- 2009 онд эхлээд ажиглагчаар орсон. 2013 он хүртэл жил бүр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн.  

Тухайлбал, 2010 онд Ж.Лхамхүү багштай жүжигчний 3А, Б.Мөнхдорж багштай жүжигчний 3Б курсийн хамтарсан А.П.Чеховын “Хэтэвч”, 3 багш, 8 оюутан оролцож, жүжигчний 3А курсийн оюутан Э.Чинзориг “Шилдэг жүжигчин”, жүжигчний 3Б курсийн оюутан Д.Отгонбаяр “Шилдэг дүр”-ийн шагналуудыг тус тус хүртсэн. 2015 онд М.Ариунжолоо, тайзны хөдөлгөөний багш У.Эрдэнэбаяр, туслах багш Ч.Энхтуяа нар Марша Норманы “Тайван нойрсоорой, ээжээ” пластик жүжгээрээ амжилттай оролцож байсан. Ийнхүү 2009 оноос эхлэн гишүүнээр элсэх бэлтгэлийг багш нар маань сайн хангасан гэж хэлж болно.

Мөн АТЕС-ээс Монголын театрын урлагийн сургалтын түвшинг сайн байна гэсэн үнэлгээ  өгсөн. 

Ингээд 2013 онд Монгол Улсын СУИС-ийг  албан ёсны гишүүнээрээ элсүүлсэн юм. 

- Энэ удаагийн фестивалийг Монгол Улсад зохион байгуулах болсон тухайд болон ач холбогдлын талаар тодруулан хэлж өгнө үү?

- 2015 онд Колумби улсад болсон ATEC-ээс "Монгол Улсад Дэлхийн Театрын Боловсролын II чуулган, Азийн Театрын сургуулиудын IV фестивалийг зохион байгуулах боломжтой юу" гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Тухай үед Монголын театрын хөгжлийг үнэлж, итгэл хүлээлгэн санал тавьж байгаад баярласан ч холбогдох хүмүүстэйгээ ярилцаж байгаад хариу хэлье гэсэн. Ингээд БСШУЯ болон манай бусад байгууллага хүмүүс саналыг талархан хүлээн авч ийнхүү бид эх орондоо зохион байгуулах болсон юм.

 
Улаанбаатарт болох наадмын сэдэв: "Орчин үед сонгодог жүжгийг хэрхэн нутагшуулах вэ"

Үйл ажиллагаа нь:

  • Азийн театрын сургуулиудын фестиваль /Найман орноос 8 жүжиг оролцох мэдүүлгээ ирүүлсэн. Монгол Улсаас СУИС-ийн Н.Наранбаатар найруулагчийн ангийн жүжиг оролцохоор шалгараад байна. Фестивалийг Герман, Кипр, Англи, Норвеги, Япон улсын шүүгчид шүүх болно/
     
  • Дэлхийн театрын боловсролын эрдэм шинжилгээний хурал, ерөнхий ассамблейд 17 орны эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэх болно.
     
  •  Захирлуудын уулзалт
     
  • Мастер класс үзүүлэх нээлттэй хичээлүүд болно.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн дэргэдэх Театрын байгууллагын төвийн ерөнхийлөгч  болон найман орны оюутан, 15 орны эрдэмтэн багш, судлаач нийт 100 гаруй зочин төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн ирнэ. 

Ач холбогдол:

  • Нэгдүгээрт, улс орноо дэлхийд сурталчлах.
     
  • Хоёрдугаарт, багш, оюутнууд маань фестиваль, уулзалтуудад оролцож харилцан туршлага солилцохын дээр хамтран ажиллах, анд нөхдийн холбоо тогтоох юм. Улмаар дэлхийн театрын урлагийн хөгжил, манай улсын сургалтын түвшин, ур чадвар ямар түвшинд байгааг мэдэх, суралцах бүрэн боломжтой.

​Бидний хувьд ATEC нь АСЕМ шиг өндөр дээд түвшний уулзалт хэмээн үзэж  СУИС-ийн эрдмийн хамт олон хөтөлбөрийн хүрээнд болох бүхий л ажил, асуудалд нэн анхааралтай хандаж, бэлтгэлийг сайн хангаж байна. Ажлын хэсэг гишүүн байгууллага, сургуулиудад урилга илгээхээс эхлэн, орчин үеийн театрын сургалт, судалгаагаар мэргэшсэн шүүгчдийг сонгох, хотын аялал зохион байгуулах, байрлах байр бэлдэх гэх мэт ажлыг хагас жилийн өмнөөс хийж эхэлсэн.

Монголын БСШУЯ болон  ATEC нь бидний эдийн засгийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа.

- Фестивалийн өдрүүдэд болох тоглолт, уулзалтуудад сонирхсон хүмүүс оролцох боломжтой юу?

- Мэдээж хүн бүрт нээлттэй. Бид тодорхой хэмжээний зардал гаргаж байгаа учир фестивальд тоглогдох жүжгүүдийг багахан хэмжээний төлбөртэйгөөр үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Аль болох олон хүн оролцож, сонсоосой гэж хүсч байна.

Бид нэгэнт зохион байгуулахаар болсон учраас маш сайн зохион байгуулахыг хичээж байна. Илтгэл болон дүгнэлтүүдийг нэгтгэсэн ном гаргаж нийтийн хүртээл болгоно.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.