Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол шуудан"-гийн хувьчлал "булган сүүл" бус асуудал дагуулав

А.Алиман
2016 оны 5 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

“Монгол шуудан” төрийн өмчит компанийн 34 хувийн хяналтын багцыг энэ оны нэгдүгээр сард худалдан авсан “Ард санхүүгийн нэгдэл" төртэй төдийлөн ойлголцохгүй байгаа бололтой.

Төрийн эзэмшилд үлдсэн 66 хувийг төлөөлж буй Сангийн яамны оролцоо тус компанийн ТУЗ-ийн үйл ажиллагаанд давамгай байгаа учраас “жижиг хувьцаа эзэмшигч”-дийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага үүссэн талаар “Ард санхүүгийн нэгдэл”- ийг санаачлагч Ч.Ганхуяг сошиал сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаад байгаа юм.

"Монгол шуудан”-гийн хувьчлал нь төрийн өмчийг анх удаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах шинэ жишиг, түүхийг эхлүүллээ хэмээн сурталчилж, “булган сүүлтэй” байхыг ерөөсөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үнэт цаасны арилжаа нээх цанг цохиж байсан баярт мөч алсарч, өнөөдөр бодит байдал нүүр тулжээ.

Дээрх хувьчлалын дараа “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийн хяналтын багцыг худалдан талыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч баяр хүргэхтэй зэрэгцэн “Ард санхүүгийн нэгдэл’’-ийн хатагтай Ж.Оюунгэрэл “Компанийн засаглал, удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат бусаар ажиллах шаардлагатай байгаа учраас төрөөс энэ боломжоор хангаж ажиллахыг хүсч байна” хэмээн онцолж байлаа.

Үнэхээр ч түүний сануулж байсанчлан өнөөдөр Сангийн яам бүхнийг шийдэх болсон учраас Ч.Ганхуяг Ерөнхий сайдад захидал бичжээ.
Түүний захидалдаа дурдсанаар бол асуудал “Монгол шуудан" ХК-ний ТУЗ-ийн гишүүдийг сонгох үеэс л эхэлжээ. Тэрбээр бичихдээ “ТУЗ-д хувийн хэвшлээс нэр дэвшсэн хоёр хүн сонгогдсон юм шиг өнгөн дэрээ харагдавч, хараат бусаар сонгох хуулийн заалтыг уландаа гишгэн байж, хуйвалдааны маягаар хүч түрэн сонгосон.

Цаашлаад бусад гишүүдийг ч танил талын хүрээнд сонгосон нь хуучнаа тавихгүй, бахь байдгаараа бид ажиллана гэсэн дохио боллоо. ТУЗ-ийн даргаа хараат бус нэг туршлагатай хүнээрээ хийлгэе гэхэд Сангийн сайдын удирдамжаар далайлган төрийн албан хаагчийг шууд дээрээс томилсон нь удаах алдаа болсон. Ажил хийх гэж орж ирсэн юм чинь үүнийг бас орхиод хамтраад ажиллаад үзье гэж бодоод ажиллаж үзлээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуулийн дагуу хийе, дүрмэндээ өөрчлөлт оруулъя гэж ТУЗ нь ажиллаж, нэгэнт төрд 66 хувь ногдох юм чинь жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс хурлын ирцийн босгоо 75 хувиар, шийдвэр гаргах босгоо мөн 75 хувиар тогтооё гэж ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн билээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болоход Төрийн төлөөний этгээд маань Сайдын удирдамж ирлээ гэж тэрхүү зарчмын хоёр саналыг унагаасан нь Засгийн газар 66 хувиараа 51 хувийн ирцээ ч бүрдүүлж, 51 хувиар шийдвэрээ ч гаргаж ажиллана гэж тунхаглалаа’’ хэмээн Ч.Ганхуяг бичжээ.

Энэ байдал хөрөнгө мөнгөө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэлийг нэг мөр үгүй хийж, төр хувийн хэвшлийн түншлэл гэх сайхан яриа тунхгаас цаашгүйг харуулж байна хэмээн тэрбээр дүгнэсэн байна.

“Монгол шуудан” ХК-ний хяналтын багц 34 хувийг эзэмшиж буй “Ард санхүүгийн нэгдэл"-ийн үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ийн дарга нь Ж.Оюунгэрэл бөгөөд хаалттай хувьцаат компани хэлбэрээ ажилладаг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоонд МАК, MCS зэрэг компани багтдаг.

Эндээс харвал МАН-ын санхүүжүүлэгчид "Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа гэж хэлж болно. Тэрчлэн Монгол шуудангийн хувьчлалд "Ард санхүүгийн нэгдэл” дангаар 34 хувийг авах санал гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо тухайн үед зөвшөөрөөгүй боловч нэмэлт хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан гаргах зөвшөөрлийг тус хорооноос өгсөн байдаг.

Одоогоор энэхүү 34 хувийг “Ард санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан 350 гаруй жижиг хувьцаа эзэмшигч хамтран эзэмшиж байгаа ч дараагийн ээлжинд хоёрдогч зах зээлд хувьцаа худалдах замаар 34 xyвийн хяналтын багц нэг гарт төвлөрүүлэх болсон нээлттэй байгаа юм.

Сүүлийн арван жилийн үзүүлэлтээр ашгийн үзүүлэлт хэлбэлзэл хэдий ч тогтмол өсч ирсэн “Монгол шууд компанийг төртэй хамтран эзэмшихээр хувийг нь авсан талд шуудангийн салбар ирээдүйн хөгжил, ашгийн үзүүлэлт чухал аль эсвэл хотын А бүс дэх газар нь чухал гэсэн асуулт ч хувьчлалын эргэн тойронд өрнөж байсан.

Харин цаашид тэд төртэй ойлгож чадах эсэх нь тодорхойгүй харагдаж байна. Уг нь төр 2015-2016 онд нэлээн хэдэн төрийн өмчит аж ахуйн нэгжийг "Moнгол шуудан”- г хувьчилсан шигээ хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар төлөвлөж байгаа юм.

Тухайлбал, "Дулааны цахилгаан станц-4", Дулааны цахилгаан станц-3, Дулааны цахилгаан станц-2, мөн Дархан болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийг тус тус хувьцааны 70 хувь нь төрд үлдэх  нөхцөлтэйгөөр Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар тогтоол баталсан.

Тэгвэл төрийн өмчийг хувьчлах шинэ жишиг хэмээн тунхагласан “Монгол шуудан” ХК-н хувьчлал араасаа асуудал дагуулаад эхэлбэл дараа дараагийн том үйлдвэрүүдийг төрт хувааж эзэмших хөрөнгө оруулагч олдох эс нь эргэлзээтэй л юм.

Зураг