Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд хэвлэлийн эрх чөлөөний индексээр ЗУРГААН БАЙР УХАРЧЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн зарласнаас хойш өдгөө 23 жил өнгөрчээ.

“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” уриа үгийн дор энэ жил дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

2016 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж байгаагаараа онцлогтой ажээ.

  1. Одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутаг дээр дэлгэрсэн,
  2. Хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх Виндхукийн Тунхаглал батлагдсаны 25 жилийн ой,
  3. Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг 2016 оноос эхэлж байна.

Мөн ЮНЕСКО-гийн 2016 онд дараах гурван сэдвийг дэвшүүлж, дэлхий нийтээрээ хэлэлцүүлж байгаа юм.

  1. Мэдээллийн эрх чөлөө болон тогтвортой хөгжил;
  2. Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хяналт болон хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хамгаалах нь;
  3. Онлайн болон офлайн орчин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА МОНГОЛ

“Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг бөгөд уг индексд дэлхий нийтээр өндөр ач холбогдол өгч байдаг.

2016 оны хувьд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт жагсжээ. Энэ нь өнгөрсөн 2015 оныхоос зургаан байр ухарсан үзүүлэлт юм.

ГРАФИК:

2015 онд Хэвлэлийн зөвлөл байгуулагдсан нь Монголын хэвлэлийн эрх чөлөөний индексийг сайжруулсан үзүүлэлт болжээ. Мөн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийнх болсноор энэ үзүүлэлтийг сүүлийн жилүүдэд сайжруулсан гэж тайланд дурджээ.

Харин хууль эрх зүйн төгс бус орчин, цензур, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан хуулийн зүйл заалтууд нэмэгдсэнээр олон вэб сайт блоклуулсан нь үзүүлэлтийг хойш татах шалтгаан болсон байна.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр Финланд тэргүүлж байгаа бол Нидерландчууд хоёрдугаарт жагсжээ.

Харин манай урд хөрш энэ үзүүлэлтээр 178 дугаарт жагсаж, хэвлэлийн эрх чөлөөгүй орны тоонд оржээ. Хойд хөршийн хувьд 148 дугаар байрт орж мөн л хэвлэлийн эрх чөлөөгүй орнуудын нэгд тооцогдсон байна.

БНХАУ-ын хувьд олон нийтийн сүлжээг хязгаарладаг бөгөөд төрөөс гадагш урсах мэдээлэлд цензур тавьдаг. Мөн бие даасан сэтгүүлч Гао Юуг баривчилсан зэрэг нь хэвлэлийн эрх чөлөөгүй орнуудыг тэргүүлэхэд хүргэсэн шалтгаан юм.

Харин ОХУ-ын хувьд хэвлэлийн эрх чөлөөтэй орон биш ч өмнөх жилээсээ дөрвөн байраар урагшилсан нь сайшаалтай.