Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.ЧИНБАТ: Хөдөө аж ахуй бол Монголчуудыг тэжээх дараагийн үүц юм

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат

Хаврын тариалалт аль хэдийнээ эхэлж завгүй ажиллаж байх ёстой тариаланчид хотод яамны үүдийг сахиж тодорхой хэдэн асуудалд шийдэл хүлээсээр байна. 

Өнгөрсөн намраас эхлэн өөрсдийн асуудлыг ойлгуулахыг хичээсэн тэд өнөөдрийг хүртэл салбарын яамтайгаа ойлголцож чадахгүй байсаар хаврын тариалалттай нүүр тулжээ. 

Зээл, импортын квот, үнийн асуудлыг хөөцөлдөж байсан газар тариалан эрхлэгчид өнөөдөр шинэ асуудалтай тулгарсан нь үрийн улаан буудайн чанар, аюулгүй байдал. 

Яамнаас үрийн улаан буудайгаа авч тариалалтаа эхлүүлэх ёстой тариаланчид Монгол Улсын чанар стандартыг хангаагүй үр хөврөлийн өвчтэй гэсэн үрийн буудай авч тариалах ёстой шинэ хүндрэлтэй нүүр тулсан байна. 

Энэ салбарт чухам яг юу болоод байгаа талаар “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны УЗ-ийн гишүүн, "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбаттай ярилцлаа. 


- Ашиг багатай мөртөө хэл ам ихтэй хүнс, хөдөө аж ахуйн салбар руу “Гацуурт” компани чухам яагаад орох болсон юм бэ?
- 20 жилийн өмнө Монголчуудын хамгийн чухал зүйл юу юм бэ гэдэг тал дээр хүмүүстэй санал бодлоо уралдуулж эрэл хайгуул их хийдэг байлаа.

Энэ үед бидний аминд тулчихсан гол асуудал хүнс юм байна гэдгийг ойлгосон. 

Маш их өртөг зардалтай, ачаалалтай энэ салбар руу орчихоод гарахгүй байгаа нь бид маш том зорилго тавьсантай холбоотой. Хөдөө, аж ахуй, газар тариалан гэдэг бол Монголчуудын хамгийн чухал салбар. Монголчууд малчин удамтай ард түмэн. Бидний хийж чаддаг зүйл мал маллах. Түүнээс бид уурхайчид биш. 

Дээрээс нь хүнс гэдэг Монгол үндэстэн оршин байх уу, байхгүй юу гэдгийг шийдэх зүйл. 

Хүнсний аюулгүй байдал муугийн эцсийн цэг дээр туллаа гэж яригдаж байх үед энэ салбарт бид хөрөнгө оруулалт хийсэн. 

Мах, сүү, гурил, будаа, хүнсний ногоо гэсэн үндсэн таван зүйлийг ядаж дотооддоо үйлдвэрлэдэг, тарьдаг болъё гэсэн зорилго тавиад бид явж байгаа. 

Энэ зорилгынхоо тодорхой үр дүнд ч хүрч байна.  Өнөөдөр “Гацуурт” Монгол Улсын 300 мянган иргэний бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангах улаан буудай, хүнсний ногоог тарьж чадаж байна. 

300 мянган иргэний нэг жилийн хэрэгцээг нэг компани хангана гэдэг маш том амжилт. Бид хийе бүтээе гэсэн зүйлийнхээ тодорхой хэмжээнд хүрсэн. 

Гэхдээ том зорилгынхоо ердөө 20 хувьд л явж байна.

- Энэ салбар дахь сууриа л тавьсан гэсэн үг юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Бидний зорилго том.

Тиймээс хүмүүс намайг юу гэж хэлэх надад нэг их хүртээлтэй биш.

Ямар ч байсан Монголын хөдөө аж ахуй бол дараагийн “Таван Толгой”, “Оюу Толгой”, дараагийн Монголчуудыг тэжээх үүц юм. 

Монгол мах, сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргаад, дэлхийн нийт хэрэгцээний тэдэн хувийг хангадаг гэсэн тоон мэдээг хараад сууж байх миний зорилго. Ингэхийн тулд би өөрийнхөө чадах бүх зүйлийг л хийнэ. 

- Та хүнс, хөдөө аж ахуйн салбар руу ороод 17 жил болж байгаа юм байна. Гэтэл өмнө нь огт хөндөгддөггүй шахуу байсан энэ салбар сүүлийн хоёр, гурван жил хамгийн их улстөрждөг, талцал хуваагдалтай болчихлоо. Яагаад вэ?
- 2008 оныг хүртэл 10 жил энэ салбарт ажиллахдаа Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамаар нэг ч орж үзээгүй. Өмнөх ажлаа л хийгээд явсан. 2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр “Атрын III аян” гээд манай компанийн ажилтай танилцах үед л компани маань нийтэд ил болсон. Энэ хүртэл бид чимээгүй л өөрсдийн ажлаа хийгээд явсан. 

Тухайн үед сайд нар газар тариалангийн салбарыг тодорхой хэмжээнд мэддэг, ойлгодог байсан учраас  гурил үйлдвэрлэгчид, тариаланчид гээд энэ салбарын бүх оролцогчийг нэг дор суулгаж байгаад шийдчихдэг байсан. Салбар дотроо асуудлаа шийдэж чаддаг байсан учраас ингэж олны анхааралд өртөж хэрүүл тэмцэл болдоггүй байж. 

Монгол Улс сүүлийн 20 жил импортын буудай авахгүй болоод байсан. Тэгэхээр маргааны гол асуудал нь энэ импортын буудайтай холбоотой. 

Тариаланчид улсын дотоод хэрэгцээг бүрэн хангачихсан байхад импортын буудайг оруулж ирэх санааг хэн, яагаад гаргасан юм бэ. 

Ерөнхий сайд нь хүртэл үндэсний телевизээр 80 мянган тонн буудай импортоор оруулж ирэхгүй л бол болохгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл үүний 20 мянган тонн л орж ирсэн. Ямар нэгэн дутагдал үүсээгүй. 

Тэгэхээр импортын буудай дагалдсан бизнесээс л үүдэлтэй энэ салбар хагаралд ороод байна. 

 

УЛС МАНАЙ КОМПАНИАС ҮХЭР Л АВЪЯ ГЭДЭГ САНАЛЫГ ТАВЬСАН

- Салбарын сайд нь таныг гурван тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй талаар зарласан. Энэ мэдээлэл үнэн үү?
- Яагаад энэ яриа үүссэн юм бэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. 2008 онд Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас санаачлага гаргаж манай хэрэгжүүлж байгаа төслийг дэмжиж оролцоё гэсэн юм.

 Монгол Улсын хэрэгцээг хангах улмаар дэлхийн зах зээлд мах, сүүн бүтээгдэхүүнээрээ гарч “Оюу Толгой”-н хэмжээний ашиг орлогыг энэ салбараас олъё гэсэн мега төслийг бид эхлүүлсэн. Энэ төслөө эхлээд миний хувьд 2008 он хүртэл салбарын яамтай ямар ч харилцаа холбоо байхгүй явсан. 

Анх удаа буюу 2008 онд ХХААЯ “Та бүхэн хөдөө аж ахуйн салбарт үнэхээр их зүйл хийсэн юм байна. Тэгэхээр энэ чиглэлээр бид яаж хамтарч ажиллаж болох вэ” гээд биднийг яамныхаа коллегийн хуралдаа урьж оролцуулсан. Энэ хуралд би өөрийнхөө хийж байгаа ажлаа танилцуулсан. Тухайн үед бид 500 гаруй цэвэр үүлдрийн үхэр гаргаж авсан байсныг яам дэмжье гэсэн. Учир нь манай улс 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг малын үржил селекцийг сайжруулахад  хийсэн ч нэг ч цэвэр үүлдрийн үхэр гаргаж авч чадаагүй дампуурсан юм билээ.

- Төр 40 тэрбум төгрөг гаргаад үр дүнд хүрээгүй гэсэн үг үү?

/Зургийн тайлбар: "Гацуурт" компанийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь зарим бүтээн байгуулалт, ажлуудаас .../

 


- Тийм. Төр ийм хэмжээний хөрөнгө гаргаад ямар ч үр дүнд хүрээгүй байсан. 

Гэтэл “Гацуурт” маш өндөр түвшний алсын зорилготой төслөө яамныханд танилцуулсан. Бидний хэрэгжүүлж байсан 400 орчим тэрбум төгрөгийн төслийн ердөө нэг  хэсэг нь энэ үхрийн үүлдрийг сайжруулах ажил байсан юм.

Бид 10 жил зүтгээд 500 гаруй цэвэр үүлдрийн үхэр гаргаж авсан байсан. Төр энэ ажлыг  үнэхээр дэмжих боломжтой гэвэл 20,000 цэвэр үүлдрийн үхэр худалдаж авч өгөх юм бол бид буцаагаад 100 мянган үхэр нийлүүлье гэдэг санал тавьсан.  Алсдаа Монгол Улс 10 сая үхэртэй болох боломжтой. 10 сая үхэрнээс Монгол Улс “Оюу Толгой” төслийн олж байгаа шиг тогтмол орлоготой болно гэж үзсэн. 

Энэ төсөлд хамрагдаж байгаа хүн хүч, ажиллаж байгаа ажиллах хүч нь бүгд Монгол хүн байх юм. Төсөл хэрэгжүүлэгч нь Монгол хүн, төслийн ажилчид нь Монгол хүн. Дээрээс нь үр шимийг нь хүртэх гэж байгаа хүмүүс нь Монгол хүмүүс. Ийм төсөл танилцуулаад яамныхан УИХ-д танилцуулаад тэр жилдээ нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олдсон. УИХ-аас энэ 20,000 үхэр гэдэг тоог нэлээд багасгасан. 

Улсын гаргах нэг тэрбум төгрөг бол үхэрнүүд Монголд ирэх л зардал.  Харин бид үхэрнүүдээ худалдаж авах, тэжээх зэрэгт найм орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан. Улсын энэ нэг тэрбум төгрөгийг буцааж өгөх тодорхой хугацаатай. 

Үхрийг тугал байхад оруулж ирдэг. Тугалаа шүдлэн болгоод бух тавиад төрсөн тугалыг нь улсад 2015 оноос эхлээд 60, 60-аар  нь цувуулаад өгье гэсэн гэрээ хийсэн юм. 

Ямар ч мөнгө төгрөгний асуудал энд байхгүй. Яагаад гэхээр энэ нь үхэр өсгөх гэж байгаа гэрээ. Улс манай компаниас үхэр л авъя гэдэг саналыг тавьсан. Энэ гэрээ энд байна. Хамгийн анхны гэрээ нь энэ. 

Р.Бурмаа сайдын мөнгө аваад өгөхгүй байгаа гэж нийтэд зарлаад байгаа  зүйл чинь энэ. Төлбөр төлөгдөж дуусаагүй. Эхний 60 үхрийг 2015 оны долоодугаар сар буюу хугацаандаа өгчихсөн. Хүлээлгэж өгсөн баримт ч бас байна. Дараагийн хэсэг үхрээ хүлээлгэж өгөх хугацаа нь болоогүй байна. Ийм л зүйлийг ингээд зарлаад явж байна. 

Гэрээ 1 зураг:

 

 

 

Би энэ асуудалд Р.Бурмааг буруутгамааргүй байгаа юм. Р.Бурмаад энэ асуудлыг буруу ойлгуулсан тэр хүмүүс асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Сайдыгаа буруу мэдээллээр хангасан хүмүүсийн буруу шүү дээ.

- Та өөрөөсөө их хэмжээний хөрөнгө гаргаад цэвэр үүлдрийн үхэрнүүд улсад тушааж өгөөд байгаагийн ашиг нь юу вэ. Дээрээс нь гүтгүүлэн барин энэ ажлыг хийх шаардлага байна уу?
- Бидний гол зорилго монгол малын үр ашгийг нэмэгдүүлж хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэдийг тогтвортой орлоготой болгоход л оршиж байгаа. Анх ямар зорилгоор энэ төслийг эхлүүлсэн түүнийхээ дагуу л ажиллаад явж байгаа юм. 

Хөдөө аж ахуйн салбар цогцоороо хөгжих ёстой. Монголчууд мал маллаж чаддаг гэсэн мөртөө залуу үе нь малаасаа зугтаагаад байна. Орон нутгийн иргэд тогтвортой орлоготой болоод орон нутагтаа эзэн болоод явах ёстой. 

"Бүгдээрээ хамтраад хийцгээе гэдэг зүйлийг энэ ярилцлагаар бас хүргэмээр байна" 

Бидний төсөөллөөр 500 сая долларын өртөгтэй төслийг хөдөө аж ахуйн салбарт цогцоор нь хэрэгжүүлэх юм бол 10 жилийн дараа Монгол Улс “Оюу Толгой”-той тэнцэх хэмжээний орлогыг олох боломжтой болно. 

Үүний үр шимийг малчин айл болгон хүртэх учиртай. Бид нар энэ ажлаа л хийж байна. Яамтай хамтарч хийж байгаа энэ зүйл бол ердөө нэг хэсэг нь.

 Бид нар лабораториа байгуулаад айлуудад үхэр өгөөд малынх нь эмчилгээ, хээлтүүлгийг хариуцаад явж байгаа. Цаашдаа орон нутагт нь мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхэлдээ том цогц төсөл явж байгаа юм. Үүнийг бид ганцаараа хийхгүй. Бүгдээрээ хамтраад хийцгээе гэдэг зүйлийг энэ ярилцлагаар бас хүргэмээр байна.

- Эхний нэг тэрбум төгрөг ийм учиртай байж. Тэгвэл үлдсэн хоёр тэрбум төгрөг нь ямар учиртай вэ?
- Хоёр тэрбумын гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд хийсэн. 2017 оны аравдугаар сараас эргэн төлөгдөж эхлэх ёстой гэрээ байгаа юм. 

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ гурван тэрбум төгрөг бол зээл биш санхүүжилт. Эргэн төлөгдөх нөхцөл нь мөнгө биш үхэр. 

Уг нь хоёр дахь гэрээг эргэн төлөх ёсгүй гэрээ хийсэн ч биднийг дарамталж байж гэрээг өөрчлүүлсэн. Юу гэхээр анхны гэрээ эргэн төлөх нөхцөлтэй хийгдсэн. Тиймээс хоёр дахь гэрээ ч энэ зарчмаар тендер нь зарлагдаад манайх шалгарсан юм. 

Ингээд 400 үхэр оруулж ирэхээр яамтай гэрээ хийгээд хоёр тэрбум төгрөг авахаар болсон. Франц руу 400 үхэр захиалаад тавдугаар сард нь Монголд ирэх ажлыг зохион байгуулсан. 

Үхэр орж ирэх болчихсон байхад Сангийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам гэрээн дээрээ маргаад “хэвтчихсэн”.  Эцэст нь, энэ хоёр тэрбум төгрөгийг танайд хөрөнгө оруулалтын буюу эргэн төлөгдөхгүй зарчмаар хийхээр боллоо гэсэн. Гэтэл засаг солигдоод бидний гэрээг хууль зөрчиж байна гээд дахиад буцаж төлөх нөхцөлтэй гэрээ хий гэсэн. Эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ хийхгүй л бол мөнгийг чинь төлөхгүй гэж биднийг дарамталсан. 

Бид мөнгөө авахын тулд гэрээгээ дахиад өөрчилсөн. 

Миний хувьд үнэхээр хэлэх үг олдохгүй нь. 

Гэрээ 2 зураг:

 
 

 

Яагаад гэхээр энэ төр засгийнхан хоорондоо учраа олж чадахгүй байх энэ хугацаанд би 200 мянган еврогийн алдагдал хүлээсэн. Тухай үед 400 үхрээ хүлээж авах гээд хоёр онгоц захиалчихсан байсан. Гэтэл энэ хэрүүлийг хийж явсаар байгаад асуудлыг есдүгээр сард нь шийдсэн. Тавдугаар сард авах ёстой байсан үхэрнүүд чинь есдүгээр сард авахад сар болгон жин нэмсээр байгаад 250 кг жинтэй байсан нь 650 -700 кг жинтэй болчихсон. Ингээд 400 үхэр авах байсан нь 176 болчихож байгаа юм. Энэ дунд улс ч хохирсон. Миний хувьд ч хохиролтой балай зүйл болж байгаа юм. 

Ингээд бид хоёр дахь ээлжний үхэрнүүдээ авчраад мөн л 10 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаад арчилж тэжээгээд явж байгаа. 

Хэн ч ямар ч эдийн засгийн тооцоо хийгээд үзвэл “Гацуурт” компани энэ төслөөс ашиг хийгээгүй. Ашиг олдог байсан ч тэр нь 30, 40, 50 жилийн дараа олох байх. Хамгийн гол ашиг нь Монгол Улсын хэдэн сая малын үүлдрийг сайжруулах явдал юм. 

 

ЯАГААД Р.БУРМАА БИДНЭЭС УУЧЛАЛТ ГУЙЖ, ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА ВЭ 

- Тариаланчид сайдтайгаа уулзах гээд яаман дээр нь хүлээгээд уулзаж чадаагүй. Та бүхэн ямар шийдэлд хүрч байна вэ?
- Малчид малынхаа 10 хувийг алдахад улс онц анхаарал хандуулаад бүгдээрээ тусламж дэмжлэгийн аян өрнүүлдэг. 

Гэтэл тариаланчид ургацынхаа 80 хувийг алдахад яагаад онц байдал зарлахгүй байна вэ. Хэрвээ намар онц байдал зарлаад анхаарлаа хандуулсан бол тухайн үеэсээ асуудлаа шийдээд явах боломж байсан. Хамгийн гамшигтай зүйл нь бид ургац алдахгүй гэж маргасаар байгаад ургацаа алдчихсан. Алдчихсан хойноо ч арга хэмжээ авсангүй. 

Нэгэнт ургацаа алдчихсан тохиолдолд одоо яах вэ гээд яаманд тодорхой хэдэн хүсэлтийг гаргасан. 

Нэгдүгээрт, импорт, экспортын квотын зөвшөөрлийг бид нарт олгооч. Бид нар хариуцлагаа хүлээе. Дотоодын хэрэгцээгээ зарлаач ээ гэж байгаа юм.

Хоёдугаарт,  өнгөрсөн жил Дорнод Сибирь, Орос, Хятад бүгдээрээ ган болсон учраас үрийн буудай онц байдал зарлахаар болчихлоо. Ирэх жил (2016 онд) 40 орчим мянган тонн үрийн буудайны дутагдалд орно гээд би өнгөрсөн жил ярилцлага өгсөн. Тийм учраас үрийн буудайгаа эртнээс анхаараач ээ гэж хэлсэн. Үүний дагуу Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сард  20 тэрбум төгрөгийг шийдээд өгчихсөн. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй вэ. 

Хэдхэн хоногийн өмнө дөнгөж хоёрхон мянган тонн буудай л орж ирчихээд байна. Юу гэсэн үг вэ. 

Үр бол хамгийн чухал. Үрнээс бүх зүйл хамаарна. Газар тариалангийн амьдрал бол нэг жилийн өмнө мөнгөө хийгээд хоёр дахь жил дээр нь тариад гурав дахь жил дээр нь мөнгөө олж авдаг. Ийм онцлогтой учраас бид урьдчилж асуудлыг хараад шаардаад байгаа юм. 

Манай компани яамнаас даруй 20 жилийн өмнө нь алхаж явж байгаа. 

Манай компани яамнаас даруй 20 жилийн өмнө нь алхаж явж байгаа. 

ОХУ гэхэд өнгөрсөн жил ургац алдаад тариаланчиддаа намар нь мөнгөн санхүүжилт өгчихсөн. Намар нь санхүүжилт өгдөг нь тэд ажлаа намраас эхлээд л бэлдэх ёстой байдаг. 

Яаманд ядахдаа төлөвлөгөө байхгүй. Энэ яам ямар ч ажил хийгээгүй. 

Улсад уг нь мөнгө нь байгаа юм. Дээрээс нь бидний зээлийг өгөхгүй ямар нэг арга саам хэрэглээд байгаа нь улсад үр нь байхгүйтэй холбоотой. 

Учир нь бид зээл авчихвал “Үрээ авъя” гээд яамнаас нэхэх учраас зээлийг ямар нэгэн шалтгаанаар л хойшлуулаад байна. Ингэж, ингэж тариаланчид хагас нь тариад, хагас нь тарьж чадахгүй болонгуут өнөөх л импортын буудайгаа оруулж ирэх гэж байна. Ийм хоёр том шалтгаан байна. 

- Танай холбооны нэр бүхий гишүүдэд энэ зээлийг өгөхгүй гээд байгаа нь ийм шалтгаантай байсан хэрэг үү?
- Тийм. Гэхдээ энэ зээлийг Р.Бурмаа өгөх, өгөхгүйг шийдэхгүй гэж бодож байна. Би ч бай өөр компани ч бай банкны шаардлагыг л хангаж байвал энэ зээлийг авах боломжтой гэж бодож байна. Банкныхан хэзээ ч Р.Бурмаа шиг үйлдэл гаргахгүй. 

- 2016, 2017 онуудад хэрэгцээнээс давсан импортын улаан буудай оруулж ирэх гэж байгаа талаар та бүхэн хэвлэлийн хурлаараа эсэргүүцсэн. Гэхдээ энэ нь 2015 оны гантай холбоотой гээд байгаа. 
- Хариулт нь ойлгомжтой. 2015 онд Р.Бурмаа сайд ургацын 30 хувь, харин тариаланчид 70-80 хувийг алдана гэж бүтэн жил маргасан. Олон мэргэжилтэн, олон жилийн туршлагатай хүмүүс ургацаа 70-80 хувийг нь алдах нь ээ гэсэн мэргэжлийн таамаглал гаргасан. Гэтэл  сайд 20, 30 хувь гэж зүтгэсээр байхад бид 80 хувиа алдчихлаа. Улс даяараа биднийг шүүмжлээд, чичлээд байсан. Гэтэл бидний үнэн болж таарахад яагаад Р.Бурмаа биднээс уучлалт гуйж, хариуцлагаа хүлээхгүй байна вэ. 

Засгийн газар нь яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Энэ хүний буруу мэдээллээс болж тариаланчдын 400 тэрбум төгрөг байхгүй болчихлоо. 

Бидний зээл хүсч байгаа шалтгаан ердөө энэ шүү дээ. Р.Бурмаагаас өмнө бид энэ асуудлаа Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд ойлгоод хүлээж аваад онцгой байдал зарлая гэсэн. Гэхдээ энэ шийдвэрээ гаргахдаа салбарын сайдаасаа асуусан. Гэтэл сайд нь биднийг худлаа ярьж байна аа гэсэн. Хэрэлдсээр байгаад бид 80 хувиа алдсан. Зуухан мянган тонн буудай авсан. Ингээд дутаж байгаа буудайгаа импортолж байгаа юм. Дээрээс нь гурил импортолчихсон. Үүнтэй зэрэгцээд гурилын үйлдвэрүүд нь давхар зогсолтонд орчихсон. 

Тариаланчид гурилын үйлдвэрүүдээсээ мөнгөө авч чадахгүй байна. Манай компани гэхэд өнөөдрийн байдлаар сүүлийн хоёр жилийн долоон тэрбум төгрөгөө аваагүй явж байх жишээтэй. Одоо гурав дахь жил рүүгээ орж байна. Гэтэл би сар болгон долоон тэрбум төгрөгийн зээлийн хүүнд 140 сая төгрөгийг төлөөд явж байна.

- Энэ салбарт заавал үнийн зохицуулалт хэрэгтэй байдаг уу. Зах зээлийн шударга өрсөлдөөн байж болохгүй юу?
- Зах зээлийг чөлөөл, биднийг зах зээл дээр хаячих. Унах нь унаад, босох нь босоод зах зээлийнхээ жамаар явъя гэхээр “Болохгүй ээ. Наадах чинь ард түмний амьдралтай холбоотой талхны асуудал” гээд үнийг нь барьчихдаг. Гэхдээ ард түмэнд өөрсдийгөө үнэ чөлөөлсөн гэж ойлгуулаад байдаг. Гэтэл гурилын үйлдвэрүүдэд гурилаа төдөн төгрөгнөөс дээш үнэтэй зарж болохгүй шүү гэсэн гэрээ хийчихдэг. Тэгэхээр яана гэсэн үг вэ. Гурилын үйлдвэрүүд биднээс авах үнэн дээрээ хязгаар хийчихнэ гэсэн үг.  

Төр ингэж тал бүрт тоглолт хийх биш ширээ тойрч суугаад асуудлаа шийдье гэж байгаа юм. Бид сүүлийн дөрвөн жил ийм л зүйл хүсч ирсэн. 

Бидний хүсээд байгаа зүйл дотоодынхоо хэрэгцээгээ хэлчих. Бид түүнийг чинь тарья. Холбооныхоо шугамаар бүх тариаланчтайгаа гэрээ хийгээд улсын өмнө хариуцлага хүлээгээд явъя гэж байгаа юм. Яагаад үүнийг ойлгохгүй байна вэ. Эрүүл саруул шаардлага тавьж байгаа шүү дээ. Дэлхий нийтийн жишгийг л хүсч байна. 

 

ОДОО ТАРИХ ГЭЖ БАЙГАА ҮРИЙН БУУДАЙ НЬ ҮР ХӨВРӨЛИЙН ӨВЧТЭЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРЧИХСАН

- Монгол Улсад орж ирж байгаа  үрийн буудай чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнийг тодруулахгүй юу?
- Орж ирж байгаа үрийн буудай нь чанарын шаардлага хангахгүй гээд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтаас дүгнэлт гаргачихсан. Салбарын сайд нь А90 гэж тушаалаараа Монгол Улсад орж ирж байгаа үрийн буудай нь ямар нэгэн хортон хольц байх ёсгүй гээд заачихсан. Гэтэл өнөөдөр ороод ирчихсэн үрийн буудайнд нь нөгөө бүх хортон хольцууд нь байгааг Мэргэжлийн Хяналтын газар тогтоочихсон. Гэтэл энэ үрээрээ биднийг одоо тарь гэж хэлэх гэж байна. Энэ бол үнэхээр аймшигтай. 

Бидний хувьд энэ салбарт олон жил ажиллачихсан учраас хаанаас үр авах уу, хэнд ямар үр байгааг арван хуруу шигээ мэддэг болчихсон. Яагаад гэхээр ОХУ-ын тариаланчдын 40 хувийг нь барьж байгаа ургамал хамгааллын бодисыг зардаг компанийн Монгол дахь дилер нь манайх юм. “Гацуурт” компанийн зөвлөх нь ОХУ-ын гавьяат агрономич хүн байдаг. Тэгэхээр үр хаана байгаа, хэнд ямар үр байгааг сайн мэдэж байгаа. 

Монголд нутагшсан үр оруулж ирэх шаардлагаа хүртэл Р.Бурмаа зөрччихсөн байгаа юм. Тэгээд дээрээс нь энэ авчирсан зүйл нь үр мөн л юм бол үрийн саванд орох ёстой. Таваарын буудай хадгалах саванд очиж буух хориотой. Гэтэл Сэлэнгэ, Зүүн хараа, Дарханд сав байгааг нэвт өнгөрөөд Хөтөл дээр очиж бууж байна. Хамгийн аюултай нь энэ буудай дотоодын буудайтай солигдоно. Солигдоод дараа нь бидний буюу дотоодынхны буудай ийм чанаргүй гэдэг зүйлийг гаргаж ирнэ. 

Мэргэжлийн Хяналтын байцаагчийн дүгнэлтэнд итгэх үү. Р.Бурмаагийн дүгнэлтэнд итгэх үү?

Яам сайт дээрээ маш чанартай үрийн буудай орж ирж байна гээд биччихсэн байна лээ. Мэргэжлийн Хяналтын байцаагчийн дүгнэлтэнд итгэх үү. Р.Бурмаагийн дүгнэлтэнд итгэх үү?

- Маш ээдрээтэй асуудлыг та дэлгэлээ шүү дээ. 
- Тийм ээ. ДОХ-той хүнээс ДОХ-той хүүхэд төрнө. Гэтэл одоо тарих гэж байгаа үрийн буудай нь үр хөврөлийн өвчтэй гээд гаргачихсан.  Энэ үрийг нь авч тариад ургац алдлаа гэхэд хэн хохирох вэ. Яагаад энэ хүн ийм олон хүний олон жилийн хөдөлмөрийг ингэж баллаж байгаа юм бэ. Ерөөсөө ойлгохгүй байна. 

Монголын тариаланчдын 70 хувь нь жижиг аж ахуйн нэгж. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралаар ингэж тоглодог. Энэ асуудлыг бид шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн газарт хандах гэж байна. Яагаад тариа мэдэхгүй хүн Монгол Улсын үрийн буудайг оруулж ирдэг юм бэ гэдэг асуудал. 

Энэ бол тоглоом биш. 

Хүмүүс намайг энэ асуудлыг ингээд хая гэж л зөвлөөд байгаа. Гэхдээ би ийм муухай зүйлүүд байгааг нь харчихаад дуугүй өнгөрч чадахгүй байгаа юм. 

- Монгол буудай цавуулаг багатай, чанаргүй байдаг гэдгийг та үгүйсгэж байгаа юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Оросоос чанаргүй буудай оруулж ирээд бид нарынхтай сольчихоод байгаагаа л хүмүүст тэгж тайлбарлаад байгаа юм. 

- 2016 оны тариалалт одоо юу болох вэ?
- Талбай дээрээ бид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд гардаг. Гэтэл өнөөдрийг хүртэл гараагүй байна. 

Бид хохирол амсах нь тодорхой болчихлоо. Манай компани гэхэд тодорхой хэмжээний үртэй. Үр ариутгадаг бодис маань Италиас ирж байгаа. Улсын зээл бүтчих юм шиг намраас хойш явсаар байгаад өнөөдрийг хүргэлээ. Гэтэл бид үүнийг нь хүлээсээр байгаад хугацаа тулаад сарын гурван хувийн хүүтэй зээл авсан. Би өөрөө банканд өртэй. Гэхдээ 20 тэрбум төгрөгийг би тариаланчдад тараачихсан. Би өөрөө л хөгжөөд байхдаа биш энэ хүмүүстэйгээ хамт явж байх ёстой шүү дээ.

-  Таныг өөрийн өндөр хүүтэй зээлээ улсын зээлээр дарах гэж байна гээд байгаа. Энэ үнэн болж таарч байна уу?
- Энэ миний л дотоод асуудал. Би тариагаа л тарьж байвал боллоо. Би компанийхаа мөнгөн урсгалыг яаж зохицуулах нь миний асуудал биз дээ. Би Р.Бурмааг хүлээж байсан бол сэлбэгээ аваагүй, ургамал хамгаалах бодисоо аваагүй, бордоогоо аваагүй сууж байх байж. 

Эсвэл маргааш мөнгөө аваад буудайгаа долоодугаар сард тарих юм уу.  “Төр бидэнд 100 тэрбумын зээл өгнө гээд хэлчихлээ. Та нар харж байгаа биз дээ” гээд л банкнаас түр хугацаатай зээл авч байгаа шүү дээ. Жил болгон дөрөвдүгээр сарын 15-н гэхэд бид тариалалтаа эхэлдэг.  Гэтэл өдийд бид эхлээгүй байж байна. Энэ нөхцөлд бид өндөр хүүтэй зээл аваад тарихаа л бодно биз дээ. 

Яагаад гэхээр тариаланчид 150 тэрбум төгрөгний уринш өнгөрсөн жил хийчихсэн байгаа шүү дээ. 

Тариаланчид улстөрчид шиг ийм хар муухай мэдээлэл хийж чадахгүй байгаа учраас өөрсдийгөө зөв ойлгуулж чадахгүй байх шиг байна. 

Тариаланчид улстөрчид шиг ийм хар муухай мэдээлэл хийж чадахгүй байгаа учраас өөрсдийгөө зөв ойлгуулж чадахгүй байх шиг байна. 

Тариаланчид гэхээр Чинбат, Цандэлэг гэж хоёр хүнийг л яриад байдаг. Гэтэл бид хурал хийхээр хоёр биш, 20 биш, 200 биш, 400, 500 хүн ирдэг биз дээ. Тариаланчид гэдэг хоёр хүний асуудал юм шиг ойлгуулаад яваад байдаг. Үгүй шүү дээ. 

Одоо бид баримтат кино, уран сайхны киноны зохиол шалгаруулах гэж байна. Яагаад гэхээр бид өөрсдийгөө ард түмэнд зөв ойлгуулж чадахгүй байна. Ажил хийхгүйгээр мөнгө нэхээд байдаг хүмүүс гэж л ойлгож байна шүү дээ. Одоо мэргэжлийн хүмүүс нь энэ газар тариалан гэдэг чинь ер нь Монгол Улсад хэрэгтэй юм уу, хэрэгтэй юм бол ямар бодлогоор ажиллах ёстой вэ гэдгээ тодорхой болгомоор байна. 

Бид өөрсдийн бодлогоор экспортод гаръя гэхээр үнийг нь дээрээс тогтоочихно. Ингээд бид өөрсдийн бодлогоор шударга өрсөлдөөнөөр бизнес хийх боломжгүй болдог. 

 

Би өөрийнхөө бүх амь амьдралаа энэ салбарт зориулж байна

 
`Гацуурт` компанийн Ерөнхий захирал Л.Чинбат

 

- Хүнд салбар учраас улс та бүхэнд урамшуулал өгдөг шүү дээ.
- Тариаланчид төрөөс нэг ч дэмжлэг, урамшуулал аваагүй. Хэрвээ авсан гэж хэлж байгаа бол тэр мөнгө чинь ард түмэнд л очсон гэдгийг би хэлье. Бид нарт огт нялзаагүй. 

Тариаланчид 50 жилийн өмнөх техник хэрэгсэлтэйгээ салгалаад л байж байгаа. 

Дэлхийн газар тариалангийн дундаж ашиг нь зургаан хувь. Хамгийн бага ашиг олдог салбар. Дээрээс нь Монгол Улс бүс нутагтаа газар тариалангийн хүнд бүсдээ ордог. Нэг га газраас авдаг ургац нь 1.3 тонн. Гэтэл хоёр хөршид хамгийн бага нь 2.5 тонн. Зарим нь 11 тонн ургац авч байгаа.

Дэлхийн зах зээлийн буудайны үнэ дотоодын хэрэгцээгээ хангачихаад илүү гарсан буудайгаа зарж байгаа дээрээ үнээ тогтоодог. Өнөөдрийг хүртэл Монголын аль ч шатны хүн үүнийг ойлгохгүй байна. Илүүдэлтэй зүйл чинь хямдхан байна биз дээ.  

- Бизнесээ ашигтай, тогтвортой явуулахын тулд та бүхэнд хамгийн түрүүнд одоо юу хэрэгтэй байна вэ?
- Бидний хувьд хамгийн чухал зүйл улстөрийн тогтвортой байдал. Гурван жил гурван сайд солигдчихоор юуных нь тэр бодлого байх вэ дээ. Миний буудай намар ямар үнэ хүрэхийг мэдэхгүй л бид ажиллаж байна. Яагаад үнээ зарлаж болохгүй байгааг тэднээс асуумаар байна. Хятад гэхэд доод үнээ зарлачихдаг. Ингэхээр нь тариаланчид ашигтай, ашиггүй ажиллахаа өөрсдөө зохицуулах боломжтой болчихдог. 

Энэ салбарыг мэдэхгүй хүн гарч ирвэл ийм хохиролтой юм байна гэдгийг л бид ойлголоо. 

- Гэхдээ мэдэхгүйгээсээ болж байна уу. Өөр ашиг сонирхол байна уу гэдэг сонин юм. 
- Өөр ашиг сонирхол ч бас байна. 

"Монголын буудай чанартай гэдгийг үнэхээр баталгаатай хэлж чадна" Л.ЧИНБАТ

- Монгол буудай бол чанартай. Харин энэ дунд өөр ашиг сонирхол ороод зорилготойгоор чанаргүй болгож харагдуулж байгаа гэж та хариуцлагатай мэдэгдлээ гэж ойлголоо. 
- Монголын буудай чанартай гэдгийг үнэхээр баталгаатай хэлж чадна. Яагаад гэхээр бусад улсын газрыг гэхэд хэдэн зуун жил ашиглачихсан. Харин Монгол Улсын газар тариалан 50, 60 жил ч хүрээгүй түүхтэй. Бид нар үүнийг зөв ашиглах хэрэгтэй. “Гацуурт” компани гэхэд энэ цавуулгын асуудлаас болж дэлхийн нэг номерийн лаборатори оруулаад ирчихсэн байгаа. 

Одоо малын үржлийн махны лаборатори орж ирж байна. Энэ бол нэг компанийн хувьд ахадсан ажил. Гэхдээ эхлэлийг нь тавихгүй л бол энэ ажил хэзээ ч хийгдэхгүй. Би өөрийнхөө бүх амь амьдралаа энэ салбарт зориулж байна. 

Бид зөвхөн мал аж ахуйн салбарт гэхэд 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байна. 200 гаруй км өндөр хүчдэл татсан. 350 худаг өрөмдсөн.150 км хашаа татсан.  Яах гэж. Бид анхны том зорилгын хүрээнд л энэ бүгдийг хийж байна. Үүнийг бид л хийж байж дараагийн хүн санаа авах загвар болно. 

Миний хэмжээнд энэ салбарыг харж учрыг нь олсон хүн Монголд одоохондоо байхгүй. 

Орон нутгийнхан хэлдэг. “Чинбаа чи яасан ядардаггүй юм бэ. Машинаасаа буухгүй л амьдраад байх шиг байна” гэдэг. Миний ядрах яах вэ. 

- Таныг УИХ-д нэр дэвшинэ гээд байсан. Үнэн үү?
- Худлаа, худлаа. 

 

Ярилцсан: Ч.Болортуяа  @Bolort

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.