Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Түрээсийн мөнгө, нөхөн төлбөр өгөхгүй байгаа компаниудаас гэрээгээ цуцална"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж буй компаниуд болон энэ төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөлтэй анх удаа теле уулзалт хийлээ. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж буй есөн байршлаас иргэд болон компаниудын төлөөлөл шууд холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Энэхүү теле уулзалтад Нийслэлийн Засаг даргаас гадна түүний Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар оролцож иргэдийн асуултад хариуллаа.

Гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг нийслэлийн найман дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрт нийт 1,500 га талбайд хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, Улаанбаатар хотын хүн амын есөн хувийг хамрагдаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд зарим нь байршилд дахин төлөвлөлтийн ажил удааширч, барилгын ажил гацсаныг хотын даргад уламжилж, компаниудын санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч байлаа. 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Зарим иргэн маань гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж буй компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, эхлүүлсэн ажлыг хурдан дуусгахыг хүсч, шаардаж байна. Би С.Очирбат орлогчтойгоо энэ талаар ярилцлаа. Нийслэлийн орон сууцны корпораци тооцоо хийсэн байгаа юм байна. Үүнийг НИТХ-д өргөн барина. 23 тэрбум төгрөг хотоос гаргая. Тэгсэн тохиолдолд арилжааны банкууд бол 70 тэрбум гаргах сонирхолтой байгаа.

Компаниуд түрээсийн мөнгө, нөхөн төлбөрөө өг, тэгэхгүй бол гэрээгээ цуцална. 

Ингэж эхлүүлсэн байгаа ажлыг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүддээ өгнө. Би аль аль талаас нэг зүйлийг шаардаж байна.  Компаниудад гэхэд санхүүгийн дэмжлэгийг авахыг хүсч байвал гэрээнд тусгасан иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Түрээсийн мөнгө, нөхөн төлбөр өгөөгүй бол тэрийгээ өг. Өгөхгүй бол бид гэрээгээ цуцална.

Дахин төлөвлөлтийн нэгж талбар дээр ажил хэрэгжүүлэх компанийг дахин шалгаруулна. Өмнөхөө бодвол компаниуд дахин төлөвлөлтийн ажилд орох сонирхолтой болсон. Энэ өрсөлдөөнийг ашиглаад бид гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа компаниудыг солих боломжтой болж байгаа” гэв.