Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Метан хийг ашиглах нарийвчилсан судалгаа хийнэ

Б.Тулгат, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 3
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Тавантолгойн ордод нүүрсний давхаргын метан хийг ашиглах техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх хамтарсан гэрээг Баасан гарагт “Эрдэнэс Метан” болон “Элгэн” компани, БНСУ-ын төрийн өмчит “Korea Gas” корпораци хооронд байгууллаа. 

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс Метан” компани энэ оны хоёрдугаар сард байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус компани нь эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар Тавантолгой болон бусад ордын нүүрсний давхаргын метаны нөөцийг тогтоох, олборлолтыг эхлүүлэхээр зорьж буй.

Метан хий нь нүүрснээс 2.5 дахин, шатахуунаас 1.2 дахин их дулаан гаргадаг байна. 

“Тавантолгойн ордын метаны бодит нөөцийг тогтоох нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан, эрсдэл өндөртэй төсөл” хэмээн “Эрдэнэс Метан” компанийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо тэмдэглэсэн юм.

“Korea Gas” корпораци нь Эрчим хүчний яаманд нүүрсний давхаргын метан ашиглах мастер төлөвлөгөө боловсруулах санал ирүүлсэн байна. Үүнийг яамны зүгээс судалж, дэмжсэний хүрээнд уг гэрээг байгуулж буй аж. Ингэснээр нүүрсний давхаргын метаныг ашиглах нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах хамтарсан судалгааг хийхээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани, “Korea Gas” корпораци, “Элгэн” компанийн хамтын ажиллагааны хүрээнд метан хий олборлох анхны туршилтын үйлдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ нь нүүрсний давхаргын метан хийнээс эрчим хүч, дулаан гаргаж авах шинэ боломжийг нээгээд буй.

Метан хий нь нүүрснээс 2.5 дахин, шатахуунаас 1.2 дахин их дулаан гаргадаг байна. Уг хий нь 98 хувийн шаталттай аж.

“Норвест” компанийн хийсэн судалгаагаар Тавантолгойн хийн нөөцийг 20 гаруй тэрбум шоо метр гэж тогтоосон. Энэ судалгаагаар Тавантолгойн хийн чанарын үзүүлэлт маш сайн гэж гарсан байна. Дээрх байгуулсан гэрээний хүрээнд нарийвчилсан судалгаагаар Тавантолгойн нүүрсний давхаргын метаны нөөцийг нарийвчлан тогтоох юм.

Газрын тосны тухай хуулийн дагуу нүүрсний давхаргын метантай холбоотой үйл ажиллагаа нь эрлийн гэрээ байгуулж судалгаа хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хайгуул, олборлолт явуулах гэсэн дарааллаар хэрэгждэг байна.

Үүний дагуу Австралийн “Голден Хорд” компани манай улсын Газрын тосны газартай Номгон-IX талбайд эрлийн гэрээ байгуулж, ажлаа эхлүүлжээ. Эрлийн ажил энэ сарын дундуур дуусах төлөвтэй байна.

 

Зураг