Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Кенид $300 саяын үнэтэй зааны соёог шатаалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт зүүн Африкийн Кени улсад хулгайн антай хийх тэмцлийн билэгдэл болгож 11 хэсэг овоолсон зааны соёог шатаах арга хэмжээ болжээ.

Тэдгээрийг бүрэн шатаахын тулд 10,000 литр дизель болон керосиний холимог шингэн ашигласан байна. Нийт 105 тонн зааны соёог шатаахад хэдэн өдрийн ажил болох аж.

Ингэж шатаадаг уламжлал 1989 онд ерөнхийлөгч асан Даниел Арап Моигийн үеэс эхлэлтэй бөгөөд тэгэхэд ерөнхийлөгч 13 тонн соёог өөрөө гардан шатааж байжээ.

Саяын шатаасан зааны соёо нь хар зах дээр $300 сая хүрэх ба дэлхийн зааны соёоны нөөцийн 5 хувь болж байгаа гэнэ.

Ингэх болсон зорилго нь хулгайн гаралтай зааны соёог эдийн засгийн эргэлтэнд орохоос сэргийлсэн үйлдэл гэж зохион байгуулагчид нь тайлбарлаж байна.

Гэвч шүүмжлэгчид энэ үйлдлийг үр дүн багатай гэж үзэж байгаа юм. Тэд олны нүдэн дээр ингэж шатааснаар гэмт үйлдлийг таслан зогсооход нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй гэжээ. 1989 оноос хойш дөрөв дэх удаагаа Кеничүүд ийм үйлдэл хийж байгаа юм.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Кенийн сүүлийн арга хэмжээг оруулахгүйгээр дэлхий даяар 160 тонн зааны соёог устгасан ч байдал дээрдсэнгүй, Африкийн заан мөхлийн ирмэгт улам ойртсоор байна.

 
 
 

 

Эх сурвалж: Quartz