Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрлэгчид импортын татвар нэмэгдүүлсэн ч үнээ өсгөхгүй гэв

Х.Жаргал
2016 оны 5 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газрын 2016 оны “Импортын зарим барааны гаа­лийн ал­бан тат­ва­рын хувь хэм­жээг тог­тоох ту­хай” 185 ду­гаар тог­тоол өчигд­рөөс эхлэн хэрэг­жиж эхэл­лээ. Тэг­вэл Аж үйлд­вэрийн яам үйлд­вэр­лэгч, мэр­гэж­лийн хол­боод­той энэ асууд­лаар санал солилц­лоо. 

Зөв­лө­гөөнд Аж үйлд­вэрийн яам­ны Төрийн нарийн бич­гийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов. Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. 

Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Засгийн газрын 185 дугаар тогтоолоор 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийхээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. 

Б.Гантулга: Импортын татвар нэмэгдүүллээ гээд бид үнээ хөдөлгөхгүй 

/“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга/ 

-Үйлдвэрлэл хөгжсөн 100 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэгдүүлсэн нь үйлдвэрлэгч бидэнд маш том дэмжлэг болж байна. Манай хөрш орнууд ч ялгаагүй энэ зарчмаар дотоодын зах зээлээ хамгаалдаг. Жишээ нь, ОХУ сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ импортод 38 хувийн татвар тавьсан байдаг. 

Харин урд хөршийн хувьд улирлаас шалтгаалаад 5-50 хүртэлх хувийн татвар төлдөг байх жишээтэй. Гэтэл Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүний импортлоход ердөө тавхан хувийн татвар төлж ирсэн. Засгийн газрын 185 дугаар тогтоол нь цаашид Монгол Улсад үндэсний үйлдвэр хөгжиж, тэлэхэд маш том дэмжлэг болоод зогсохгүй боломж олгож байгааг онцлох хэрэгтэй. 

Нөгөөтэйгүүр импортын тарифын зохицуулалттай холбоотой бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа. Тэгвэл үйлдвэрлэгчдийн хувьд үнэ нэмэгдүүлэх бодлого баримтлахгүй гэдгийг зориуд хэлмээр байна.

“Сүү” ХК-ийн хувьд гэхэд бид үнээ хөдөлгөх ямар ч бодолгүй байна. Харин ч бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, хэрэглэгчдийг хямд бөгөөд чанартай, шинэлэг бүтээгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж байгаа. 

Т.Баярсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрхзүйн орчин гэж харж байна 

/ “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал/

-Аливаа улс оронд дотоодын зах зээлээ хамгаалсан хуультай байдаг. Эдгээр хамгаалалтын нэг нь гаалийн импортын татварын зохицуулалт юм. Арьс, ширний салбараас Засгийн газрын 185 дугаар тогтоолд ажлын гутал хамрагдсан.

Тодруулбал, ажлын гуталны импортын татварыг 20 хувиар нэмэгдүүлсэн байгаа. 

Нэгэнт импортын татварын зохицуулалт хийж байгаа бол Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд хэрэгжилтийг нь хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ тогтоолыг дагалдаж хэрэгжүүлэх механизмыг нь бүрдүүлэх цаашилбал журмууд гарах ёстой гэж харж байна. 

Засгийн газрын энэ тогтоол бол үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрхзүйн орчин гэж харах хэрэгтэй.

ОХУ гэхэд импортын татвар Монголоос орж байгаа гутал дээр 5-33 хувийн татвар тавьж байгаа. Тэгэхээр 20 хувийн зохицуулалт бол тийм өндөр хувь биш. Хамгийн гол нь 20 хувиа авах механизмыг буй болгох хэрэгтэй. 

О.Лхагвадорж: Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой 

/ “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал/

-Барилгын голлох 45 нэр, төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 30 хувийг нь импортоор авч байна. Аж үйлдвэрийн яамны зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалсан шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Засгийн газрын 332 дугаар тогтоолд цемент багтсан. 

Цементийн импортын татвар таван хувь байсныг нь 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Цементийн асар том хүчин чадалтай дөрвөн үйлдвэр байна. Бид жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол одоо дөрвөн сая тонн хүртэлх цемент үйлдвэрлэхэд бэлэн болсон. Тиймээс дотоодын зах зээлийг зайлшгүй хамгаалах ёстой.

Энэ удаагийн 185 дугаар тогтоолд 20-иод нэр төрлийн барилгын материал багтсан. Цаашид эдгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь чухал. 

Цементийн импортын татвар таван хувь байсныг нь 20 хувь болгож нэмэгдүүлсэн. 

Судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах бараа, бүтээгдэхүүнийг л тогтоолд хамруулж байгаа шүү дээ.

Гэтэл зарим хүмүүс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байж импортын татварыг нэмэгдүүллээ гэж шүүмжилж байна. Тэгвэл 185 дугаар тогтоолд багтсан 20-иод нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний тухайд үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг бүрэн хангах чадамжтай төдийгүй үнээ өсгөхгүй гэдгийг хэлмээр байна. Чанараараа бид гадаадын зах зээлд өрсөлдөж чадна. 

Н.Төмөрчулуун: “Эх оронч” тогтоол болсон 

/“Сав баглаа, боодлын үндэсний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн/

-Энэ тогтоол цагаа олсон, маш зөв зүйтэй алхам боллоо. Шуудхан хэлэхэд “эх оронч” тогтоол болжээ. Импортын татварыг нэмэгдүүлэх талаар бид өчнөөн жил яриад биелүүлж чадаагүй байсан. Харин бидний хүслийг Аж үйлдвэрийн яам бие­лүүл­лээ. Үйлд­вэр­лэг­чид үнээ нэмж болох­гүй. 

Энэ бол төр нь  үйлд­вэр­лэгч­дэ­дээ итгэс­нийх. Тэг­вэл бид өр­сөл­дөх ямар ч боломж­гүй. Харин чана­раа­раа өр­сөл­дөх ёстой. Сав, баглаа боодлын хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангах боломжтой. Жижиг, нарийн хэвлэх, хаяг, шошго  100 хувь хангана. Уут гэхэд дотоодын хэрэгцээний 80-100 хувь хангах боломж бидэнд байна. Сав, баглаа боодлын үйлдвэрлэгчид Европ технологиор үйлдвэрлэж байна шүү дээ. 

Бид чанарын хувьд 100 хувь баталгаа өгч чадна. Бүтээгдэхүүнийхээ дээжийг бид тухай бүрт нь олон улсын чанарын итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлдэг. Иргэд л өөрсдөө ойлголтоо засах хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэсэн юм чинь ямар олиг байх вэ” гэдэг ойлголтоосоо салж, “Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж авах” хандлага руу шилжих цаг нь иржээ.

Засгийн газрын энэ тогтоол өрсөлдөх чадварыг шууд нэмж байна. Бид өмнө нь хэчнээн үйлдвэрлээд гад­ны хямд үнэтэй бараа­тай шудар­гаар өр­сөл­дөж чад­даг­гүй бай­сан. Харин энэ удаад төр бид­нийг “ташуурд­лаа”. Гэх­дээ өвт­гөх гэж биш хөдөлгөх гэж “ташуурд­лаа”. 

Л.Дагвадорж: Нэгдсэн бодлогоор хөгжих боломжийг бүрдүүлж байна 

/“Даблвүүд” ХХК-ий Ерөнхий захирал/

-Монголын үндэсний үйлд­вэр­лэгч компаниудад томоохон дэмжлэг болж байна. Нэгдүгээрт, энэ тогтоол гарсантай холбогдуулж үйлдвэрлэгчид үнээ өсгөхгүй байх ёстой. Хоёрдугаарт, чанар, стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, үйлдвэрлэгчдэд нэг бодлогоор хөгжих боломжийг олгож байна. Тиймээс ч бид цагаа олсон бодлого болсон гэж үзэж байна.

Дотоодын зах зээлээ хамгаалаад зогсохгүй ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Одоогоор 300 орчим аж ахуй нэгж модон, хаалга тавилга үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Дээрх үйлдвэрүүд зах зээлийн эрэлтийн 50 хувийг үйлдвэрлэж байгаа судалгаа бий. 

Тэгвэл үлдсэн 50 хувийг бид энэ бодлогын хүрээнд хангах боломжтой болж байна.

Хүмүүс “Та нар хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу” гэж асуудаг. Тэгвэл өнөөдөр модон эдлэл, хаалга, тавилгыг бид Итали, Герман технологиор үйлдвэрлэж байна. Тиймээс чанарын хувьд эргэлзэх шаардлагагүй. 

Ц.Алтанцацралт: Зөвхөн ногоочдыг дэмжээд зогсохгүй хүн амыг баталгаатай төмс, хүнсний ногоогоор хангах эхний алхам 

/ “Монголын ногоочдын холбоо”-ны тэргүүн/

-Газар, тариалан, жимс, хүнсний ногооны салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Харамсалтай нь импортын жимс, хүнсний ногоо зах зээлд давамгайлсан хэвээр байна. Өмнө нь тавхан хувийн татвартай байсан нь үндсэндээ хятад хүнсний ногоог дэмжиж буй хэлбэр юм шүү дээ. 

Харин Аж үйлдвэрийн яам төмс, шар лууван, шар манжин, бөөрөнхий байцаа, сонгино болон сонгины төрлийн бусад ногооны татварыг 20 хувиар нэмэгдүүлсэн нь зөвхөн ногоочдыг дэмжээд зогсохгүй хүн амын аюулгүй байдалд анхаарч буй алхам юм. Цаашид дөрвөн улирлын туршид хүлэмжийн аргаар тариалалт эрхэлж, дотоодын хэрэгцээг эрүүл, баталгаатай жимс, хүнсний ногоогоор хангадаг болоход төр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй.

Зураг